Ц.Элбэгдоржийн “цод” буюу тэр Х.Баттулгатай ямар тохироонд хүрсэн бэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 01 сар 05

Ард түмэн COVID19, улстөрчид Ерөнхийлөгчийн сонгууль гээд бужигнаж байна. МАН-ынхан У.Хүрэлсүхийнхээ амыг харж байгаа бол АН-ынхан хэнийгээ ч харахаа мэдэхгүй болжээ.

2000 онд нэгдэж АН-ыг байгуулсан таван нам өнөөг хүртэл хувьсахдаа дахиад өч төчнөөн “төллөж”, олон фракц үүсгэжээ. Нэг нь сэхэж, нөгөө нь мөхөж явсаар АН-ыг нийлж бүрдүүлж ирсэн. 

Ер нь бол яг өнөөдрийн хувьд АН хаана байна вэ? Ингэж гишүүд нь хүртэл асуугаад эхэллээ. 2016 оны их ялагдлын дараа шинэ дүрэмтэй болж, түүнийхээ дараа таван нэр дэвшигчээс С.Эрдэнэ АН-ын дарга болж байлаа. 2020 оны сонгуульд АН дахиад ялагдсан. Маргааш нь С.Эрдэнэ тамгаа дэд дарга Ц.Туваандаа өгөөд явсан. 

2020 оны төгсгөлөөр МоАХ зүгээс АН-ын X Их хурлыг цахимаар зохион байгуулж, намын дүрэмд өөрчлөлт оруулснаар энэ намын эрт эдүгээгийнхэн сэргэж ирэв. Одоо тамганы хэрүүлтэй байна.

АН-д одоо Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гэсэн лидерүүдтэй хэсгүүд хүчтэй ажиллаж байна. Хэн дийлсэн нь намаа авна, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг гаргаж ирнэ. 

Цаагуураа бол өнөөдөр хүчтэй байгаа, Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг нөгөөдүүл нь нэг тал болж зогсчихоод байгаа гэх юм билээ. Энэ нь ч зарим үйл явдлуудаар нотлогдоод байгаа юм.

Гэхдээ эдэн дотроосоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түрүүлж “нүүдэл” хийлээ. Он гарангуут Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Торт, шампаанскны ярианаас салж чадаагүй байсан үе болоод ч тэр үү Ц.Оюунгэрэлийн мэдэгдэл талын түймэр шиг хүчтэй түгээгдэв. Үнэндээ бол байнадаа тусчээ. Ингэх л гэж цаг үеийг тааруулж мэдээлсэн биз ээ.

Тодруулбал, АН-ын дүрэмд одоогийн Ерөнхийлөгч өөрөө хүсвэл өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэсэн агуулгатай заалт хүртэл орж, Ерөнхийлөгч Х.Баттулгын эмзэг цэгийг ил гаргаж ирсэн юм. Үүн дээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тоглолт хийж “хүү” түлхэж, “цод” гэв.

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ “нэр дэвшилт” таалагдаагүй ажээ. Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ердөө уржигдар, өчигдөр яриа хөөрөө болж, ямар нэг тохироонд хүрсэн байна. Хараад байгаарай, Ц.Оюунгэрэл одоо аажмаар нэрээ “нэрээ татна”, аажмаар шүү.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгаас яг юу хүссэн бэ гэдэг тодорхойгүй байгаа юм. Олонд ил байгаагаар бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх хэрэг бий. Хувирч, хөвөрсөөр одоо юу болж дууссан, хуулийн аль шатанд байгаа вэ гэдэг тодорхойгүй болсон. Энэ хэрэг үгүй болох уу. Эсвэл  Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахиад дэмжих тохироотой АН дахь нөлөөгөө эргүүлж авах уу. Магадгүй, энэ хоёр нь тохирооны хоёр тал байж мэдэх юм.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх