Олны салхи дагасан ойворгон төр

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 03 сар 03

П.ДАВААЖАРГАЛ

Монголчууд хүнд хэцүү цагт “Төрийн минь сүлд өршөө”, “Төр түмэн нүдтэй дээ” хэмээн сүсэлдэг. Энэ бол төрөө дээдлэх эгэл ардын сэтгэл төдийгүй өмөг түшигт нь найдаж, алсын хараатай бодлого баримталж, мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэж буйн илрэл юм.

Ерөөс ард түмнийг зөв чигт залах, эрсдлийг урьдчилан тооцоолж, оновчтой шийдвэр гаргах нь төр засаг, эрх баригчдын нэн чухал үүрэг. Нийгэмд ямар нэг асуудал үүсэхэд хэрхэн гарз хохирол багатай даван туулах тооцоо судалгаа хийж, зохих арга хэмжээ авч, үр дүнтэй хэрэгжүүлэх нь төрийн бодлого юм. Өөрөөр хэлбэл, төр нь нийгмээ түүчээлэн залж явах учиртай. Гэтэл Монголын төр нийгмийн сүлжээн дэх үнэн худал, хөөсөрсөн, хөлдсөн мэдээлэл, цахим давлагаанд тулгуурлан ажиллах болсоор удав. Цахим орчинд хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, богино хугацаанд мэдээлэл солилцдогоороо давуу талтай. Гэхдээ ард түмний оновчтой төлөөлөл, бүх нийтийн эрх ашгийн илэрхийлэл биш. Угтаа бол төрийн ажил тооцоо судалгаа, харьцуулсан үзүүлэлт, баримт нотолгоонд тулгуурлах ёстой.

Мөн зорилго зорилт, хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн нь тодорхой байх хэрэгтэй. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 3.1.1-т “Төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг хэлнэ” хэмээн заасан байдаг. Эдгээр өгүүлбэрийн цом санаа нь боловсруулалт хэмээх үгэнд бий. Боловсруулна гэдэг бол хэд дахин нягтлан, олон өнцгөөс харах, эрсдлийг тооцоолсны эцэст хамгийн оновчтой шийдлийг нь сонгох үйл явц юм. Зүйрлэвээс долоо хэмжиж, нэг огтлохтой агаар нэгэн. Харин манайхны хэмжилт, огтлолын зөрүү хэрээс хэтрэв.

Төр алсын хараатай, далайцтай бодлого боловсруулж, түүнээ үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Эс бөгөөс өндөрт залагдаж, хэдэн мянган албат, дарга цэрэг эгнүүлэн сүрийг үзүүлэх хэрэг юун. Гэтэл өдгөө төр засгийн засгийн шийдвэр туялзуур жад шиг холбиромтгой , нугарамтай байгаа нь нууц биш. Үүнийг амтай болгон хашхирч, гартай бүхэн чичилж гэрчлэх биз. Ялангуяа, цар тахлын үед гаргасан олон арван шийдвэрээс үүнийг харж болно. 

“Ковид-19” вирусийн халдвар дотоодод илэрснээс хойш иргэд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад холбогдох байгууллагын мэдээ, мэдээллийг хэзээ хэзээнээс илүү чих тавин сонсдог болсон. Учир нь, бидний ажил төрөл , үйл хөдлөл дээрх байгууллагуудын шийдвэрээс ихээхэн хамааралтай болоод буй. Гэтэл зэрэг дэвээрээ эгнэн сууж, бүх нийтэд албажуулан зарласан шийдвэрээ цаг нь тулахаар өөрчилчихдөг гэмтэй. Тэгээд эргэж, буцсан олон шийдвэрийн дунд иргэд ийш тийш таваргасаар цуцна. Харин албаныхан “Буруу ташаа мэдээлэл”, “Анхнаасаа ийм байсан”, “Ингэхээс өөр аргагүй боллоо” гэх жижүүрийн хэдэн үгээр аргацаасан тайлбар хийнэ. Зарим тохиолдолд эзэн биегүй болж хувирах нь ч бий. Нэг нь PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй гэхээр нөгөө нь хөл хорио дуустал гэж гүрийнэ.

Эсвэл QR код бүхий зөвшөөрөлгүй машингүй бол замын хөдөлгөөнд оролцоно, оролцохгүй гэх мэтээр ядарсан иргэдээ тал тал тийш “гулдачна”. Цаашлаад орон нутгийн замын хөдөлгөөнийг нээх, хаах, шинжилгээний цаг цахимаар авах, эсэх, зарим аж ахуйн нэгж, айл өрхийн ус, тог цахилгааны төлбөрийг тэглэх, ХӨСҮТ-ийн захирлыг ажлаас нь чөлөөлөх гэх мэт хэл ам таталсан асуудалд төр цахим орчин дахь шуугианыг тандаж, шийдвэртээ тусгасан нь нууц биш. Энэ бол бидний жил тойрон харж, гайхшаа барж, балгийг нь амсаж буй дүр зураг. Цэх шулуун, цараа талбиун байх учиртай төрийн шийдвэр ийн эг маг хийж, гарсан даруйдаа хэд хувирч буйн гол шалтгаан нь тооцоо судалгаа, төлөвлөлт дутуугийнх. Бодит нөхцөл байдлаа судлаагүй учраас амьдралаас алсарсан өнөөх ганган шийдвэр нь хөрсөнд буумагцаа “хагарчихаж” байгаа нь тэр. Үүний хамгийн сүүлийн жишээ бол залуусын фитнессийн төлбөрийг төрөөс даах тухай асуудал. Ердөө хоёр өдрийн өмнө “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд залуусын фитнессээр хичээллэх хоёр сарын төлбөрийг төр хариуцах бөгөөд уг арга хэмжээг МҮОХтой хамтран хэрэгжүүлэхээр зэхэж буй тухай мэдээлэл цахим орчинд түгсэн. Улмаар олны зүгээс шүүмжлэлд өртсөн. Улс орны эдийн засаг хүнд, халдварын эрсдэл өндөр энэ үед болчимгүй алхам хийх нь гэж эмээх нь иргэдийн зөв. Тэгээд ч манай улсын ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл чөлөөт цагаа өөртөө зарцуулахад тийм ч ээлтэй бус. Нөгөөтэйгүүр, өөрийн эрүүл мэнддээ анхаарах, цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулах нь хувь хүний үүрэг. Тиймээс төсөв мөнгөө багтааж ядаж буй аятай төр үүнд оролцох нь учир дутагдалтай. 

Сав л хийвэл мөнгө тараадаг халамжийн бодлогыг халах хэрэгтэйг эрдэмтэн, судлаачид сануулсаар буй. Харин ЕБС-ийн биеийн тамирын хичээлийн чанар агуулга, спорт заалны хүрэлцээ, тоног төхөөрөмжид анхаарвал жинхэнэ утгаараа эрүүл, чийрэг иргэдтэй улс болоход дөхөм. Гэтэл өчигдөр Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг дээрх мэдээллийг үгүйсгэж “Уг мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа. Залууст богино хугацаанд мэргэшил олгоод, цалинжуулах бодлого юм. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг хоёр сарын хугацаатай багц сургалтад хамруулан, мэргэшил олгож, ажлын байранд бэлдээд нэг сая төгрөгийн урамшуулал олгоно" гэв. Үүнтэй зэрэгцэн Олимпын хороо цахим хуудсаараа дамжуулан залруулга хийсэн. Гэвч уг тайлбарыг иргэдийн эсэргүүцэлтэй тулгармагц шийдвэрээ өөрчиллөө гэж хардах хүн олон байгаа юм. Учир нь, “10 их наядын цогц төлөвлөгөө”-нд залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбумыг зарцуулна хэмээн тусгасан. Эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх гэж санамсаргүй бичээгүй байлтай.

Тэгэхээр биеийн тамир, спортоор хичээллэхийг дэмжиж, фитнессийн төлбөрийг даах зохицуулалт хийх гэж байсан байх магадлал өндөр. Ямартай ч тэд үгүйсгэв. Одоо хэрхэн чийрэгжүүлэхийг нь харах үлдлээ. Энэ бүхнээс харвал Монголын төр цахим орчин дахь мэдээлэлд тун мэдрэг хандаж, шуурхай хариу арга хэмжээ авч байна. Гэхдээ Баянхошууны баруун дэнжид амьдардаг Балдан гуай зохих журмын дагуу, албан бичгээр санал хүсэлтээ хүргүүлсэн бол энэ мэтчилэн хурдацтай шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй. Магад үхэр тэргээр туулай гүйцэхгүйн үлгэр болох биз. Бодлого боловсруулагчид олны салхи даган хуйлрах тусам иргэдийн итгэл алдрах нь тодорхой. Тэр хэрээр төрийн албаны ажиллах, мэдээлэл дамжуулах журам алдагдаж, мэдэгдэл хийхээс нь өмнө нийгмийн сүлжээнд дэлгэгдэж, гаргасан шийдвэр нь тэр даруйдаа “холбирч” байна. Төрийн үйлчилгээг цахимжуулна гэдэг нь нийгмийн сүлжээнд “дөрлүүлнэ” гэсэн үг биш. Иргэдийн санал, шүүмжийг сонсох нь зөв ч төр үнэхээр хэдэнтээ нягталж боловсруулан, “элдүүр нь ханасан” шийдвэр гаргасан бол зөв зүгт зүтгүүлэх эрхтэй.

Харамсалтай нь тэгж чаддаггүй. Хэд гурван жиргээ, цахим орчин дахь тав арван шүүмжлэлд халирчихдаг дутагдалтай. Тооцоо судалгаанд бус, цахим орчин дахь магтаал, шүүмжид тулгуурлан ажлаа хийлээ гэж өөнтөглөхийн учир энэ. Ямар ч бодлого төлөвлөлт, тооцоо судалгаагүй шийдвэрүүд хөвөрсөөр. Үүний цаана олноос оноо цуглуулж, хаяанд ирсэн сонгуульд тод манлай болж, торгон жолоо өргүүлэх гэсэн явцуу эрх ашиг цухалзаж буй. Хаврын тэнгэр шиг араншинтай төрийн шийдвэрийн гороор “харц” бид л зүдрэх

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх