Хориод хожих уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 03 сар 30 ・ 3

Коронавирусийн халдвар газар авах хандлага сүүлийн үед ажиглагдаж байна. “Ковид-19” өвчин туссан 575 хүн өчигдөр шинжилгээгээр илрэв. Цар тахлын халдварыг дотооддоо алдсанаас хойш нэг өдөрт хамгийн олон хүн өвчилсөн үзүүлэлт энэ. Ингээд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 7000 давлаа.

Халдвар авагчдын тоо огцом өссөн нь иргэдэд илүү болгоомжтой ажиллаж, амьдрахыг сануулж байна. Засгийн Газар халдвар авагчдын тоо цаашид тасралтгүй өссөөр байвал дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдсэн. Хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг дэмжиж буй иргэн олон бий. Гэвч өмнө нь хэдэнтээ хөл хорио тогтоогоод тодорхой үр дүнд хүрээгүй.

Дахин хатуу хөл хорио тогтоогоод дорвитой үр дүнд хүрэх, эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс яаран шийдвэр гаргалгүй, ул суурьтай хандах хэрэгтэй. Хатуу хөл хорио тогтоолоо гэхэд үр дүн гарахгүй бол яах вэ. Идэвх нь суларч, хямарсан эдийн засгаа улам агшааж дарамт болно.

Хатуу хөл хорио тогтоох хялбархан. Харин эдийн засгаа сэргээх, орлогогүй болсон иргэдийнхээ амьжиргааг залгуулах хэцүү. Засгийн газар халдвар авагчдын тоог бууруулахын тулд хатуу хөл хорио тогтоох уу, эдийн засгаа бодох уу гэдэг сонголтын өмнө ирээд буй. “Ковид-19" өвчний талаар дэлгэрэнгүй мэдлэг, мэдээлэлтэй болсон иргэд хөл хорио тогтоох үр дүн муутай байгааг нэгэнт ойлгожээ. Тиймээс тэд эдийн засгаа бодох сонголт хийсэн нь дээр гэсэн байр суурьтай байна. Монголын томоохон бизнесмэнүүд ч ийм байр суурьтай байгаа.

МСS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан тэргүүтэй толгой бизнесмэнүүд олон нийтийн сүлжээгээр тус тусын байр сууриа илэрхийллээ. Монгол Улс жилийн дөрвөн улиралтай. Бизнесийнхэн дулааны улиралд бүтээн байгуулалтын ажлаа амжуулдаг. Тодруулбал, дөрөвдүгээр сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлдэг юм. Үүнийг нь дагаад эдийн засаг ч сэргэдэг жамтай.

Хэрэв бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх үед нь хатуу хөл хорио тогтоочихвол төлөвлөгөө нь тасарна. Ажлынх нь идэвх суларна. Бүтээн байгуулалтын ард ажлын байрууд бий болж, айл өрхийн орлого, амьжиргааг дэмждэг билээ. Тиймээс бизнесмэнүүд хатуу хөл хорио тогтоохгүйгээр бизнесийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг санал болгож буй. Мэдээж тэд ажилчдадаа халдвар, хамгааллын дэглэм сайтар баримтлуулахаа амласан.

Гадаадын цөөнгүй оронд амны хаалтаа тогтмол, бас зөв зүүгээд, хувийн ариун цэврээ сайтар сахин, хүн хоорондын зайгаа барьж, агаараа байн байн сэлгэх зэрэг тодорхой хэдэн зөвлөмжийг баримтлаад ажиллаж, амьдарч чадвал заавал хатуу хөл хорио тогтоох шаардлагагүй гэж эрүүл мэндийн салбарынхан нь үздэг. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд нь халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлуулаад, ариутгал халдваргүйжүүлэлтийг байнга хийж, ажилчид нь, иргэд нь дор бүрнээ хичээгээд нөхцөл байдалтай зохицон ажиллаж, амьдарвал ямар вэ. Төрийн байгууллага, компаниуд заавал ажлын байранд ирэх шаардлагагүй ажилтнуудаа зайнаас ажиллуулах арга хэмжээ авч, хотын хөл хөдөлгөөн, хүмүүс нэг дор олноор цугларах нөхцөлийг хязгаарлах нь зүйтэй. “Тэг” зогсолт хийн эдийн засгаа царцаах шаардлагагүйгээр “Ковид-19”-тэй тэмцэх бусад аргыг сонгоё. Вакцинжуулалтыг эхлүүлсэн нь аюулт өвчнийг тусахгүй өнгөрч, удахгүй сайхан цаг ирнэ гэсэн ард иргэдийн итгэлийг сэргээсэн. Итгэл найдвар тээсэн тэд хатуу хөл хорио тогтоохын оронд вакцинжуулах хурдаа нэмэх хэрэгтэй гэсэн санал гаргав. Богино хугацаанд олон иргэнээ вакцинжуулж чадвал аюул алхам алхмаар холдох нь ойлгомжтой. Засгийн газар иргэдийн болон бизнес эрхлэгчдийн саналыг үйл ажиллагаандаа тусгаж, хатуу хөл хорио тогтооход биш, вакцинжуулалтаа яаравчлахад анхаарвал зөв үйлдэл болох нь.

“Ковид-19”-тэй холбоотой өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүдийг харахад бид судалгаа тооцоо, ул суурьтай бус, нийгмийн сэтгэл зүйг дагаж байсан нь тодорхой болсон. Дотоодод халдвар бүртгэгдээгүй байхад, эсвэл өвчний нөхцөл байдал хөнгөн байх үед яарч сандран хорио цээрийн дэглэмийн хэтэрхий хатуу шийдвэрүүд гарган, эдийн засгаа борцолж байжээ.

Эдийн засгаа эрт борцлоогүй бол байдал арай дөнгүүр байх нь дамжиггүй. Харин сүүлийн үеийн зарим тоон үзүүлэлтийг харахад эдийн засаг өндийх эерэг хандлага ажиглагдаж буй нь эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах гэсэн энэ Засгийн газрын бодлого буруу байгаагүйг илтгэх мэт. Иймд одоо айж болгоомжилсон, нэмж дэгсдүүлсэн олон нийтийн сэтгэл зүйг дагах биш, эдийн засаг, иргэдийн амьжиргаа, амьдралд тустай байх суурь нөхцөлийг л дагасан шийдвэр гаргах ёстой.

 

Г.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: