Гурван дарга маань гурван ч станц чирээд ирлээ. Аль нь эхэлж ашиглалтад орох юм бол

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 03 сар 18

Монгол Улс стратегийн хоёр гол бүтээгдэхүүнээр гадны улсаас хараат байдгийн нэг нь эрчим хүч. Улсын хэмжээнд жилдээ 8.8 тэрбум кВт цахилгаан эрчим хүч хэрэглэдгээс 20 хувь буюу 1.8 тэрбум кВт-ыг хойд хөршөөс татдаг. Нэг кВт цахилгааныг 9.3 центээр худалдаж авдаг гэхээр жилд ямар их хэмжээний зардал эрчим хүчинд урсдаг нь харагдана. Эрчим хүчний дараагийн импортлогч улс бол БНХАУ. Тус улсаас “Оюу толгой” ХХК жил бүр 1.4 тэрбум кВт эрчим хүч авч, 135.6 сая ам.долларыг төлдөг. Өнөөдөр ч төлсөөр буй юм.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх тухай сүүлийн 30 гаруй жил яригдсан. Тавдугаар цахилгаан станц цаасан дээрээ 30 нас хүрчихлээ. Нэг ёсондоо бид цахилгаан эрчим хүчний мөнхийн гачланд байдаг улс орон болоод байна. Өнгөрсөн өвөл үүний горыг нэлээд сайн амсаадахлаа. Хойд хөршид дайн дажин дэгдэж, эрчим хүчний том станцууд нь эвдэрсний улмаас импорт гацаж, Улаанбаатар хотын дүүргүүдэд ээлж дараалан хязгаарлалт хийсээр өвлийг давлаа.

Сонгууль дөхөөд ч тэр үү, манай гурван том дарга цахилгаан эрчим хүчний гурван том төсөл босгож ирээд байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын Ерөнхийлөгчийг эх орондоо урьж, хоёр улс ураны төсөл дээр хамтрах ажлыг эхлүүлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн төрөлх нутагт Байдрагийн гол дээр Унгар улстай хамтран усан цахилгаан станц барих төсөл ярьж эхэллээ. Бүүр эхлэхдээ хайчилдаг туузыг нь сая Будапештэд хайчилчихаа алдаад ирлээ.

Ерөнхий сайд, Засгийн газрын хувьд ОХУ-тай хамтран атомын цахилгаан станц барих тухай асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын уулзалтаар ОХУ-ын талаас энэ талаар санал тавьсан гэгдэж буй.

Шинэ зуунд, идэр есийн хүйтэнд тог цахилгаанаа хязгаарлуулсан нийслэлчүүд, нийт монголчуудын хувьд энэ бол нэлээд сонирхол татах сэдэв. Одоо ерөөсөө аль төсөл нь эхэлж ашиглалтад орохыг хараад хэвтэх л үлдэх болчихоод байна. Олдохлоороо өлдөнө гэж өвөг дээдэс ярьдаг байв даа. Нэг дор яасан ч олон төсөл эхлүүлчих болов гэж гайхмаар. Энэ бүхэн үнэн үү худал уу, сонгуулийн солиорол уу гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна. Монголд цахилгаан станц барих төслийг жагсаавал боть болох хэмжээний түүх бий. Ус, нар, салхи гээд төрөлжөөд хүртэл явчихна. Гэхдээ аль нь ч яваагүй, цаасан дээр л үлддэг. Харин хамгийн гайгүй явсан, бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний их зүтгүүлсэн нэг төсөл бий. Хамгийн нааштай, ажил хэрэг болохоор төсөл нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байх ёстой. Ерөнхий сайдаас эхлээд төрийн өндөрлөгүүд саяхныг хүртэл энэ төслийг онцолж, ажил хэрэг болгохоор мэдэгдэж байв. Чухам өнөөдөр энэ том төсөл юу болсон болоод төрийн өндөрлөгүүд тойрч гүйгээд хаа холын Унгар, Франц, ОХУ-тай хамтрах шинэ төсөл яриад явчихав. Үүнээс гадна олон жилийн түүхтэй Эгийн голын усан цахилгаан станц ч бий. Нар салхины өчнөөн төсөл хөтөлбөр ч байгаа. Эдгээр төслүүд өнөөдөр ямар шатанд явж байгаа нь, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байсаар ирлээ.

Ингээд харвал шинэ төслүүд ажил хэрэг болно гэхэд үнэмшилгүй сонсогдож байна. Түүний оронд Эрдэнэбүрэнгээ баталгаатай ажиллуулна аа гэсэн бол өөр сонсогдох байлаа. Нөгөө нүүрсээ 50 км зөөгөөд хилээр гаргачих байсныг 5000 км тойруулж Владивостокоор гаргана гэдэг шиг болоод явчихав уу. Үнэндээ Европын холбооны

улсууд дундаа хамгийн ад шоо, хэрүүл маргаан тарьдаг Унгар улс манайд цахилгаан станц барьж өгч чадах уу. Тийм зээл өгчих эдийн засагтай, бас өөрсдөө бариад өгчих технологитой л юм байх даа. Европын холбоо нь бол мөнгө өгөхгүй өгнө гээд л сүйд болоод байгаа харагддаг. Сая Шведийг НАТО-д элсэхэд нь тавьсан хоригоороо наймаалцаж хэдэн евро олж байгаа л харагдаж байсан. Харилцааны хувьд бол Хүннү гүрнээс эхтэй гээд хоёр тал сүйд болдог л доо.

Эрчим хүчээ худалдаж хэдэн доллар олж байгаа ОХУ өөрсдөө гүйж ирээд цахилгаан станц бариад өгчихөөр бизнест нь зүгээр үү. Ядаж л дайн дажинтай, ядарч зүдэрч байгаа улс орон ийм төслийг хэрэгжүүлэх чадвар чансаа, зав зай энэ цаг үед байх уу. Орос хүмүүс болохоороо л өөрсдийн бизнесээ хохироон байж цахилгаан станц барьж өгдөг юм байлгүй дээ. Тэрнээс энгийн дээрээс нь тэнэг бид бол хэдэн цаасаа олохоо бодоод аль болох л тэр ажлыг нь гацаах гэж зүтгэнэ.

Францын “Арева”-тай байгуулсан гэрээ сүүлийн саруудад бүтэлгүй болсон сураг дуулдаж байгаа. Манайхны татварын орчин гэрээ байгуулахад саад болсон гэх битүү хатуу мэдээ дуулдаад таг чиг болсон. Уул нь өвөг дээдэсийн хүсэж байсан гуравдагч орны хөрөнгө оруулалт бол энэ Арева л юм шүү дээ. Ингээд харвал гурван том даргын зүтгүүлж буй дээрх төслүүд аль нь ч итгэл үнэмшил, болж бүтэх магадлал муу болоод явчихлаа.

Ерөөсөө энэ бол олон нийтэд тодорхой байгаа зүйл л дээ. Дотооддоо, өөрсдөдөө 30 жил эрчим хүчний төсөл ярьж зодолдсон. Хэзээ мөдгүй эрчим хүчээ үйлдвэрлэчих боломжтой төслүүд байхад л гацаачихдаг технологи манайд бий. Уг нь Монгол орон бол сэргээгдэх эрчим хүчний диваажин гэж нэг хэсэг яригдаж байв. Энэ тухай манай сонин ч нийтлэлийн бодлогоороо дэмжин, бичсээр ирсэн. Сүүлийн үед ураны төслүүд дэлхийд цойлж байгаа. Монголд ч ихээхэн нөөц бий. Гэвч аль аль нь хэзээ ч ажил хэрэг болдоггүй, хараалын гэмээр сонин тогтолцоо эрчим хүчний салбарт бий болжээ. Энэ нь дотоодоос биш гаднаас гэдэг нь тодорхой. Нэг ёсондоо Монголыг Оросууд удирдсаар байна гэдгийн илрэл энэхүү эрчим хүчний асуудал. МАН-ыхан ийм мэхэнд дахин дахин ороод нэгдүгээрт, уйддаггүй, хоёрдугаарт, хаширдаггүй, гуравдугаарт, Монголоо боддоггүй хэрэг үү. “Дуулсан дуундаа өөрөө уяраад” гэгчээр худал яриад тэрэндээ өөрсдөө үнэмшээд явчихдаг юм уу.

Ямартаа ч шинээр яригдаж байгаа эрчим хүчний төслүүдийг харъя, хүлээе. Сонгууль дөхсөн ээлжит шоу битгий байгаасай гэж давхар хүсье.

 

БААСАНЖАВЫН ЭНХЗАЯА

Өдрийн сонин 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх