Монголын хил гаалийнхан хоёр хөл нь гозойж, ил гарчихсан цогцос харалгүй гаргачихжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 03 ・ 1

 

-ХЯТАДЫН ХИЛЭЭР ЦОГЦОСТОЙ ВАГОН ДӨНГӨЖ НЭВТРЭХЭД ХИЛ ГААЛИЙНХАН НЬ МЭДСЭН БАЙНА-

Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтэрсэн зэсийн баяжмал ачсан вагонд БНХАУ-ын Эрээн хотын хилийн албаныхан хяналт шалгалт хийж, хүний цогцос байсныг илрүүлсэн билээ. Урд хөршийн хилийн боомтынхон манай улсын хилийн албаныханд хилээр цогцос орж ирсэн талаар шуурхай мэдээлэл өгч, хоёр улсын хамтарсан ажлын хэсэг гарч, цогцсыг аль улсын иргэн болохыг тогтоох ажлыг хамтарч хийсэн байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн оролцсон шинжээчдийн баг цогцсыг Монгол Улсын иргэн болохыг тогтоожээ.

БНХАУ-ын Эрээн хотын боомтын зөвлөл талийгаачийн цогцсыг манай улсын хил гаалийнханд хүлээлгэж өгсөн байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хилээр цогцос нэвтэрсэн хэрэгт Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаагийн байгууллага цогцсыг хэн болохыг олж тогтоосон. Талийгаач Дархан-Уул аймгийн харьяат Орхон аймагт буюу Эрдэнэт хотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй 54 настай Б.Хүрэлбаатар байсан аж.

Зэсийн баяжмалд толгойгоо дүрээд хоёр хөл нь хүний нүдэнд харагдахаар гозойчихсон цогцос Монголыг хөндлөн гулд туулаад хилээр нэвтэрч байхад нэг ч хяналт шалгалтын байгууллага илрүүлж чадсангүй. Дүрэм журмаараа мэргэжлийн хяналтын байцаагч шалгасан байгаа юм. Дараа нь гаалийн гурван ч байцаагч шалгасан. Мөн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хамгийн сүүлд хяналт шалгалт хийгээд улсын хилээр ямар ч асуудалгүй гээд явуулчихсан. Тэгсэн Хятадын хилээр вагон дөнгөж нэвтрэхэд хил гаалийнхан нь хүний хоёр хөл гозойж явааг харчихсан байсан.

Өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр Эрдэнэтээс БНХАУ-ын Эрээн хот орох зэсийн баяжмал ачсан вагон хөдөлсөн гэнэ. Ачааны вагон замдаа дөрвөн удаа түр зогсолт хийжээ. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн зангилаа, суудлын вагон зөрүүлэх үүднээс Түнхэл тосгон, Улаанбаатар хот, Замын-Үүдийн хил дээр зогсоод улсын хилээр урд хөрш рүү нэвтэрсэн байжээ. Учир битүүлгээр амь насаа алдсан Б.Хүрэлбаатар ачааны вагонд зэсийн баяжмалд толгой нь далд ортол зоогдсон, хоёр хөл нь гозойж ил харагдсан байдалтайгаар амь насаа алдсан байсан гэнэ. Мөн халуун наранд цогцос муудаж өмхийрсөн байсан гэдгийг ч эх сурвалж онцолж байлаа. Юуны учир гарсан зэсийн баяжмал ачсан вагоноос Б.Хүрэлбаатар гэх иргэний цогцос олдох болов, гадны нөлөөтэй амь насаа алдсан байж магадгүй гэсэн таамаглалыг хэргийг мөрдөж байгаа цагдаа нар дэвшүүлэн ажилласан байна. Ингээд шалгалтаар талийгаач Б.Хүрэлбаатар тавдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд олон малтай айлд очиж мал хариулахаар гэрээсээ гарсан байна. Очсон айлдаа хоёр хоноод “Гэр лүүгээ буцлаа. Бие өвдөөд байна. Малыг чинь хариулж чадахгүй нь” гэх утга бүхий зүйл хэлээд Түнхэл тосгон руу хүргүүлжээ. Үүнээс хойш ор сураггүй алга болсон байна. Цогцост үзлэг хийсэн шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр “Талийгаач гадны ямар нэгэн нөлөөгүй амь насаа алдсан. Нас барах шалтгаан нь амьсгалын дутагдлаас болжээ” гэж гаргажээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар талийгаач Түнхэл тосгонд очоод согтууруулах ундааны зүйл хэрэглээд өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ зэсийн баяжмал ачсан вагон руу шатаар авирч гарсан байж болзошгүй. Вагон дээр гарахдаа хөл алдаж зэсийн баяжмал руу толгойгоороо унаад амь насаа алдсан байж магадгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Дээрх хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын Эрээн хот дахь хилийн боомтын зөвлөл манай улсын хил гаалийнханд нэгэн зөвлөмж хүргүүлсэн гэнэ. Уг зөвлөмжид “Сүүлийн үед Монгол Улсаас манай улс руу нэвтэрч байгаа вагон, авто машин зэргээс хууль зөрчсөн эд зүйлс ихээр орж ирж байгааг анхаарч ажиллана уу” гэх утга бүхий зөвлөмж хүргүүлсэн аж.


“МОНГОЛЫН ТАЛ ХУУЛЬ БУС ЗҮЙЛИЙГ ИЛРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХИЛЭЭР ГАРГААД ХАРИН ХЯТАДУУД ТҮҮНИЙГ НЬ ИЛРҮҮЛДЭГ БОЛЧИХСОН”

Энэ талаар Замын-Үүдийн нэгэн албан хаагчтай холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.

-Сүүлийн үед манай улсын хилээр урд хөрш рүү эд зүйлс хууль бусаар гаргах нь ихэссэн гэж сонслоо. Мөн урд хөршийнхөн манай хил гаалийн албаныхныг хяналт, шалгалтаа сайжруул гэсэн зөвлөмж өгсөн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?.

-Тийм зөвлөмж манай улсын хил гаалиинханд ирсэн гэсэн. Гэхдээ үүнийгээ дээш нь мэдэгдэхгүй гээд нууцалж байгаа юм билээ. Хятадын талаас манай хил гаалийнхныг маш зөв шүүмжилсэн асуудал гэж хүлээж авах хүмүүс ч байна. Ажлаа хийж чадахгүй байж эд нар юу юм гэсэн бодолтой нь ч байгаа бололтой. Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур Замын-Үүдийн хогийн цэг дээрээс 40 настай хүний цогцос олдсон. Талийгаач хэрэгт холбогдоод байхдаа Хятад руу гарч, Эрээнд амьдарч байгаад эргэж орж ирэхдээ хөргөгчний цаасан хайрцагт нуугдаж хилээр нэвтрэх гэж байгаад бүтэж амь насаа алдсан. 
 

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 06 сар 04/

    замын үүд гэж хүнд суртал авилгалд идэгдсэн газар

    Хариулах