Давхар иргэншил

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 22



 

Улс орон болгон өөрийн иргэний болон иргэншилийн асуудлаа баталгаажуулсан хуультай байдаг. Монголчууд хэдэн зуун мянгаараа гадаадад амьдардаг болсон өнөө үед зайлшгүй авч хэлэлцэх ёстой асуудал мөнөөс мөн тул асуудлыг хөндлөө. 


Түүхийн хуудас хальт сөхөн харвал 19-р зууны сүүлч хүртэл дэлхийн аль ч оронд иргэн хүн эх орондоо үнэнч байх ёстой гэсэн ухагдахуун амь бөхтэй оршиж байсан тул хоёрдогч орны иргэн болох асуудал хаагдмал байжээ. 1812 онд Англи, Америкийн хооронд үүссэн дайны дараа энэ асуудал "амилж" ирсэн боловч шийдэлд хүрэлгүй орхигдсон байна. Харин 1867 онд Ирландад өрнөсөн Fenian Rising нэрээр өрнөсөн үндэсний салан тусгаарлах тэмцэл бослогод оролцохоор Америкаас төрсөн нутагтаа ирсэн ирландчуудыг Их Британы хүчнийхэн баривчлан хорьж эх орноосоо урвасан хэмээх ял оноосноор иргэншлийн асуудал хурцаар тавигдсан байна. 1868 онд АНУ-ын Конгресс өөрийн иргэнээ сайн дураараа иргэншлээсээ татгалзах хуулийг батлан зөвшөөрсөн байна. Үүнээс хэдхэн жилийн дараа Их Британы засгийн газар энэ хуультай ижил хуулийг хэлэлцүүлэн баталсан ажээ. Үүнтэй зэрэгцэн АНУ европын зарим орнуудтай уг хуулийн заалтуудад нөлөөлөх хүчин зүйлсүүдийн талаар тохиролцож чадсанаар "насан туршдаа үнэнч байх ёстой" философд төгсгөлийн цэг хатгах эхлэлийг тавьсан болой. Үүнийг түүхэнд Bancroft Treaties-ийн гэрээ хэмээн тэмдэглэжээ. Хожим 1930 онд батлагдсан давхар иргэншилийн асуудал хөндсөн Гаагын конвенцид 20 улс нэгдэн орсон байна. Мөн түүнчлэн давхар иргэншилээс гадна эдийн засгийн бодлогоос хамаарч мульти иргэншилийн асуудал босож ирсэн бөгөөд албан ёсоор Швейцари, Австрали улсууд зөвшөөрдөг бөгөөд надтай хамт шатар тоглодог залуу 4 улсын (Швейцарь,АНУ,Бельги,Франц) иргэний харъяалалтай байдгийг нүдээр үзсэн билээ. Аав нь америк, ээж нь бельги, францад танилцаж ажиллаж амьдарч байсан бөгөөд хүүгээ төрөх үед энд ирж суурьшжээ. Цухас дурдахад бидний сайн мэдэх францын инээдмийн авъяаслаг жүжигчин Жерар Депардье 5 дахь улсын иргэншлээ авчихсан тэнэж явааг дуулгая. 


За ингээд үндсэндээ 1990 оноос хойш дэлхий даяар болж буй дайн байлдаан, бослого тэмцэл, эдийн засгийн гүн гүн хямралуудаас үүдсэн цагаачлал, дүрвэгсдийн их хөдөлгөөний нөлөөгөөр энэ асуудалд монголчууд бид их бага хэмжээгээр хамрагдаад байгааг анзаарлаа, ялангуяа гадаад иргэдтэй гэр бүл бологсдод хэрэгтэй хууль юм.


Манай улс давхар иргэншилийг албан ёсоор зөвшөөрдөггүй улс. Тэгсэн мөртлөө иргэн өөрөө өргөдөл гаргасан тохиолдолд ерөнхийлөгчийн зарлигаар иргэнийхээ тооноос хасаад өөр улсын иргэн болохыг зөвшөөрдөг нь монголд төрсөн монгол хүн өөр улсын иргэн болохыг зөвшөөрч байгаа үйлдэл болоод байдаг. Монголулсын иргэн давхар иргэншилтэй байхыг зөвшөөрсөн хууль батлагдах нь гадны иргэн манай иргэн болох боломжтой гэсэн үг биш тул хэн нэгэн орос, солонгос,хятад хүн манай улсын иргэн болох зам нээгдлээ гэсэн үг биш юм. Хоёр эхнэртэй байж болох тухай хууль батлуулах гэсэн мунаг нэгний санаачлагаас илүүтэй давхар иргэншилийн тухай асуудал чухал мэт санагдаж байна. Хүссэн хүсээгүй манай иргэд гадны иргэн болчихсон явж л байна. Тухайн улс нь хоёрдох иргэншлээ зөвшөөрдөг тул айхтар хүндрэл үүсэхгүй тэгэсгээд л болчихдог бололтой. Албан ёсоор монгол хүний тооноос хасагдаад бүүр хүний хүн болчихсон нь ч байна. Олон зуун монгол хүүхдүүд гадаадад төрж өсөөд бойжиж байна. Энд монгол цус, хөх толбо энэ тэр гэдэг өнцгөөс бус хүн гэдэг бол тэр чигээрээ капитал гэдэг утгаар нь тунгааж гадаадад байгаа иргэддээ анхаарал тавих цаг ирснийг сонордууллаа. Бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт хийвэл иргэнээ болгодог Австри, Кипр, СантКиттс зэрэг улсууд байна. Алдар нэртэй тамирчин, дуучин, од хүмүүсийг иргэнээ болгодог хуультай Испани, Австри байна. Анзаарсан зүйл гэвэл давхар иргэншилтэй аль ч улсад хоёрдох иргэншилтэй болсон хүний, өөрийн иргэд нь төрийн том албан тушаалд очих, нууцад харъяалагдах байгууллагад ажиллах, зарим газар сонгох сонгогдох эрх эдлэх талаар хязгаарлагдмал байдаг бөгөөд үүнийгээ хуулиндаа тусгаад өгчихсөн байдаг ажээ. Мэдээж эх орноо сольсон хүнд хэн итгэх вэ дээ, ойлгомжтой. Гэхдээ иргэнийхээ хувьд ийм хуультай байхыг би дэмжиж байна. Европ тивийн 26 орны иргэд өөр хоорондоо "нүдээ аниад л" зорчдог болсон болохоор энэ асуудал тэдний хувьд бол сэдэв биш юм. Дайн дажингүй мөртлөө хүн амынхаа 10% ийг гадагш нь "алдчихсан" манайх шиг өөр улс дэлхийд байхгүй л байх шиг байгааг анзаардаг уу гэсэн бодол харвалаа.

#Өгөөмөр

Ногооноор тэмдэглэгдсэн улсууд давхар иргэншилийг зөвшөөрсөн болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх