Зөвхөн аавууд л үүнийг уншаарай

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 23 ・ 1
 
Сайн байна уу? Эрхэм хүндэт хонгорхон үрсийн аав минь. Мэдээж та алаг үрийн аав, ааль хонгор бүсгүйн халамжит хань болохоор л энэ нийтлэлийг дэлгэн шимтэн уншиж суугаа биз ээ. Мянга мянга аавын дунд халамж хайхрамжгүй аав цөөн биш юм аа.

Ажил ихтэй цаг зав муутай учраас гэр бүлээ төдийлөн анхаарч чаддаггүй байж болох юм. Гэхдээ эхнэр хүүхдээ эмнэлэгт хэвтсэн үед нь онцгойлон анхаарч, гэргийдээ сайхан үг хэлж, энхрий үрээ эрхлүүлэн ойр ойрхон эргэж байгаарай. Би бага насны хүүхэдтэй. Савлхийвэл өвчин ороогоод хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтлээ. Хүүхдүүдээ асраад ээжүүд голдуу хэвтэцгээнэ. Жирийн л нэг эмнэлэгт амьдралын өнгө өнгийн араншин буцалж байдаг газар. Нөхөр нь эргэж тойрдоггүй. Хааяа нэг ирэхээрээ хөмсөг зангидан уурлаж, өвдөж шаналсан хөөрхий хүүгээ зандарч уйлуулах аавууд ямар муухай харагддаг гэж санана.

Та яахав “нүдэн балай чих нь дүлий” гэгчээр гэртээ хариад сайхан амарчихаж болох юм. Харин хүүхдээ тэврээд сэтгэл дундуур үлдсэн хань тань ямархан хүндийг даван туулдаг гэж санана. Тасгийнхаа эмэгтэйчүүдээс санаа зовно, ичнэ сэтгэл санаагаар унан нойргүй шахам хонодогийг мэдэх үү? Нэг залуухан эмэгтэй одоо хэр нь санаанаас гардаггүй юм. Ой гарч яваа хүүтэйн дээр хэзээ мөдгүй нярайлах дөхсөн байж билээ. Өөрөө тулгар биетэйн дээр өвчтэй жаахан хүү нь энгэрт нь наалдан, заавал тэврүүлэх гэж зүтгэнэ. Хөөрхий эмэгтэйн нөхөр эхнэртээ хоол цай дөхүүлнэ ээ нэг байхгүй. Өглөөний цай үд хүргэж, үдийн цай хоол хэзээ хойно ирнэ.

Тэр хооронд хөл хүнд бүсгүй өлсөж цанган, ядарч зүдрэнэ. Нэг өдөр бүсгүй “Ханиа, маргааш өдөр ирээд хүүгээ хараад өгөөч, хайр нь их ядарч байна, гэртээ очиж жаахан унтаж амарч байгаад ирье” гэж байна. Би ч дотроо яг зөв гэж бодож байлаа. Гэтэл өнөөх нөхөр “За яршиг аа, би яаж харж байдаг юм, юун сүртэй юм яасан гэж ядарч байдын, хүн хоол цай хийж ирэх гэж бөөн юм болж ирж байхад, харин би л амармаар байна. Хүүхдийнхээ тариаг нь хийлгэчихээд л зүгээр сууж байгаа юм байж...” гэж хэлчихээд гараад явчихлаа.

Хоолныхоо сав суулгыг ч авсангүй. Бүсгүй араас нь ханиа гэж дуудсанаа, утас руу нь залгалаа. Хичнээн залгасан ч утсаа таслаад байгаа бололтой. Хоёр залууг ийнхүү муудалцахыг харсан хүн бүр бүсгүйг өрөвдлийн харцаар ширтэнэ. Хөөрхий бүсгүй хөлнөөс нь зууран уйлах хүүгээ тэврэн, өөрийн эрхгүй эхэр татан уйллаа.Тэр эмэгтэйг хичнээн их ядарч байгааг эмнэлэгт хэвтэж байсан ээж бүр мэдэж байсан юм. Тиймээс аавуудаа, эхнэр хүүхдээ эмнэлэгт хэвтэх, өвчтэй үед нь юу юунаас илүүтэй анхаарч, халуун дулаан үг хэлж, халамжилдаг юм шүү. Өвчин эм тангаар гэхээсээ илүү сэтгэл санаагаар илааршдаг гэдгийг санаарай.

Эх сурвалж: www.mongoljingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • t / 2015 06 сар 25/

    bayarlalaa olon zaluusd yum bodogduulah baih gej naidya

    Хариулах