Хөдөөд хүн байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 06 сар 25 ・ 1

Монголчууд бид өргөн уудам газар нутагтаа цацсан шагай шиг тарж амьдарч ирсэн. Харин сүүлийн хэдэн жилд Улаанбаатар хотдоо хорсон хонь шиг бөөгнөрчихөөд байгаа. Өнөө жил Монгол Улсын хүн ам гурван саяд хүрлээ. Тэгвэл гурван сая хүний тал нь нийслэлдээ шавааралдан амьдарч байгаа гэсэн тоо баримт бий.

Үүнээс үүдээд хөдөөд хүн байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Хөдөөд хүн байх нь байна аа. 21 аймаг, 360 гаруй суманд цөөн цөөнөөрөө хуваагдаад амьдарч байна. Гагцхүү хөдөөд боловсон хүчин алга. Мэдлэгтэй, боловсролтой, чадвартай залуучууд нүдний гэм болчихож. Тэр дундаа суманд намчирхаж талцсан захиргааны хэдэн ажилтан, сургууль, цэцэрлэгийн багш, цөөн эмч л байна.

Нээрээ малчдаа мартчихаж. Ингэсхийгээд л ганц, хоёр мянган хүнтэй сумдууд маш олон байгаа.  Нэг үеэ бодвол хот руу нүүдэллэх иргэдийн тоо багасч байгааг албаныхан хэлдэг. Аргагүй л дээ, нүүж ирэх хүнгүй болчихсон юм чинь. Гэвч Сонгинохайрхан дүүргийн иргэд жилдээ л хэдэн арван мянгаар нэмэгдсэн хэвээрээ байгаа. Ганц дүүргээр л жишээ авахад ийм байна.  Хөдөөд байгаа бүх залуус нь нийслэл рүү цувсаар л.  Хоёр долоо хоногийн өмнө хөдөө, орон нутгаар жаахан явлаа.  Албаны ажлаар. Гэхдээ урлагийн хүмүүстэй хамт явж, хөдөөгийн иргэдэд урлаг соёлыг ч бас түгээсэн. Суманд аятайхан соёлын төв ч алга.  Соёлын төв нэртэй жижиг байшин. Дотроо гэрэл гэгээ муутай, сандал суудал нь хуучирчихсан.  Соёлын төвийн ажилчид нь мэдлэг боловсрол муутай. Худал хэлсэн хүнд ухаалаг утсан дээр  дууны ая ч тоглуулчихаж мэдэхгүй шахам л байна.

За тэгээд хурал хуй болохоор ирсэн хүмүүсийг нь танилцуулаад, аятайхан ярьчих ч хүн байдаггүй. Ая дуугаа өргөхөөр ирсэн дуучдыг зарлачих хөтлөгч ч алга.  Хамгийн энгийндээ ийм л байна. Бүр цаашлаад олон зүйл нуршвал цаг, цаас хүрэлцэхгүй.  Уг нь манай эрхэм дарга нар хот руу чиглэсэн шилжилт, хөдөлгөөнийг сааруулах, дагуул хот бий болгох, хөдөөд дэд бүтэц хөгжүүлэх асуудлыг сүүлийн хэдэн жилд амаа цангатал ярьсан. Гэвч өнөөдөр нэг их дээрдээд байгаа юм алга. Сумын төвийг зорих боловрсол, мэдлэгтэй залуус үнэндээ алга. Яагаад гэвэл тэнд дэд бүтэц, соёл хөгжил, хүн ч алга.  Арай нэг олон хүн амтай, гайгүй сумдад орон сууцны барилга мэр сэр баригдаж л байгаа. Гэхдээ хангалттай биш байна. Тийм болохоор төр засгаас энэ байдалд анхаарал хандуулж, хөдөө ажиллаж, амьдрахаар явж буй залууст урамшуулал өгдөг тогтолцоог нэвтрүүлэх цаг болж. Тухайлбал, сумын төвд очиж ажилласан хүний орон байрны асуудлыг ямар нэг байдлаар шийддэг. Хөдөө ажилласны урамшуулал олгодог тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: