Ачилтын компанийнхан жижиг тэргийг 30 секундэд ачиж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 26 ・ 1

 

- Зогсоол хүрэлцээгүй байгаа нь ачилтын компанийнхны завшаан болсоор байна-

 

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцоход саад учруулж, зөвшөөрөлгүй газар буюу авто замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан бол зориулалтын тээврийн хэрэгслээр ачиж, зөөвөрлөх журмыг 2013 оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажил иргэдийг бухимдуулсаар өнөөдрийг хүрсэн юм.

 

Манай сурвалжлах групп Замын цагдаагийн газрын Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байрлах “Очух” компанийнхан хэрхэн ажлаа явуулж байга талаар сурвалжиллаа. Бид ажлын өдөр тус компанийн задгай граж дээр 08.00 цагт очиход байдал нам жим байсан бөгөөд ажилтнууд нь 09.00 цаг гэхэд цуглаж эхлэв. Улмаар 10.41 цагт гаражаасаа гаран хотын төвийг чиглэн явлаа. Тэд Багшийн их сургуулийн урдуур төв зам руу орж, Хүнс хөдөө аж ахуйн яамны зогсоол дээр 10.50-д очсон юм.

 

 

Жижиг өргөгч крантай автомашинаас хоёр ажилтны нэг нь бууж ирэн зургийн аппарат гаргаж, бичлэг хийж байгаа бололтой “Хонда” маркийн жижиг тэргийг тойрч дугуй, толь, обуд хавиар эргэлдлээ.  Дараа нь нэг жижиг цагаан хуудас гаргаж ирэн машины хаалгыг тэгнүүлэн наав. Үүний дараа ачих ажилдаа орлоо. Жижиг дугуйтай хөндлөн төмөр тэвшин дээрээсээ буулгаж ирээд машины дугуйн доогуур оруулав. Уг нь тухайн автомашины өмнөх шилэн дээр жолоочийн утасны дугаар байх аж. Харин ачигчид утас руу огт залгасангүй, эзнийг нь гарч ирэх болов уу гэж ч хүлээсэнгүй шууд л ачаад яваад өглөө. Анх ачих журмыг баталж байхад тухайн тээврийн хэрэгслийн жолооч руу утсаар залгах буюу 10 минут хүлээгээд эзэн нь ирэхгүй бол ачих заалттай байсан юм билээ. Харин энэ журам дахин шинэчлэгдсэнээр дээрх заалт үгүй болсон. Ачигчид  жижиг тэргийг ердөө л 30 секундээс 1 минутын хооронд харин жийп буюу арай овор томтой автомашиныг 2-3 минутад л ачаад хөдөлнө. Энэ мэт үйлдэл өдрийн турш давтагдсан бөгөөд хэрвээ тухайн тээврийн хэрэгслийг ачихаар зэхэж байхад эзэн нь гарч ирвэл үлдээн явах аж.

 

 

Нийслэлийн замын хөдөлгөөн нэг үеэ бодоход харьцангуй багассан ч жолооч нарт шүдний өвчин болсон зогсоол хүрэлцээтэй биш хэвээр байгаа нь ачилтын компанийнхны завшаан болсоор байна.

 

 

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэгдүгээр эгнээнд зогсох нь жолоочийн буруу. Гэхдээ ачилтын үйлчилгээ нэвтрүүлэхээс өмнө автомашины зогсоолоо бэлдчихсэн бол иргэд гомдоллохгүй л байсан болов уу. Тиймээс жолооч нар энэ асуудлыг өөрөөр буюу торгох арга хэмжээг авахыг санал болгодог бол нийслэл болон Замын цагдаагийн газрынхан дээрх ажил үр дүнгээ өгөн түгжрэлийг тодорхой хувиар бууруулж байгааг онцлон хэлдэг.   

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 26/

    Зочин Ачилт хийж зам чөлөөлөх нь зөв шүү.Явган явах зайгүй байдаг.

    Хариулах