Эхлээд ангилаад сурчих

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 28

Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг залуус хог түүх аяныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Залуусын эхлүүлсэн хог түүх давалгаанд урлаг спортын одууд, дуучид, сэтгүүлчид, улстөрчид хүртэл нэгдэж гурван шуудай хог түүх эс бөгөөс 10 ам.доллар хандивлах зэргээр аянд идэвхтэй хамрагдсан юм. Фэйсбүүкээр давалгаалсан энэхүү аяны ачаар хогондоо дарагдаад байсан Туул, Сэлбэ зэрэг гол мөрнүүд хогноосоо ангижирч байгаа нь хамгийн сайшаалтай хэрэг юм. Гэвч тэр түүсэн хогийг хаана хүргэдэг, түүнийгээ ангилан ялгаж хэрэгтэй хогийг нь салгаж авч чадаж байна уу гэхээр бас л ойлгомжгүй асуудал үүсэх билээ. Хог хаягдлыг ангилах асуудал манайд хамгийн цалгар назгай байгаа зүйл. 

Ангилан ялгах гэдэг зүйлийг бараг л мартаад байсан бид сүүлийн хэдэн жил амьдралдаа хэвшүүлэх гэж оролдож эхэлсэн. Ядахдаа л гудамжинд хогийн сав байрлуулж, ангилж ялгаж хийгээрэй гэсэн таних тэмдэг тавьдаг болсон нь том амжилт болсон. Гэсэн ч энэ нь өнөө хэр хангалтгүй хэвээр байна. Хот, хөдөөд амьдардаг айл өрхийн дийлэнх хувь нь гэр хороололд байгаагаас шалтгаалж ганцхан хогийн сав тавьдаг түүндээ үнс нурам, хуванцар сав, хүнсний бохироо хамтад нь хийсээр байгаа юм. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар нийт хог хаягдлын 82 хувийг дахин боловсруулах боломжтой бөгөөд дөнгөж 18 хувь нь дахин боловсруулах боломжгүй байдаг гэнэ. 

Харин манайх 80 орчим хувийг нь дахин боловсруулалгүй, ландфилл технологиор газрын хөрсөнд булж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэтэл дэлхийн улс орнууд  хог хаягдлыг багасгахад анхаарч,түүнийг шатаах, газрын хөрсөнд булах зэрэг аргаас татгалзаж, 3R (Reduce, Reuse, Recycle) буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, боловсруулах технологийг нэвтрүүлж эхлээд байгаа юм. Тиймээс Монгол Улс ч дэлхий нийтийн энэ жишигтэй хөл нийлүүлэн алхах нийгмийн хэрэгцээ шаардлага бий болоод байна. 

Ядахдаа л түүгээд ачсан хогийг нь ангилан ялгах асуудал хамгийн түрүүнд шийдэх толгойн өвчин хэвээр үлджээ. Хог хаягдлыг ангилж хаяхгүйгээс Улаанчулуут, Цагаандаваа орчим тэр чигтээ л утаа майнд дарагддаг дүр зураг өвөл зунгүй л давтагдана. Гэр хорооллоос ирсэн бүрэн унтраагүй үнс нурам хог хаягдлыг тэр чигээр нь шатааж орхидог. Эндээс болж ашиглах боломжтой хуванцар сав зэрэг дахин боловсруулах дахивар хог хаягдал ямар ч хэрэггүй болж, байгаль орчныг бохирдуулдаг хэвээр байгаа юм. 

Дутуу шатсан хогийг булж устгахаас өөр сонголтгүй болдог гэдгийг ч хогийн цэг дээр ажилладаг тохижилт үйлчилгээний ажилчид хэлж байсан юм. Мөн шатсан хуванцар савнаас хорт хавдар үүсгэх нян агаар дуслаар тархдаг гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байна лээ. Дан ганц гэр хороолол ч гэхгүй 2000 оноос өмнө баригдсан бүх л барилгууд ангилах боломжгүй ганцхан ширхэг хогийн том савтай байдаг нь хог хаягдлыг ангилж ялгаж хийх боломжгүй болгодог. Иргэд уутанд хийсэн үмхийрч муудсан хүнсний хогоо хуванцар сав зэрэг ашиглах боломжтой хог хаягдалтай шууд гаргаж ирээд л хогийн сав руугаа чулуудаж орхидог. Энэ бол түгээмэл үзэгдэл.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх