Mary Kay Ash-ийн зорилготой хүмүүст өгөх 20 зөвлөгөө

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 26

Тэр бол 20-р зууны шилдэг бизнес хатагтай, гоо сайхны ертөнцийн могул юм. Mary Kay Ash өөрийнхөө хураасан 5’000 доллароор гараагаа эхэлсэн бол одоо компани нь дэлхий даяар 1 тэрбум долларыг эргэлдүүлж байна. Түүнийг эхлэх үед одооных шиг интернэт, сошиал медиа өндөр хөгжилтэй, дэлхийн нөгөө захад товчлуур дарахын төдийд хүрдэг байгаагүй. Хаагдмал, хязгаарлагдмал цаг үед тэр дэлхийн өнцөг булан дах бүсгүйчүүдийг мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж байсан юм.

Mary Kay Ash-ийн зорилготой хүмүүст өгөх 20 зөвлөгөө

Сүлжээний бизнес гэж юу болохыг бараг л анхлан дэлхийд таниулсан бүсгүйн зорилготой, лидер бүсгүйчүүдэд хэлдэг байсан үгсээс сонирхуулж байна:

1. Өөрийгөө бүү хязгаарла. Олон хүн өөрсдийнхөө хийж чаддаг гэж боддог зүйлсээрээ чадвараа хязгаарладаг. Гэтэл хүн болгон оюун санаа нь хаа хүрнэ, тийш очих чадвартай. Итгэж байгаа бүх зүйлдээ хүрч чадна гэдэгтээ итгэ.
2. Хүчтэй эхлэл хүчтэй төгсгөлтэй хосолсон цагт л амжилтанд тооцогдоно. 
3. Бодоод үз л дээ. Буугаад өгчихсөн уралдаандаа хэн ч түрүүлэхгүй шүү дээ. Тугаа өргөсөн тулаандаа ч бас чи ялахгүй нь ойлгомжтой. 
4. Хүмүүс гэдэг бол компанийн хамгийн чухал цөм мөн. Компанийн бүтээгдэхүүн машин байна уу, уруулын будаг байна уу гэдэг нь хамаагүй. Хүмүүс нь “авч явж” байгаа цагт компани амжилттай л байдаг. 
5. Сайн зорилго бол сунгалтын дасгалтай адил. Зорилго чамайг сунгадаг юм. 
6. Аеродинамикийн хуулиар бол ялаан зөгий (bumble bee) нисч чадахгүй байх учиртай. Гэхдээ тэр зөгийнүүд энэ онолыг мэдэхгүй учраас л нисч чадаад байдаг юм. 
7. Хүнийг нь биш, үйлдлийг нь шүүмжил. 
8. Хүн болгон хүзүүнээсээ “Намайг чухал гэдгийг мэдрүүлээд өгөөч” гэсэн бичигтэй үл үзэгдэх шошго зүүчихсэн явж байдаг. Хүмүүстэй цуг ажиллахдаа үүнийг хэзээ ч бүү март. 
9. Ихэнх хүн өөрсдийнхөө доторх хөгжмийг тоглолгүй явсаар үхчихдэг. Тоглож үзье ч гэж бодолгүйгээр шүү. 
10. Шүүмжлэл бүрийг хоёр давхар магтаалын завсар хавчуул. 
11. Лидерийн хурд багийн хурдыг тодорхойлдог. 
12. Бид хүмүүстээ яг л эзэн хаан мэт ханддаг. Хэрвээ чи тэднийг хүндэлж, тэдэнд үйлчилвэл тэд ч бас чамайг хүндэлж, чамд үйлчлэх болно. 
13. Бидэнд хүмүүсээ, байгууллагаа үнэлж цэгнэдэг, хувийнхаа ашиг сонирхлыг биш бусдад үүсэх давуу талыг бодолцон ажилладаг удирдагч хэрэгтэй. Айлгаж, захиргааддаг биш урамшуулж, зоригжуулдаг, хүмүүсийнхээ амьдралын дунд нь орж асуудлыг нь хамт үүрэлцэн, шийдэх арга замыг эрэлхийлдэг тийм удирдагч. Мөн зөв зүг рүү чиглэсэн ёс суртахууны луужингаа үргэлж атгаж явдаг тийм удирдагч хэрэгтэй байна. 
14. Олон эмэгтэйчүүд ажилдаа тааруулан итгэл үнэмшлээ өөрчилсөн байдаг. Үнэндээ эсрэгээрээ байх ёстой юм шүү дээ. 
15. Амжилт бол буруу тийш нь харуулж өмсгөсөн уналт юм. 
16. Зорилготой, шийдэмгий хүмүүсийг амжилтаас нь яагаад ч холдуулж чадахгүй. Тэдний урд чулуу тавьсан ч тэд үүнийг шат болгон ашиглана. 
17. Бид ажил дээрээ манлайлангаа гэртээ ч сайхан эхнэр, сайн ээж байхад суралцах ёстой. Энэ бол бүтэн цагаар ажилладаг ээжүүдийн хувьд хэцүү л даалгавар. Гэхдээ эрхэмлэх зүйлсээ зөв дараалалд оруулаад, товчлуураа дарчихвал чи бүхнийг өөртөө авч чадна. 
18. Mary Kay Cosmetics-ийн гаргадаг бүх шийдвэр нэг л алтан дүрэмд захирагддаг. “Чиний төлөө хийгээсэй гэж хүсэх зүйлээ бусдын төлөө хий” 
19. Өөртөө итгэх итгэл, ур чадварын нөхөж чадахгүй орон зайг шударга зан нөхдөг. 
20. Дэлхий дээр гурван төрлийн хүмүүс байдаг. Болгодог хүн, болохыг нь харж суудаг хүн, юу болоод өнгөрөв өө гээд ангайж хоцордог хүн.

Эх сурвалж: www.goolingoo.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх