Их хувьчлалын аяны халгаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 09 сар 26

АН түүхэндээ хоёр удаа Засгийн эрхийг барьсан. Ингэхдээ хоёуланд нь өмч хувьчлалын их аяныг явуулсан байдаг. Эхнийх нь 1996-2000 оны хувьчлал. Харин дараагийнх нь удахгүй эхлэх гэж байна. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Засгийн газраас өргөн барьсан уг тогтоолын төсөлд тусгаснаар бол 2015-2016 оны хувьчлалаар 170 тэрбум төгрөгийг олох боломжтой гэнэ. Үүнд нь, гуравдугаар шатлалын эмнэлгүүд болон их, дээд сургуулиуд ч мөн багатай байгаа юм. Өмч хувьчлалаар олсон мөнгөөр хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд нэмэрлэнэ гэх. Улаанбаатар хотын өмч, хөрөнгийг хувьчлаад ч болов эдийн засгийг сэргээх нь энэ Засгийн газрын нэг бодлого аж.  Хувьчлалаар Шивээ-Овоо, Хөрөнгийн бирж, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дулааны 1, 2, 3-р цахилгаан станцаас эхлээд Төрийн өмчит 20 орчим компанийг хувьчлахаар байгаа юм. Яг ямар компаниудыг хувьчлах талаарх  илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эдгээр өмчүүдийг шат дараатай хувьчлах бөгөөд эхний ээлжинд

 

1. Багануур ХК,

“Багануур” ХК-ийн 75 хувийг төр эзэмшдэг. Үүнээс 24 хувийг нь Монголын хөрөнгийн биржээр арилжихаар болсон байна. Үлдсэн  51 хувийг төр эзэмшихээр болжээ. Хувьчлалаас олсон хөрөнгөөр тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх аж.

 

Сул тал: Иргэд "Багануур" ХК-ийн нүүрсийг өндөр үнээр авна гэсэн үг. Тус компани өмнө нь төрийн шахалтаар нүүрсээ станцуудад хямд нийлүүлдэг байж. Үүнээсээ болж олон сая төгрөгийн алдагдалтай ажилласаар иржээ. Харин одоо хувьчлагдаж байгаа учраас нүүрсээ өндөр үнээр зарна. Тэгэхээр иргэдийн түлх түлшний үнэ нэмэгдэнэ гэсэн үг юм.

 

2. “Монголын цахилгаан холбоо"

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Солонгосын талд худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдахаар төлөвлөжээ.

 

3. "Монгол шуудан" ХК нарыг хувьчлахаар болж хувьчлалын ажлыг Хөрөнгийн биржид эхлүүлжээ.

“Монгол шуудан” төрийн өмчит ХК-ийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах юм байна. Тус компани нь 100 хувь төрийн өмчид байдаг бөгөөд одоо 34 хувийг зарж, борлуулна гэсэн үг.

 

Эхний ээлжинд дээрх гурван обьект хувьчлагдах нь. Цаашид энэ маягаар гурав, гурваар хувьчлагдах юм.

 

Тэгвэл өмч хувьчлалыг явуулах нь эцэстээ улс орныг хэцүү байдалд хүргэж мэдэхээр байгааг УИХ-ын зарим гишүүд хэлж эхлээд байна.

 

Сүүлийн үед хувьчлал тойрсон асуудлуудыг ажиглаад байхад уг ажил маш нам гүм чимээгүй хийгдэхээр байна. Өмнө нь дуудлага худалдааг 30 хоногийн дотор зохион байгуулдаг байсныг 14 хоног болгож цөөрүүлсэн нь хардах нэг үндэслэл болж байгаа юм.

 

Мөн хувьчлах жагсаалтын үнэлгээг хэрхэн хийсэн нь тодорхойгүй байгаа. Хувьчлалын асуудал яригдах үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Манай аймгийн цахилгаан дамжуулах сүлжээ хувьчилна гээд юу болов? яав гээд судалж үзтэл хуучин үнэлгээтэйгээ, шинэ үнэлгээгээр үнэлбэл 10 дахин нэмэгдэхээр байсан. Хуучин үнээр нь хувьчлах гэж байсныг ингэж зогсоож байсан гэж ноцтой баримт дэлгэсэн байдаг. Үнэхээр улс орны эдийн засгийн амин чухал салбарууд болох дулааны 2, 3, 4-р станц "Багануур" "Эрдэнэс Тавантолгой" "Цахилгаан холбоо" зэрэг томоохон обьектуудыг хувьчлах болон өөрчлөн байгуулахад ямар үнэлгээ мөрдөгдөх нь тодорхойгүй байна. Ерөөс төрийн өмчийн хямралыг ашиглан хурдтай, хуудуутай хувьчлах нь АН-ынханы амь зогоох башир арга болсон нь үүнээс харагдаж байгаа юм. Төрд өмч байх хэрэггүй. Хувийн өмч бол мундаг гэсэн хийсвэр онолоор бөөний аргаар явуулах уг хувьчлалын давалгааг хянана гэдэг хэцүү. Тухайлбал Чингис Бондоос 45 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах асуудал тусгагдаад явж байна. Эргээд төлөх өрийг нь хэрхэн тооцож, хэн хариуцах, уг үйлдвэрийн үнэлгээ хүчин чадал ямар байгаа зэрэг бүх мэдээлэл тодорхой бус. Энэ мэтээр өмнөх хувьчлалын гашуун түүх давтагдах нь тодорхой болж байна. Бас Э.Бат-Үүл энэ жил Улаанбаатарын асар олдон объектийг хувьчлах шийдвэр гаргуулчихсан, хэрэгжүүлэх гэж байна.

 

Өмнөх хувьчлалын талаар нэгэн УИХ-ын гишүүн "Түрүүчийн хувьчлалын үлдэгдэл сүүл одоо болтол арилаагүй яваад байна. Цэнхэр ягаан тасалбаруудынхаа хувийг хүртэж чадаагүй хүмүүс их байна. Зарим нь бол хаана оруулахаа мэдэхгүй гар дээрээ үлдээчихсэн байдалтай байна гэсэн юм. Мөн "Хувьчлалын үр дүнд Монголын ард түмэн сэтгэл хангалуун бус байгаа. Хэт цөөнхид нийгмийн баялаг төвлөрсөн, Үүнтэй холбоотойгоор нийгэм дэхь зөрчилдөөн нэмэгдсэн. Нийгэм дэхь итгэлцэл суларсан. Нийгэмд бий болсон буюу өнөөдрийн гаргаж байгаа төр засгийн шийдвэрийг шударга бус гэж нийгэм үздэг болсон" гэж байр сууриа илэрхийлж байжээ.

 

 

Цаашлаад Засгийн газрын явуулж буй энэ удаагийн хувьчлал энгийн иргэдэд ихээхэн халгаатай болж мэдэхээр байгаа юм. Бүр тодруулбал ард түмнийг элгээр нь мөлхүүлэх нь. Тэд нийгмийн салбарт хувьчлал явуулж, эмнэлэг, сургууль зарим соёл урлагийн салбарыг хувь хүнд шилжүүлэхээр болсон байна. Монголд энэ гурав л нийгмийн салбар дахь төрийн өмч. Өөр юу ч байхгүй. Тус хуулийн 4.2-т энэ талаар “Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгоно. Гурав дахь шатлалын төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгон дараах хэлбэрээр ажиллуулна” гэж заажээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх