Та хүүхдээ хэн болгохыг хүснэ, яг тэгж харьц

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 26
Хүүхэд нас хүний амьдралд ганцхан л удаа олддог гэдэг. Нэгэнт нас биед хүрчихвэл хэзээ ч эргэн хүүхэд шиг аашилж, хүүхэд насныхаа дурсамжуудыг тухайн үеийнх шигээ мэдэрч чадахгүй.
 

Угаалгын өрөөндөө би шүдээ угааж байлаа. Энэ өрөөнөөс гараад 4, 2 настай хоёр хүүхдийнхээ шүдийг угаана гэдгээ бодов. Яг энэ үед тэр нь надад нэг их түвэгтэй, маргааш гэж хойшлуулаад шууд л орондоо ормоор санагдаж орхив. Гэвч хажуунаас хэн нэг нь “Хүүхэд чинь чиний мэдэрч буй бүхнийг мэдэрдэг. Чи шүдээ угаалгүй унтахад шүд чинь өвдөх эрсдэл нэмэгддэг шиг хүүхдүүдийнхээ шүдийг угаахгүй унтвал тэд нэг л өдөр шүдний эмчийн орон дээр нулимс дуслуулан хэвтэх болно. Чи хүүхдээ ямар амьдруулмаар байна, яг тэгж ханд” гэж хэлэх шиг болов.

 

 

Чи хүүхдээ ямар амьдруулмаар байна, яг тэгж ханд

 

 

Тийм ээ, маш энгийн хэрнээ үнэхээр их утга агуулгатай энэ бодолдоо хөтлөгдөн би угаалгын өрөөнөөсөө гараад шууд л хүүхдүүдийнхээ шүдийг сэтгэл гарган угааж өгөв. Өдөр бүр ядаж энэ жижигхэн зүйлд л залхууралгүй байж чадвал тэд маань ядаж шүд нь өвдөж зовохгүй шүү дээ гэсэн бодол намайг баярлуулж байв.

Хүүхэд нас хүний амьдралд ганцхан л удаа олддог гэдэг. Нэгэнт нас биед хүрчихвэл хэзээ ч эргэн хүүхэд шиг аашилж, хүүхэд насныхаа дурсамжуудыг тухайн үеийнх шигээ мэдэрч чадахгүй.

 

Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ харьцаж, чин сэтгэлийн үг, урмын үг сайн хэлж байгаарай.

 

 

Тийм л учраас хүүхэд насанд нь хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ харьцаж, чин сэтгэлийн үг, урмын үг сайн хэлж байгаарай. Тэд маань үргэлж ийм жижигхэн, үргэлж живх өмсдөг нэгэн байхгүй. Нэг л өдөр ханагар сайхан залуус, хацар гоо охид болон өсч, охины аав, хүүгийн ээж болцгооно. Тэр үедээ хүүхэд насыг минь аз жаргалтай өнгөрөөсөн аавдаа, ээждээ баярлалаа гэж хэлэх магтаалын үгс үлдээж чадвал болох нь тэр.

Бид хүүхдээ хэн болгохыг хүсдэг вэ. Би хүүхдүүдээ өөртөө итгэлтэй, бүхнийг сайн талаас нь хардаг, харанхуйгаас гэрэл асааж чаддаг, хариуцсан ажилдаа эзэн болж, хэлсэн үгэндээ хүрдэг, бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж бас бусдад тэгж л хайрлагддаг байгаасай гэж хүсдэг. Ингэж хүсдэггүй эцэг эх гэж угаасаа хаана ч байдаггүй байх л даа.

Тэгвэл бид хамгийн түрүүнд хүүхдээ тийм хүн болоосой гэж хүсдэг юм бол бид тэднийг биднээс тусдаа сэтгэхүйтэй, тусдаа бие даасан сэтгэлгээтэй хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрч сурах ёстой.

 

Түүнийг чин сэтгэлээсээ сонсч, ярилцаж, чин сэтгэлээсээ тогло. Тэгвэл тэр таны хүссэн тийм л хүн болно.

 

 

Тэднийг алдаа гаргаж, үймүүлж, орилж чарлахад нь загнаж, гар хүрч, шийтгэх гэж яарахаасаа өмнө бид ч бас энэ насыг туулсан гэдгээ эргэн нэг бодох ёстой. Ядаж л хүүхэд тань буруу юм хийчихвэл орилж, загнахаасаа өмнө 5-хан минутыг өөртөө олгоод угаалгын өрөөндөө ч юм ороод хэсэгхэн хугацаанд өөрийгөө эзэмдэж, бяцхан үрсээ гомдоох муу үг хэлж, муухай зан гаргахаас өөрийгөө хамгаалахыг хичээх хэрэгтэй талаар нэгэн сэтгэлзүйч хэлж байсныг санаж байна. Энэ үнэхээр үнэн гэдгийг ч ойлгох боллоо.

Бидний хүүхдүүд Ерөнхийлөгч, сансрын нисэгч, сайд, дарга болох нь огт чухал биш. Харин тэд маань жинхэнэ хүн л болох ёстой. Бусдадаа хайрлагдаж, үгүйлэгддэг, үргэлж хэрэгтэй, бас хүндлэл хүлээсэн нэгэн болох нь л чухал. Аз жаргалтай амьдарч, амьдралынхаа утга учраар бахархдаг, аливаад чин сэтгэлээрээ ханддаг байхад л хангалттай.

 

Үр хүүхдээ хэрхэн сайн хүмүүжүүлж, бусдад хэрэгтэй хүн болгосноор л бидний амьдралын үнэ цэнэ тодорхойлогдох билээ

 

 

Хүүхдээ ийм хүн болж өсөөсэй гэж та хүсдэг бол түүнтэйгээ яг тэгж харьцаарай. Түүнийг чин сэтгэлээсээ сонсч, ярилцаж, чин сэтгэлээсээ тогло. Тэгвэл тэр таны хүссэн тийм л хүн болно.

Бидний хэдэн төгрөг олдог, ямар орчинд амьдардаг, хэчнээн үнэтэй хувцас өмсдөг нь хэнд ч чухал биш. Харин өөрсдөөс минь үлдэх үр хүүхдээ хэрхэн сайн хүмүүжүүлж, бусдад хэрэгтэй хүн болгосноор л бидний амьдралын үнэ цэнэ тодорхойлогдох билээ.

 

www.mongoljingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх