Шинэ Засгийн газар дуулиан шуугиантай бүрдэж аваад ажилдаа орлоо. Г.Занданшатарын танхимд МАН 15 суудалтай. Тэдний найм нь шинээр орж ирэв. Шинэхэн сайд нарт Ерөнхийлөгч юу гэж захисан талаар сэтгүүлчид асуутал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Хулгай битгий хийгээрэй. Үнэнээ хэлээрэй. Зөв шударга ажиллаарай гэсэн” хэмээн хариулж зогсоно.

Бас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Ерөнхийлөгч хууль бус зүйл хийж болохгүй. Зөв зүйтэй ажиллах ёстой шүү гэлээ” гээд камерын өмнө жишим ч үгүй ярилаа. Төрийн тэргүүн яагаад сайд нартаа ингэж сануулж, захих болов. Ямар дөнгөж хүүхдийн колониос суллагдсан өсвөр насны банди нарт захиж байгаа биш. Магадгүй учраа мэдэхгүй гэнэн томоогүй зандаа хөтлөгдөн “аавын хаалга” татаад гарч ирсэн хүүхэд байсан бол ингэж хэлж болох сон. “Миний хүү дахиж битгий хулгай зэлгий хийгээрэй. Одоо зөв замаар л амьдрах хэрэгтэй. Буруу хүмүүстэй нөхөрлөж болохгүй. Ийм газар руу дахиж явалтгүй шүү” гээд захих байх. Гэтэл Ерөнхийлөгч бүхэл бүтэн төрийн сайд нартаа ингэж захиас айлдаад, тэрийг нь өнөөдүүл нь олон нийтийн өмнө ил цагаан ярихын цаана олон асуулт хариултаа нэхэж байна. Ингэхэд ийм яриа гартал нь МАН-ын гишүүд итгэлгүй болчихсон хэрэг үү. Эсвэл хулгай хийчихээд үнэнээ хэлээд толгойгоо илүүлээд зүгээр өнгөрчихдөг улсууд уу.

Бас Ж.Чинбүрэн гэж шинэ сайд байна. Энэ хүн бол хавдрын урдаа барьдаг алтан гартай сайн эмч. Гишүүнийхээ ажлын хажуугаар мэс засал хийдэг, мэргэжилдээ үнэн голоосоо хайртай бахархам нэгэн. Гэтэл сая мань хүн “Сайд бол ял” гээд л орилоод гараад ирсэн. Түүний ярьснаар гишүүн байх нь эмч байснаасаа хүнд ч бас ч гэж сайдын хажууд амар гэсэн. Харин сайд болсноор ямба эдлэх биш ял үүрч байна гээд цухалдаад байгаа. Сайдын суудлыг тэгж л их ял гэж боддог байсан юм бол яагаад Эрүүл мэндийн сайд руу төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн юм бэ. Түүний ойлголтоор мэс засал хийж, өвчтөнүүдээ эмчлээд дуртай ажлаа хийгээд явж байтал нь хүчээр УИХ-ын гишүүн болгоод шийтгэчихсэн юм байна л даа. Гэтэл хэн нэгэн түүнд зэвүү нь хүрээд хорлохдоо гишүүний дарамттай ажил дээр нь давхар ачаа үүрүүлчихэж. Шоронгийн хэллэгээр чанга дэглэмд явуулчихаж байгаа юм уу даа. Шорон гянданд хоригдож байгаа улсуудын хар ярианы буюу жоргоон хэлээр “Энэ хүү бол чангын нүүрний баясгалантай юм” гэж хэцүү дээрэнгүй, дахин шорон оронд орчихож магадгүй хүнийг хэлж байдаг. Тэрэн шиг л “сайдын нүүрний баясгалантай хүү” гээд улам хэцүү ажилд тохоочиховоо доо янз нь. Эрхэм сайд, дарга та бүхний сүрхий шударга үнэний дүрд ороод яриад байгаа зүйлийн утга агуулга ард түмэнд ингэж л харагдаж байгаа шүү. Өөрсдөдөө бол аягүй шударга, сайн ажиллахаа л ингэж ойлгуулаад байгаа бололтой. Гэвч энэ буруугаар ойлгогдоод төрд очоод хулгай хийх мэдээжийн юм шиг, хулгай хийхгүй байх нь амь өрссөн зүйл мэт харагдаж байна.

Монгол Улсад хамгийн сайхан мэргэжил, ажил алба чинь төр засагт ард түмнийхээ төлөө зүтгэх биш юм уу. Тэр дундаа сайд, гишүүн, дарга хийх биз дээ. Юуны төлөө төр өөд мацаж гарсан билээ гэдгээ ухамсарлаж, санах ёстой. Хүнлэг, ёс суртахуунлаг, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй зүтгэх нь сайд, дарга нарын үүрэг. Гэтэл манай төрд очсон улсуудад ард түмний төлөө зүтгэх, аж амьдралыг нь дээшлүүлэх, ахуй байдлыг нь дэмжиж хөгжүүлэх бодол ер нь байна уу. Арай та нар шоронд орчихгүйхэн шиг хулгай хийгээд явдаг ажил бол сайд гэж бодоогүй биз дээ. Эсвэл сайдын сэтэр зүүгээд, ард түмний татварын мөнгийг хулгайлах нь ажил хэргийн үүрэгт нь ордог гэж бодоод байна уу.

Монголын нийгэм ингэтлээ доройтох гэж халаглах улсууд олон. Яг үнэндээ өнөөгийн нөхцөл байдал нийгмийн доройтол биш. МАН-ын гишүүдийн ёс суртахуун л ингэтлээ доройтсоны тод илрэл. Ийм хүмүүсээр дахиж төр бариулаад нэмэр байна уу. Нарийн яривал энэ намыг дахиж сонгуульд оролцуулах ч хэрэг алга. Шинэ Засгийн газар нь Ерөнхийлөгчөөс “Хулгай хийж болохгүй шүү, хийвэл үнэнээ хэлээрэй” гэдэг захиас авч байхыг бодоход итгэхэд хэцүү л юм даа. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар нь юу болж хувирав аа. Баахан хулгай зэлгий хийх гэсэн, ял эдлэх гэсэн хүмүүсийг хянагч болж хувирах гэж байгаа юм уу.

Уг нь энэ Засгийн газар чинь монголчуудыг дэлхийн хүний жишигт хүргэж, Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаатай байлгаж ард түмнээ жаргаах гэж бүрдэж эмхэрсэн биш юм уу. Тэгэхээр төрд гарсан гэдгээ ухамсарлаж хэлэх үгээ оюундаа тунгааж баймаар байна. Нийгмийг төлөөлж, төрийн жолоог атгалцаж байж хэлэх үг, хэлэхгүй үгээ мэддэг байх сан. Та нарын хэлж буй үг, хийж буй үйлдэл нийгэмд шууд бууж байдаг. Нийгмийг ёс суртахууны доройтолд ороход улстөрчид асар их нөлөөтэй. Тиймээс төрийн өндөр заяанд заларчихаад ийм ёс суртахуунгүй, ухамсаргүй үйлдлээрээ доромжилж, тохуурхаж болохгүй. Ийм бодолтой сайдуудтай Засгийн газар цаашаа хэр удна гэж ажиллаж, амьдрах юм бэ. Эдийн засаг хумигдаж, мөнгөний эргэлт саарч, иргэдийн худалдан авах чадвар муудаж, амьдралын чанар яаж доошилж байгаа билээ дээ.

Дэлхийд цойлж байсан Хятадын эдийн засаг яаж унаж байгааг харж байна уу. Дайнтай холбоотой олон улсын хоригт орсон хойд хөршийн эдийн засаг хүртэл хүнд хэвээр байгаа. Ийм эгзэгтэй цаг үед ажиллах шинэ Засгийн газрын байж байгаа царай үнэхээр хэцүүхэн харагдаж байна.

 

М.Энхцэцэг