Шийдлийн Засгийн газрын тэргүүнээс шийдэл хүлээсээр байна

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 28

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус аймгийн Засаг дарга Л.Одсэрийг огцруулах саналыг Монгол Улсын хууль тогтоомжийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж, холбогдох бичиг баримтын хамт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  хүргүүлсэн байна.

Аймгийн Засаг дарга Л.Одсэр нь засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах үүрэгтэй боловч энэхүү үүргээ умартан Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөнийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор  эцэслэн тогтоосон бөгөөд түүний хууль бус үйл ажиллагааны улмаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид доголдол гарч, орон нутгийн иргэдийн ажил, амьдралд учруулах хүндрэл, бэрхшээл нэмэгдэж байгааг онцолсон байна..

Тус аймгийн иргэдийн зүгээс аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын ХЭГ-ын дарга, сайд  С.Баярцогт болон бусад албан тушаалтнуудад албан бичгээр буюу бусад хэлбэрээр удаа дараа мэдээлж байжээ.

Иймд нэг намын бус, Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэг хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Говьсүмбэр аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн төлөөлөгчдийн хуульд нийцсэн саналыг хүндэтгэн үзэж, зохих журмын дагуу яаралтай шийдвэрлэхийг хичээнгүйлэн хүссэн байна.

Одоо Говьсүмбэр аймгийн иргэд Шийдлийн гэх Засгийн газрын Тэргүүнээс шийдэл хүлээсээр байна.

www.unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх