
НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Чип төслийн хүрээнд нийслэлийн Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5,000 айлын гэр, байшинд дулаалга хийж буй. Уг дулаалгад хамрагдсан иргэн ийнхүү ярив.
Баянгол дүүргийн иргэн Э.Батзолбоо “Манайх гэрээ байгуулж, Чип төслийн хүрээнд дулаалга хийлгэсэн. Энэхүү дулаалга нь цас, борооноос хамгаалсан синтефон, бэрзэнтин бүрээс бүхий бүтэн хучилттай. Өмнө нь гэрийн хаяагаа дулаалсан ч дулаан алддаг байсан бол энэ жил маш дулаахан байна. Цас орсон өдрүүдэд бүрээс ус, чийг нэвтрүүлээгүй. Цонхны агаар сэлгэлт хийж өгсөн нь угаартах эрсдэлээс сэргийлж байна.

Манайх хагас коксон түлш түлж байгаа. Эхэндээ түлэх аргаа мэдэхгүй байсан ч модоо ахиухан хийснээр сайн асаж, утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалдаг. Хүйтэн өдөр хоёр хувин, дулаан өдөр нэг хувин түлш түлж байна. Иргэд бид өөрсдөө гэрийн дулаалга, битүүмжлэлийг сайн хийж, зөв галлагааны горимоор галаа түлж, агаар сэлгэлт хийх, угаар мэдрэгчээ байнга асаалттай байлгах хэрэгтэй юм байна” гэв.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хийн хангамжийн инженер П.Анхбаяр “Галлагаа хийхийн өмнө зуухаа сайтар цэвэрлэж, зөв галлагааны горимоор түлэх нь чухал. Төслийн зуух доош соролттой бүтэцтэй тул түлш хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна. Мөн зуухны арын салхивчийг нээлттэй байлгах хэрэгтэй. Зарим айл угаар мэдрэгчээ унтраах, үүдэндээ гаргаж тавих тохиолдол гарч байна. Угаар мэдрэгчийн ажиллагаа өмнөх жилүүдээс сайжирсан тул дохиолол өгөхөд нь унтраалгүй, байнга асаалттай байлгахыг” зөвлөлөө.