Ч.Ганхуяг: Хэн анд нөхөр, хэн ул долоогч байж вэ гэдэг нь маш сайн ялгарлаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 29

Ард санхүүгийн нэгдэл” болон “Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр сүүлийн дөрвөн жил маш идэвхтэй ажилласны дүнд “Ард” хэмээх айлын гал голомтыг Монголын санхүүгийн зах зээлд асаагаад байна.

 

-Гурван компанийнхаа хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа гэж сонслоо. Олон компанийн хувьцаа зэрэг арилжих гэж байгаа нь ямар учиртай юм бэ?

-“Ард санхүүгийн нэгдэл” 600, “Ард даатгал” компани зургаа, “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага дөрвөн хөрөнгө оруулагчтай.

Компани нэг талдаа мөнгө босгох гэж, нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчид бие биедээ чөлөөтэй худалдах боломж нээх, хөрвөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор хувьцаа гаргадаг.

Бид аль, аль талаас нь харж байна. Бас ашиг өгөөж гарах болов уу гэж таамаглаж байгаа. Яагаад гэвэл, компани нээлттэй болоход хувьцааных нь ханш өсдөг.

-Энэ жилдээ багтааж бүгдийнх IPO хийх үү?

-Энэ жилдээ багтаж амжуулахаар төлөвлөсөн. “Ард санхүүгийн нэгдэл”-ээ хаалттай хувьцаат компани болгосон байгаа.

-Танайх “Жинст-Увс” компанийг худалдаж авсан. “Ард санхүүгийн нэгдэл”-ийг энэ компанитай нийлүүлэх замаар IPO хийлгүйгээр олон нийтийн компани болгочихно гэж ярьж байсан. Яг ингэж хийх үү?

-“Жинст-Увс”-ыг “Ард санхүүгийн нэгдэл”-тэй нэгтгэх төлөвлөгөөгөө хойш тавьсан. Эхлээд “Ард даатгал”, “Ард кредит”-ын IPO-г хийх юм. Дараа нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийг яахаа шийднэ. Олон нийтийн сонирхлыг татах боломжтой компани “Ард даатгал”, “Ард кредит” яах аргагүй мөн.

Энэ хоёрын хувьцааг гаргасны дараа “Ард санхүүгийн нэгдэл”-ийнхийг арилжихад үнэлгээнд нь сайнаар нөлөөлөх болов уу. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа ерөнхийдөө төвлөрөөд дуусаж байгаа.

Эхний 10-аад хөрөнгө оруулагч хувьцааных нь 80 орчим хувийг эзэмшдэг болсон. Гэхдээ компанийн хувьцаа нэг хүний гарт төвлөрөөгүй. Хамгийн том хөрөнгө оруулагч компанийн 14 хувийг эзэмшиж байна. Би 9.5, манай Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 11 хувийг нь эзэмшдэг.

-Та “Хөрөнгө оруулагч үндэстэн” санаачилгаа ярихдаа “Бид банктай болно” гэсэн. Шинэ банк байгуулах зорилт тавьчихаад яваад байна уу?

-Банктай болно гэдгийг маань санхүүгийн зуучлагчийн үйлчилгээг өргөжүүлнэ гэж ойлгох хэрэгтэй юм шүү. Бүтэц нь салангид болохоос биш, бидэнд банк бий. “Ард кредит” гэж зээл олгодог банк бус санхүүгийн байгууллага, “Ард актив” гэж хадгаламж татдаг хоршоо байна.

Мэргэжлийн талаас нь харвал манайх банктай санхүүгийн нэгдэл. Гэхдээ банк гэдэг үгийг Монголбанкнаас зөвшөөрөл авсан банк л ашиглах хуультай.

-“Хас” банкнаас хөрөнгө оруулалтаа татсанаа олон нийтэд мэдэгдсэн. Яагаад “Хас”-аас явахаар шийдэв?

-Намайг “Хас” банкийг хэрхэн байгуулсан түүхийг монголчууд мэдэх байх. Тиймдээ ч “Хас”-ын Ганхуяг гэдэг шүү дээ. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн Монгол орны тусгаар тогтнолыг ганхуулж мэдэхээр байсан. Тухайн үед бизнесээ хийгээд суугаад байж болохгүй юм байна, улс төрд орж, эх орныхоо төлөө ажиллах хэрэгтэй юм байна гэж бодсон.

Би улс төрийн ажлыг цахилгаан шатанд сууж дээшээ өгсөөд, цэнгэлийн манлайд гарчихлаа гэж хардаггүй. Тэгэх гэж улс төр хийж байгаа бол сайн үр дагавар гарахгүй гэдгийг туршлага багатай, мангар харагддаг ч ойлгохтойгоо шүү.

Тэгээд улс төрд орлоо. Нийслэлийн ИТХ-ын 2008 оны сонгуульд бие дааж, нэр дэвшээд ялагдсан. Дараа нь МАН-д элсээд, 2009 оноос С.Батболд Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажилласан.

Бас 2011 оноос хэсэг хугацаанд Сангийн дэд сайдаар ажилласан. Би ажил хийх гэж улс төрд орсон. Цэрэгт татагдаад эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэж яваа залуу шиг л.

“Чи Сангийн дэд сайд байхдаа юу хийсэн юм бэ” гэж хүмүүс нийгмийн сүлжээгээр дамжуулж асуудаг л юм. Цаг нь болохоор юу хийснээ албан ёсоор хэлж өгнө. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшээд ялагдсан. Нэгэнт улс төртэй хутгалдчихаад эргээд банкныхаа ажлыг хийх нь надад ч, бизнест ч дэмий байсан.

Бид түншүүдтэйгээ нийлээд “Хас” банкны толгой компани “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны 30 гаруй хувийг эзэмшиж байлаа. Бидэнтэй МАК, “Ронок” компани хамтарч байсан. Хувьцааных нь 40 хувийг эзэмших гээд үзтэл “Хас” банк, “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-д итгэж найдаад орхисон монголчууд миний эсрэг ажиллаж, ярьсан тохирсноосоо буцсан.

Тэд гадаадын хөрөнгө оруулагчидтай нийлчихсэн. Тэгээд манай эзэмшлийг задлахад 10 орчим хувийн хувьцаатай хоцорсон юм. Эхлээд таван хувийг нь, саяхан үлдсэнийг нь зарлаа. Гэхдээ би “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-д монголчуудыг эзэн суулгах зорилгоосоо буцаагүй. Ганц хоёр хүн урваж шарваа л биз.

Нөөц бололцоогоо дайчлаад, сайхан хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр “Ард санхүүгийн нэгдэл”-ийг хөл дээр нь босголоо. “Хөрөнгө оруулагч үндэстэн”-г санаачлаад явж байна.

Энэ бол эцсийн дүндээ гадаадын хөрөнгө оруулагч биш, монголчууд хувьцааг нь эзэмшээд, өөрсдөө тэндээ ажиллаад, мөнгөө хадгалаад, зээл аваад, гүйлгээгээ хийгээд ашгийг нь хүртье гэсэн санаа юм.

-Санхүүгийн зах зээл таны ялагдашгүй талбар юм биш үү?

-Нэгдүгээрт, би улс төрд өөрийгөө ялагдсан гэж боддоггүй. Сонгуульд ялагдахад хүргэсэн тодорхой шалтгаан бий. Ялагдаагүй юм шиг янз бүрийн зүйл ярьж, гоншгоноод яах вэ. Гэхдээ би өөрөө өөртөө ялалт байгуулсаар ирсэн.

Улс төрийн ялагдал надад “Ард санхүүгийн нэгдэл”-ийг байгуулах, найз нөхөд, хамтран зүтгэгчдээ ялгаж салгах боломж олголоо. Хэн анд нөхөр, хэн ул долоогч байж вэ гэдэг нь маш сайн ялгарлаа. Үй зайгүй хүрээлж байсан хүмүүс одоо “Хас”-т ажиллаж л байгаа.

Хүн ялагдаж байж үнэн мөнийг, хүний мөсийг ялгах боломжтой болдог юм байна. Эргээд харахад дандаа ялсан юм шиг санагддаг. Илүү хурцлагдаж байна, бодчихоод, эхлүүлээд орхисон зүйлээ хийж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид нэг өдөр хувьцаагаа зараад “Хас”-аас гараад явна. Тэгэхээр нь монголчууд эргүүлээд худалдаад л авч таарна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх