Онгоц “барьцаалсан” гурвын цаад паян

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 01 ・ 5

 

 

Бараг дэлхийд анх удаа юм даа, төрийн өндөр албаны хүмүүс онгоц хагас цаг орчим “барьцаалан” саатуулсан үйл явдал Монгол Улсад гарсан тухай гадны мэдээллийн сайтуудад тавигдлаа. УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нар хоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх МИАТ-ийн онгоцыг 33 минут орчим саатуулжээ. Азаар асуудал ужигралгүй төрийн томчуудын ханд нь дарагдсанаар нислэгийг үргэлжлүүлэх болсон нь тэгсгээд олон улсад түгэн дэлгэрэлгүй намжсан бололтой гэж найдъя. Тэрнээс тэрхүү олон улсын нислэг дахиад нэг цаг орчим саатсан бол дэлхийгээр нэг шившиг болох байжээ.

Энэ үйл явдал яг юу болсон гэхээр 2016 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн OM135 дугаар аяллын онгоцонд Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энгийн ангиллын тийзээр зорчихоор орж ирсэн байна. Тэдэнд хуваарьт суудлыг нь зааж өгтөл тэдгээр нөхөд “Үгүй ээ, бид бизнес ангиллын суудалд сууна” гэжээ. Сүүлд гурван нөхрийн өгч байгаа мэдээллээр бол “Анх тэгж дуугарсан хүн нь Ц.Оюунбаатар, тэрнээс бид хоёр дуугүй л байсан” гэж ярьж байгаа. Онгоцны үйлчлэгч “Та бүгдийн суудлын захиалга энгийн учраас тэндээ суух ёстой” гэдгийг албан ёсоор тайлбарласан ч хүлээж аваагүй байна. Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь нар онгоцны үйлчлэгч, нисгэгч нар дээр очиж "Бид энгийн суудалд суухгүй. Энэ тасалбараар нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна "хэмээн зүтгэжээ. Улмаар дуу нь чангарч "Бид УИХ-ын гишүүд. Танихгүй байна уу. Энгийн хүмүүс шиг энд суухгүй, заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” гэжээ. Асуудал маргааны байдалд хүрч, улмаар нисэх боломжгүй болгожээ. Зорчигчдын амгалан тайван байдал ч алдагдсан байна. Зорчигчдыг үл огоорсон УИХ-ын гишүүдийн уур омог их байсныг онгоцонд явсан хүмүүс гэрчилж ярьсан байна лээ. Ингээд эцэстээ онгоц нисэх боломжгүй байдалд хүрч, үнэн хэрэгтээ нислэгийг УИХ-ын гурван гишүүн “барьцаалан” саатуулахад хүрсэн тул МИАТ-ийн удирдлагын түвшинд асуудал очжээ. Ингээд нислэгийн дүрэм журам хийгээд хуульд заасны дагуу “Хуваарьт нислэгт саад болж буй зорчигчдыг ачаа тээштэй нь хамт буулгаж, дараагийн нислэгээр явуул” гэх үүргийг нислэгийн удирдлагын төвөөс онгоцны жолооч, үйлчлэгч нарт өгсний дагуу гурван гишүүнийг онгоцнооос буулгахад хүрчээ. Онгоцны үйлчлэгч УИХ-ын гурван гишүүнийг буулгахыг завдсанаар тэдний уур омог дарагдаж чимээгүйхэн, амандаа элдвийг үглэсээр энгийн иргэдийн суудалдаа суусан байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: