Арьсаа хамгаалахын тулд сайн ариутгаж байх хэрэгтэй 7 төрлийн эд зүйлс

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 05

“За, бараг л би мэднэ дээ”, гэж боддог ч гэлээ мөрдөж дагалгүй тэгэсхийгээд үлдээчихдэг зүйлс л арьсыг минь гэмтээж хамгийн их хохироож байдаг. Энэ мэдээг бэлдэхээс өмнө би хэзээ ч эдгээр зүйлс ийм их нян агуулж байдаг гэж бодож байсангүй. Хамгийн гол нь арьсаа сайн арчлаад байгаа хэрнээ яагаад эргээд л батга болон элдэв тууралт үүсээд байдаг юм бол? яагаад өнгө нт гэрэлтэхгүй нэг л үхмэл харагдаад байгаа юм бол гэж гайхдаг байсан юм. Шалтгаан нь хэрэглэж байгаа эд зүйлсэд л байсан юм байна.

Арьсаа хамгаалахын тулд сайн ариутгаж байх хэрэгтэй 7 төрлийн эд зүйлс

Мэдээний зураг: Загвар өмсөгч Нора Дагва

 

1. Гар нүүрийн алчуур
Гар нүүрийн алчуурыг хоёр хоногтоо заавал нэг угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь агаарт хөөрч явсан элдэв нянтай тоосонцор хамгийн түрүүнд өглөө нүүр гараа арчсан чийгтэй алчууранд л наалддаг юм байна. Барагцаагаар 2000 төрлийн нян алчууран дээр чинь байхад яаж нүүрэн дээр юм туурахгүй, батга эргэн гарахгүй байх вэ дээ! Гэхдээ энэ нь ганц хүний хэрэглэдэг алчууран дээр үүсдэг хэмжээ. Хэрвээ чи гэр бүлтэйгээ хамт нэг алчуур хэрэглэдэг бол энэ тоо хэд дахин үржигдэж өснө. Аль болох хоёр хоногтоо нэг удаа гар нүүрийн алчуураа угааж заншаарай. Мөн эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд гэр бүлийнхнээсээ тусдаа өөрийн гэсэн гар нүүрийн алчууртай болох хэрэгтэй шүү. Заавал ...

2. Цагаан хэрэглэл
24 цагаас хамгийн багадаа 8 цагийг чи цагаан хэрэглэлдээ өнгөрөөдөг шүү дээ. Гэтэл бид тэр цагаан хэрэглэлийг тогтмол сайн ариутгаж угаадаг болов уу? Нэг талаасаа зарим цагаан хэрэглэл маш хурдан үжирч хуучирдаг учраас байн байн цэвэрлэх нь эдийн засагт зардалтай байдаг. Чи минь хувцас биежүүлэгч бодисын талаар дуулж байсан уу? Гоолингоо нь энэ талаар тийм ч сайн судалж мэдээгүй учраас шууд зөвлөж хэлэхээсээ эмээж байна. Гэхдээ ямар ч байсан арьсанд чинь халдах нянгууд цагаан хэрэглэлд чинь нуугдаж байж мэдэх учраас аль болох богино хугацаанд тогтмол угаалга хийж байхыг хичээгээрэй.

3. Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн
Хэдий бид маш сайн мэддэг ч гэлээ, тийм ч их ойшоодоггүй зүйл бол хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн. Зарим үед хугацааг нь ч анзааралгүй авчихдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнийг шууд л арьсандаа түрхэж хэрэглэдэг учраас хүнсний бүтээгдэхүүнээс ялгарах зүйлгүй. Хугацаа, найрлага зэргийг маш сайн асууж, судалж байж худалдан авч байгаарай. Мөн хэзээ ч, хэнтэй ч бүү гоо сайхны хэрэглэгдэхүүнээ хувааж хэрэглэ. Багс, порлон, сормуусны будаг, уруулын будаг, нүдний тень, хөмсөг зулгаагч, сормуус дэрвийлгэгч гээд чиний арьсанд шууд л хүрдэг тэр бүх зүйлсийг хувийн эзэмшилдээ авч сайн ариутгаж ганцаараа л хэрэглэж бай. Нэг талаараа хэтэрхий сүртэй зүйл мэт боловч арьс өөрөө хамгийн эмзэг зүйл учраас яаж ч мэдэх гэмтэй юм шүү дээ.

4. Усны онгоц
Усны онгоцны ирмэг дээгүүр маш их нян үржиж байрладаг. Угаасаа чийглэг орчин шүү дээ. Дээр нь нэмээд бид усан онгоцонд умбаад гарахдаа арьсныхаа хамгийн их нянтай хэсгийг үлдээгээд гардаг учраас дараа нь маш сайн ариутгах хэрэгтэй байдаг. Мөн хэзээ ч бүү усан онгоцоо бохир хэвээр нь үлдээж хонуулаарай. Энэ нь чиний арьсанд маш их хортой шүү.

5. Дэр
За яг үнэнийг хэлэхэд үс, тоос, шүлс, нус, гуужсан арьс гээд бүхий л аюултай гадны биет дэрэн дээр байгаа. Яах аргагүй гурваас дээш тооны солионы дэрний ууттай болох хэрэгтэй шүү. 7 хоногтоо тэдгээрийгээ сольж хэрэглэх нь зөв. Энэ үнэхээр чухал зүйл. Учир нь дэрэнд 6000 төрлийн бүр түүнээс ч их нян байх магадлалтай.

6. Шүршүүр
Харин ч цэвэрхэн байдаг юм биш үү, гэж үү? Аваад цэвэрлээд үзэхэд буруудахгүй! Учир нь энд л хамгийн олон төрлийн нян үржиж болохуйц чийгтэй болоод битүү орчин байдаг юм шүү дээ. Мөн аль болох ариутгах бодисоор сайн цэвэрлэж байгаарай.

7. Ороолт
Хамгийн аюултай нь!
Бороо, цас, шороо, шуурга, тоос, шүлс, амны уур гээд наалдахгүй зүйл гэж үгүй. Бактери үржихэд гурван хүчин зүйл нөлөөлдөг. Нэгт органик материал, хоёрт халуун орчин, гуравт чийг. Ороолт болон алчууранд бактери үржих орчин хангалттай бүрдчихсэн байдаг учраас аль болох л ариутгаж сайн угааж байх хэрэгтэй. Ялангуяа агаарын бохирдол ихтэй манай оронд бол хүйтэн сэрүүний улиралд ороолтоо байнга цэвэрлэж байгаарай! Бас өөр хүнтэй сольж хэрэглэхээс аль болох татгалзах нь зөв.
Эцэст нь хэлэхэд бүх нян бактериас зугтаж амьдрахыг санал болгох гэж энэ мэдээг бичээгүй юм шүү. Дээрх зүйлсийг мэдэж авчихаад өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, энгийн зуршлуудынхаа нэг болгочихвол хэрэгтэй учраас орууллаа. Өөртөө арчаатай байж байж л бид залуу сайхан арьсаа эрүүлээр нь удаан хадгална шүү дээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх