Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 13 цагийн өмнө

Монголын урлагийн рок попын ертөнцөд нэгэн үед уран бүтээлээрээ ширүүхэн өрсөлдөж явсан хамтлагууд энэ удаа хамтарч, үзэгч, фенүүдээ уярааж, догдлуулж, дурсамжийг нь сэргээж, сэдрээхээр болоод байна.

Тэд бол хайрын дууны бэлэг тэмдэг гэж хэлэгддэг “Мотив”, “Нэгэн зүгт”, “Take off”, “Sync” хамтлагийнхан. Тэд маргааш буюу 6 дугаар сарын 7-нд SocialPay park-т “ALL IN HIT 2” тоглолтоо зохион байгуулахаар болсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдээллээ. 2000-аад оноос хайрын дуунуудаараа олны сонорыг мялааж, фен охидын зүрхийг шархлуулж, залуусын үлгэрлэл, имижийг бүрдүүлэх сэдэл нь болж ирсэн тэдний хувьд энэ удаагийн тоглолт зочин уран бүтээлчдийг олноор нь оролцуулахаар төлөвлөжээ. Өөрсдийнх нь хошигносноор бол тухайн үеийн уран бүтээлчдээс BX, Нара, Темоноос бусад нь оролцох юм байна.

Мэдээж хамтарч бас дурсамж тоглолтоо хийж байгаа учраас фенүүдийнх нь хувьд хүлээлт болсон дуунуудаа хүргэнэ. Тухайлбал, “Мотив”-ийнхон “Цасан бороо”, “Чи минь ганцхан”, “Чамдаа”-гаа дуулна. Харин “Нэгэн зүгт” хамтлагийнхан “Хайр ирлээ”, “Take off” “Чиний явсан зүг”, “Цасан дээр”, “Sync”-ийнхэн “Шүрэн бугуйвч”, “Би мэдэж байна” зэрэг хитүүдээ хүргэнэ.

Нэгэн цаг үед уран бүтээл хийж байсан boyband хамтлагууд ийн хамтарч задгай талбайн шоу хийж байсан нь Монголд байтугай дэлхийд ч өмнө нь болж байгаагүй гэдгийг хөтлөгч Цоомоо хэлж байна билээ. Тэр ч утгаараа тайз, дэлгэц, зохион байгуулалт бүх зүйлийг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Дашрамд дуулгахад, 2016 онд "Motive", "Нэгэн зүгт", "Sync", "S4" хамтлагууд хамтран "Best hits" тоглолтыг зохион байгуулж байсан бөгөөд үзэгчдийн дунд өндөр үнэлгээ авч, эргэн тайзнаа гарах мөчийг нь хүлээдэг болсон. Тэгвэл дээрх бүрэлдэхүүнд “Take off” орж ирснээр ийн дээрх хүлээлтийг биелүүлэх нь ээ.

​​​​​​​


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх