“Нэр нэгтийн чих нэг”
Монголчууд бид “Нэр нэгтийн чих нэг” гэж ярилцдаг. Ардчиллын 25 жилийн түүхэнд Монгол Улсын хөгжлийн өнгийг тодорхойлж, ээлж дараалан төр удирдсан хоёр том улс төрийн хүчний дарга нар Энхболд нэртэй амьдаа нар байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татав. Урьд өмнө Монголын байтугай дэлхийн улс төрийн түүхэнд ч ийм зүйл тохиолдож байгаагүй нь 2016 оны УИХ-ын сонгуулийг бүр ч сонирхолтой болгож байна. Жишээ нь ОХУ-ын Нэгдмэл Орос намын дарга Путин, Коммунист намын дарга нь бас Путин, АНУ-ын БНН-ын дарга нь Обама, Ардчилсан намын дарга нь Обама нэртэй байсан бол дэлхий даяараа шуугиад бөөн юм болох байв.
Хоёр том намын даргын нэр адилхан Энхболд боловч нэлээдгүй зүйлээрээ биесээсээ ялгарна. Жишээ нь, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд том биетэй бол Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд жижиг биетэй. Гадна төрхийг нь ажвал “том” Энхболд нь алаг нүдтэй, “жижиг” Энхболд нь зураасан нүдтэй. Бүр монгол ёс жаяг, уламжлалаас нь харвал “том” Энхболд нь нүнжигтэй, “жижиг” Энхболд нүнжиггүй.
Үүний тайлал нь, “жижиг” Энхболдоосоо “том” Энхболд нь хүний нүдэнд илүүтэй дулаахан харагдана гэсэн үг. Хөдөөгийн хөгшдийн ярьдгаар том
биетэй хүн тайван, ноён нуруутай, хүлээцтэй, жудагтай байдаг. Харин жижиг биетэй хүн хэл ам ихтэй, хэрүүлч зан авиртай, адгуу зантай байдаг ажээ. “Том”, “жижиг” Энхболдуудын ялгаа ч хөдөөгийн хөгшдийн ярианаас тод томруун харагдана.
“Том” Энхболд нь нэг их хов жив хөөцөлдөж жижиг улс төр хийдэггүй бол “жижиг” Энхболд нь ганц ч үг газар гээлгүй зарга үүсгэдэг зантай. Улмаар түүний энэхүү төрөлх зан чанар нь УИХ-ын дарга болсон цагаас нь илтэд мэдрэгдэх болсон юм. Үг хэлж буй гишүүдийн эрхэнд бүдүүлгээр халдаж, үг бүр дээр нь коммент хийдэг болсон нь ард түмний дургүйцлийг дээд зэргээр хүргэж буй. Нийгмийн эл чиг хандлага хүүхэн шиг шалчигануур биш, төрийн ноён нуруутай, ёс зүйтэй, жудагтай лидерийг хүсэж буйг тод томруунаар илтгэж байна.
Хоёр Энхболд хоорондоо хоёр насны зөрүүтэй. Ардчилсан намын дарга “жижиг” Энхболд 1966 онд төрсөн бол “том” Энхболд 1964 онд төржээ. Монгол ухаан, дорно дахины уламжлалаа дагах юм бол “Ах нь сургаж дүү нь сонсдог”, “Ахыг алд хүндэл, дүүг дэлэм хүндэл” гэсэн сургаал бий. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийгмийн бухимдал дээд цэгтээ тулж хүн бүр дарангуйлагч болохыг эрмэлздэг болсон нь “жижиг” Энхболдын нөлөө. Бүр ойрын жишээ татахад, манай танилын хүүхэд телевизээр парламентын тойм мэдээ үзэж суугаад З.Энхболдын дарангуйллыг харчихаад “Аав аа... Энэ хүн УИХ-ын гишүүдийг загнаж байгаа юм чинь том дарга, тийм ээ. Би ангийн дарга юм чинь ангийнхаа хүүхдүүдийг ингэж загнаж болох юм байна, тийм ээ...” гэж ярьсан байгаа юм.
Ийм л явуургүй үлгэр дууриаллыг “жижиг” Энхболд хойч үедээ үзүүлж сууна. Харин “том” Энхболд нэгэн ярилцлагадаа “Монгол хүн хэзээнээсээ ах захаа хүндэлдэг, өвгөд хөгшдийнхөө үнэтэй сургаал зөвлөмжийг сонсдог байсан” хэмээсэн нь энэ хоёр хүний ялгааг бүр ч тодоор харуулна.
“ТОМ” НЬ НАМЫН ДАРГА, “ЖИЖИГ” НЬ ФРАКЦЫН ДАРГА
“Том” нь буюу Миеэгомбын Энхболд нь Монгол Ардын Намын дарга. Харин “жижиг” нь буюу Зандаахүүгийн Энхболд нь “Шонхор” фракцын дарга (тэрбээр ҮЗХ-гоо хуралдуулж жинхлээгүй байгаа). “Том” Энхболд нь МАН-даа үнэнч бол “жижиг” Энхболд нь “Шонхор”-тоо үнэнч. Ямар ч хүнд хэцүү цаг үед нөхөрлөлдөө үнэнч байж, хүн чанар, ёс жудаг гаргаж хаяагаа хадардаггүй хүн нь “том” Энхболд гэж улс төрийн хүрээнийхэн ярилцах юм билээ. Тэгвэл эсрэгээрээ “жижиг” Энхболд өөрт нь таагүй хандсан хүнийг зуумтгай, хаяагаа хадардаг, амин хувиа хичээсэн гэж мөн л улс төрийн хүрээнийхэн ярилцдаг.
Хоёр Энхболд хоёулаа л Монголын улс төрд мөртэй, нүүртэй явсаар өнөөдөртэй золгосон. “Том” Энхболд нь сөрөг хүчний байр сууринаас эрх баригч намын Ерөнхий сайдыг нэг удаа унагасан бол “жижиг” Энхболд намынхаа Ерөнхий сайдыг гурван ч удаа унагасан. Цаашлаад “том” Энхболд нь “Газрын наймаачин” гэж хардуулдаг бол “жижиг” Энхболдыг “Төрийн өмчийг идэж уусан” гэж цоллодог.
Харамсалтай нь энэ гуншин, цолыг нь барин тавин нотолчих нотолгоо өнөөдрийг хүртэл олдоогүй л байна, хоёуланд нь шүү... Харин нэг сонирхолтой зүйл олж сонссон нь, “том” Энхболдод “Газрын наймаачин” хоч зүүлгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан сэтгүүлч бурхны оронд одоход гэрт нь очиж эмгэнэл илэрхийлж байсныг бодоход тэрбээр бас ч гэж эрийн хугархай юм.
Монголын улс төрд зүтгэсэн намтрыг авч үзвэл “Том” Энхболд хотын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол “жижиг” Энхболд нь Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын даргын алба хашиж байна. “Том” Энхболд нь хоёр дахь удаагаа намын даргаар сонгогдон ажиллаж байгаа бол “жижиг” Энхболд нь анх удаагаа намын дарга болох гэж “мацаж” яваа. Харамсалтай нь намын дарга болохоосоо өмнө “суудлаасаа” огцорч магадгүй нөхцөл байдал өнөөдрийн улс төрд өрнөж буй. “Том” Энхболд нь Ерөнхий сайдаар ажилласан хэсэгхэн хугацаанд цалин тэтгэврийг гурав дахин нэмж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, ажлын байр нэмэгдүүлж байв.
Мөнхүү хүүхэд бүрт өгдөг болсон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь эцэг, эхчүүдийн зүгээс нэмэх оноо авсан. Гэм нь тэрбээр өөрийн хийсэн, бүтээсэн, сэдсэн ажлаа тэр бүр олонд сурталчилаад яриад яваад байдаггүй. Цаг хугацааны хэмжүүрт найдан үлдээж, хэзээ нэгэн цагт хэн нэгэн мэдэх нь гарцаагүй гэсэн хувь хүний филисофи нь түүнд хасах оноо авчирдаг. Нөгөө талд эрх баригч намыг албан бусаар ахалж буй “жижиг” Энхболдод Монгол Улсын төрд, ард түмэнд хийсэн гээд байх гавьтай зүйл байхгүй.
УИХ-ын даргын хувиар ээлжит бус чуулган хэд хэдэн удаа зарлан хуралдуулах гэсэн боловч түүний зангараг дутсан. Зангаргаа мэдсэн тэрбээр Ерөнхий сайдын албыг сайн дураар гүйцэтгэж ипотекийн таван хувийн зээлийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Сайн дурын Ерөнхий сайдын эл санаачилга албан ёсны Ерөнхий сайдын санаачилгуудаас хамаагүй газар авсан нь нэн сонирхол татна. Энэ өнцгөөс харвал тэрбээр ганц зүйлийг 1000 мэт харагдуулж, сурталчилж чаддаг чадвартай. “Том” Энхболдоосоо ялгаатай нь өөрийн хийгээгүй, санаачлаагүй ажлаа өөрийнх, минийх болгож ярихдаа гаргуун ажээ.
Монгол Ардын Намын дарга “том” Энхболд нь хуулиа дээдэлдэг бол Ардчилсан намын дарга “жижиг” Энхболд нь хуулиа нулимдаг. Үүний тод жишээ нь, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хэлсэн үгнээс нь болж огцруулсан. Түүнийг огцруулахын төлөө улайрсан УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж байгаад, Монгол Улсын хууль, тогтоомжийг нулимж байгаад заналтай нь аргагүй авч хаясан. Хуульд “дургүй” “жижиг” Энхболд инженер мэргэжилтэй бол “том” Энхболд нь эдийн засагч мэргэжилтэй.
Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдалд инженер даргаас илүүтэйгээр эдийн засагч дарга хэрэгтэй байна. Учир нь эдийн засаг нь кг-аас грамм руу уруудсан хүндхэн цаг үе шүү дээ. Угтаа эрх баригчид Н.Алтанхуягийгаа унагачихаад Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар тавьчихсан бол өнөөдрийн байдал арай дээр байх боломжтой байлаа. Даан ч тэдэнд тийм ухаан байсангүй. Хүндхэн хямралыг хөнгөн давах үүднээс эдийн засагч мэргэжилтэй хүн гарч ирснээр, нэгдүгээрт, эдийн засгаа сэргээнэ,
хоёрдугаарт ажлын байрыг нэмэгдүүлнэ, гуравдугаарт ажилтай орлоготой хуучны сайхан цаг эргэж ирнэ.
“ТОМ” НЬ ТОМ, “ЖИЖИГ” НЬ ЖИЖИГ СЭТГЭДЭГ
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдрийг хүртэл намынхаа хурлыг хийж чадаагүй байгаа бол УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд намын дарга болчихоод 2013, 2014, 2015 онд Бага хурлаа гурван ч удаа хуралдуулчихсан байх юм. Энэ зураглалаас харах юм бол “том” Энхболд нь намаа зангидаж чаддаг лидер бол “жижиг” Энхболд нь намаа хагалан бутаргадаг лойдор болж харагдаж байна.
“Том” Энхболд нь “Үндэсний зөвшилцөл” ярьж эв эеийг хичээдэг бол “жижиг” Энхболд нь “Манайд иймэрхүү мэдрэл муутай юмнууд зөндөө ш дээ” гэж ард түмнээ басамжлан доромжилдог. Амьдралд хамгийн ойр жишээнээс татвал “жижиг” Энхболд америкчуудад талтай бол “том” Энхболд монголчууддаа элэгтэй. Энэ ч утгаараа “жижиг” Энхболд Америкийн соёлыг сонирхдог бол “том” Энхболд уламжлалаа дагаж морь сонирхдог.
Мөнхүү 2012 оны УИХ-д “жижиг” нь жагсаалтаас орж ирсэн бол “том” нь Төв аймгаас сонгогдож орж ирсэн байдаг. 2005 онд нэг өдөр, нэг цагт УИХ-ын танхимд тангараг өргөн “хөтлөлцөн” орж ирсэн хоёр намын дарга гурав дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хоёулаа намын дарга болсон сонин үзүүлэлт бас бий. “Жижиг” Энхболд Өвөрхангай аймгаас хоёр удаа, жагсаалтаар нэг удаа сонгогдсон бол “том” Энхболд Төв аймгаас хоёр удаа, хотын 65 дугаар тойргоос нэг удаа сонгогдсон байдаг. Монгол Улсын том хоёр намын даргын тухай товчхондоо иймэрхүү.
Хоёр намын амьдаа дарга нар ирэх сонгуульд намаа манлайлан удирдаж оролцох учиртай. Чухам ирэх сонгууль болтол “жижиг” Энхболд нь намын даргын байр суурь дээрээ байх уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Учир нь “жижиг” Энхболд “дарангуйлал”-ыг “хөөсрүүлэгч” лидер бол “том” Энхболд багийн тоглогч лидер. Монголын улс төрд хувийн тоглолтоос илүү багийн тоглолт хождог нь хэд хэдэн удаагийн сонгуулиар ажиглагдсан даа.
Ж.Өнөмөнх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.