С.Баярын вакцин Э.Бат-Үүл

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 15 ・ 5

ba4e29cd464c68b72434482f922339c9

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баярын дурсамж нийтлэлүүдээс цувралаар танилцуулж байна.

Арав хүртлээ би “гахай” Баяр гэж хочлуулдаг, цулцгар цагаан хүүхэд байлаа. Тарган хүүхдийн зовлон их. “Гахай”, “мантуу” гэж хочлох нь наад захынх. Өнгөтэй өөдтэйг минь булаах гэнэ, өгөхгүй гэвэл гөвнө. Үгүйдээ л араас амбаардчихаад зугтаана. Хойноос нь хөөгөөд гүйцэх биш. Гүйцлээ ч хариугаа авах зориг дутна. Тарганаа дагаад аймхай болдог аж. Аль нэгэнтэй маргалаа гэхэд чиний зөв байсан ч тарган учраас чи л буруутай. Хөвгүүд дээрэлхэнэ, охид үл тооно. Бүгд нийлээд шоолно. Тарган хүүхдийн зовлонг багадаа тарган байсан хүн л ойлгоно.

Байнга дээрэлхүүлсээр байгаад өөрийгөө үргэлж голдог болно. Хамгийн ноцтой нь үүндээ дасаж эхэлнэ. Дээрэлх үүлэх тусмаа ийм л байх ёстой юм байлгүй гэсэн арчааг үй хандлагад аяндаа автана. Боолын ийм сэтгэлгээтэй явсаар хамаг амьдралаа барах хувь заяа тохиосон бол яана гэж бодогддог байв. Тэгвэл үүнээс илүү эмгэнэл гэж юу байх билээ.

Эмгэнэлт ийм хувь заяанаас намайг аварсан хаврын нэгэн өдрийг би мартдаггүй юм. Аварсан ч юу байхав, аврах эхлэлийг нь тавьсан, эр хүн болох замыг минь заасан гэвэл илүү онох байх. Бага сургуулийн сурагч байсан үе. Эмээ цэргийн баярыг тохиолдуулан миний дуртай интоорын компоотыг орос дэлгүүрээс авахуулахаар хүн хард захижээ. Түүнийгээ нөгөө айлаас нь очиж авчихаад, булаалгачихгүй гэсэндээ өвөртөө гүн далдлан, сэмхэн алхаж явтал гай газар дороос гэгчээр нэгэн этгээдийн нүдэнд би өртөөдөхөв.

-Хөөш, “гахай” Баяр, нааш ир! гэж савлуур дээр буй нэгэн банди намайг дуудлаа. Би түүнийг зүс муухан мэдэхээс цаашгүй бөгөөд долдугаар гуанзны хойд байрны Бат-Үүл хэмээх өсвөрийн хулигаан гэсэн сураг л дуулсан байв. Цаанаа л нэг этгээд зэвүүн, навтгар хамартай тэр нөхөр намайг таниад, бүр хочоор минь хүртэл цоллон дуудаж байдаг. Тэр хавьд эргэлдэх бацаануудаас нэр гуншинг минь тэрүүхэн зуур асууж мэдсэн ч байж магад.

Би уг нь хэрэндээ муу санаалж, хүүхэд бужигнах газрыг тойрсхийн даялж яваад эрсдэлт бүсээс гардгийн даваан дээр ийн дуудагдав. Даялмар аядсан минь харин ч сэжигтэй харагдсан бололтой. Буруу тактик сонгосноо ойлгоод наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгдэгнэх намайг навтгар хамарт дахин дуудлаа.

-Хөөш, дөрвөн нүдэт ээ! Нааш ир гэж байна чамайг! хэмээн тэр зандрахдаа миний өөр нэгэн хочийг олонд тунхаглав. “Муухай дээрээ улцан” гэдэг шиг би тарган дээрээ өөртөө томдсон нүдний шил зүүдэг болчихсон байсан үе. Хөлс чийхарч, хамар дээр тохоостой шил доош гулсав. Зугтах байсан бол эхнээсээ л жирсхийх хэрэгтэй байж. Одоо бол оройтжээ. Очихоос өөр зам үлдсэнгүй. Хүрмэн доторх компоотоо доош дарсхийгээд хөдөллөө. Айснаа харуулахгүйг ихэд хичээн савлуурт тулж очив.

Үнэгүй үзвэрийн үнэр авсан байрны бацаанууд тоглоомоо орхин бөөгнөрөв. Таних, танихгүй арваад хүүхэд байна. Бат-Үүл цатгалан муур шиг инээвхийлээд л, жартгар нүдээрээ намайг доогтой ширтээд л, савлуур дээрээ савсаар нэг хэсэг болов. Бодвол “вариант босгох” хувилбараа сонгож байсан биз. Тэгснээ савлуураасаа тап хийтэл тоос манарган үсэрч буугаад, яриа дэлгэв. Тэр ярианаас хойш дөч гаруй жил өнгөрсөн тул бүрэн эхээр нь сэргээн толилуулах аргагүй нь ойлгомжтой. Гэхдээ ярианы ерөнхий агуулга, өнгө аяс нь иймэрхүү байв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: