Насанд хүрсэн хойноо л ойлгох эцэг, эхчүүдийн таван зөвлөгөө

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 15

“Нээрээ л аав, ээжийн зөв байж дээ” гэж бодогдох үе олширч, тэдэнтэйгээ улам адилхан болсоор байна уу? Тэгвэл чи одоо өөрийгөө насанд хүрсэн том бүсгүй болжээ гэж бодож болно. Өмнө нь тэдний хэлж байсан үгнүүдийн ихэнх нь чамд “дэмий” зүйл шиг санагддаг байсан бол одоо эсрэгээрээ, амьдралд хэрэгтэй бодит үнэн болсон байгаа.

Насанд хүрсэн хойноо л ойлгох эцэг, эхчүүдийн 5 зөвлөгөө

1. Мөнгө модноос ургадаггүй
Бага байхдаа аав, ээжээсээ мөнгө гуйх үед хүссэн хэмжээнийхийг өгөхгүй байх үе олон байсан байх. Тэр үед нь надаас мөнгөө харамлалаа ч юм уу эсвэл цалин нь буугаад их мөнгөтэй болсон юм байж хэдхэн төгрөг нэмээд өгчихгүй гэж боддог байсан байх. Тэгэж боддоггүй юмаа гэхэд тэр мөнгийг олохын тулд ямар их хөдөлмөрлөж байгаа тухай биш өөрийнхөө хэрэгцээний тухай л боддог байсан шүү дээ.

Харин одоо чи төлбөрөө төлөх, үдийн цайны мөнгөө хэмнэх ямар хэцүүг мэдэрч байгаа. Одоо л тухайн үед аав, ээжийнхээ яагаад чамд хүссэн хэмжээний чинь мөнгийг өгдөггүй байсны шалтгааныг ойлгож бас өөрийн биеэр мэдэрч байгаа. Гэхдээ Гоолингоо найз нь чамайг мөнгө олох үнэхээр хэцүү гэж бодон мөнгийг амьдралынхаа томоохон хэсэг болгоосой гэж хүсэхгүй байна. Харин өөрийнхөө дуртай ажлыг хийн, мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө өөрөө л чам руу ирнэ гэдгийг мэддэг байгаарай.

2. Том хүн байхыг гоё гэж бодохоо бага багаар болино
Жаахан охин байхдаа хурдхан том болоод нүүрээ хүссэнээрээ будаж, хүссэнээрээ гоёж гоодон, машин барьж, ахиж сургуульд явахгүй байхыг хүсдэг байсан биз дээ? Харин одоо бол буцаад хүүхэд насандаа эргэж очихыг маш ихээр хүсэж байгаа байх. Цаг хугацаа нисэх мэт хурдан өнгөрч, нэг л мэдэхэд чи ээж болчихсон, өдөр битгий хэл сар, жил ч нүд ирмэх зуур өнгөрч байгааг чи анзаарч байгаа. Харин бид хүүхэд байхдаа хэчнээн амар тайван, баяр баясалтай амьдардаг байгаа вэ? “Том болохыг тэгтлээ хүсэх хэрэггүй” гэх ээжийн минь үг үнэхээр үнэн байж. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзвэл томчууд бидэнд хүссэн зүйлээ хийж, мөрөөдлөө биелүүлэх ухаан, ур чадвар бас эрх чөлөө хангалттай байгаа нь сайн хэрэг.

3. Хичээлээ сайн хийж байж сайхан амьдарна
Сургуульд орсон цагаас л эхлэн хичээлээ сайн хий, онц сур гэж байнга захидаг, үглэдэг байсан шүү дээ. Хичээлдээ сайн хүүхдүүд л ээж ааваараа магтуулж, мундгуудын тоонд ордог байж.

Харин тэр үед бидний ихэнхэд хичээл гэдэг ял шиг л санагддаг байсан. Ядаж л дургүй хичээлүүдээ үзэлгүй, дуртайгаа л судалдаг болбол гоё доо гэж боддог байсан. Гэхдээ том болохын хэрээр хүнд ямар ч төрлийн мэдлэг хэрэг болдог гэдгийг ойлгож байгаа. Боловсролтой болох нь хэчнээн хэрэгтэй гэдгийг улам илүү мэдэрч байна. Сурсан зүйл хэзээд эрдэм болдог болохоор илүү ихийг ахиад сурмаар байна...

4. Найз нөхдөөр чинь чамайг шинжинэ
Сурагч байхад миний найз байсан дээд ангийн охинд ээж маань их л дургүй байсансан. “Хүнийг найз нөхдөөр нь дүгнэдэг юм. Наад охин чинь хэзээ ч чиний сайн нөхөр байж чадахгүй” гэж хэлдэг байсан. Тухайн үед би ээжийгээ яагаад түүнд тийм дургүйг ойлгоддоггүй, найзаа өмөөрч хамгаалсан маягаар л ханддаг байж. Харин хэдэн сарын дараа ээжийн маань үг үнэн байсан гэдгийг тэр охин батлаад өгч билээ. Түүнээс хойш би бүх найзууддаа шалгуур тавьдаг болон, хүнд итгэх итгэлээ алдаагүй ч гэлээ хүний муу зан чанар хэрхэн бусдад нөлөөлж болдгийг мэддэг болсон болохоор аль болох найзууддаа чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг болсон. Чин сэтгэлээсээ найзлах үед муу найз гэж байдаггүй. Харин зүгээр л найз гэсэн дүр эсгэж байгаа бол өөр хэрэг.

5. Өсвөр насны хайр бол жинхэнэ хайр биш
Өсвөр насандаа ганц ч хөвгүүнийг шохоорхож, татагдаж үзээгүй бүсгүй гэж үгүй биз ээ? Сэтгэлдээ хэн нэгнийг тээдэг л байсан. Хамгийн анхных болоод ч тэрүү бяцхан ертөнцийг минь бүхлээр нь эзэлчихдэг байж билээ. Харин ээжүүд тэр үед “Өсвөр насанд хайр гэж байдаггүй, шохоорхол л бий. Чи удахгүй бүхнийг мартчихсан л явна” гэж хэлдэг байсан нь үнэхээр үнэн байсан шүү. Одоо бодоход үнэхээр л бяцхан охины гэнэн шохоорхол л байж дээ.

Өсвөр насандаа ч жинхэнэ хайртай учирахыг үгүйсгэхгүй л дээ. Тийм хосууд ч байдаг. Гэхдээ ихэнх нь шохоорхол байдаг бөгөөд жинхэнэ эсэхийг цаг хугацаа л харуулдаг шүү дээ.

 

Эх сурвалж: www.Goolingoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх