Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 04 сар 16
・ 2

Монголчуудын мэргэн цэцэн үг хийгээд хэлц үг болон нэг ёсондоо афоризмд “Тэнгэрийн муухай арилдаг. Хүний муухай арилдаггүй” гэсэн сонирхолтой аман яриа буй. Тэнгэр заяатай, тэнгэрээ шүтдэг бидний хувьд аливааг тэнгэртэй зүйрлэхээс өөр арга байхгүй л дээ. Тэнгэрийн хаяагаа ширтээд л “Маргааш тийм өдөр болох нь ээ” гэх нь өнөөгийн цаг уураас ч дутахгүй гэхээр гайхалтай байгаа биз. Товчхондоо, бид ийм л зөн билигтэй, аясыг, бүр далдыг хардаг удамтай өвгөдийн үр сад ажгуу.
Тэнгэр тэртээ тэргүй байгалийн үзэгдэл болохоор сайнтай муутай, сайхантай муухайтай байх нь мэдээж. Үргэлжилсэн халуун, аадар бороо, цасан шуурга болохоор хүмүүс зутран, тэсвэр алдан “Энэ тэнгэрийн байж байгааг” гэх өвгөд ажиг ч үгүй суух агаад “Тэнгэрийн муухай арилдаг даа” гээд тамхиа баагиулан сууж л байдаг. Тэд тэнгэртэйгээ харьцаж сурсан тэнгэрлиг хүмүүс байж ээ. Өнгөрсөн хойно нь бодож суухад тэнгэр юу боллоо гэж үргэлж бүрхэг, муухай ааштай байх билээ дээ. Би л их ядмаг бачуу боддог байж ээ дээ. Өнөөгийн өнцгөөс харахад би ч бас ядруухан бодолтой явж иржээ. Ганцхан өдөр цасан юм уу шороон шуурга болохоор бухимдаад л, “Яасан муухай өдөр вэ?” гээд л хараал тавина. Маргааш нь нар гараад халахаар “Пээ, ямар халуун новш вэ?” гээд л бөөн хараал урсгаж гарна даа. Хүний араншин ердөө ийм юм хойно, яалтай билээ дээ. Юмыг үндсээр нь дүгнэх чадваргүй улс юм даа, бид. Тэнгэрийн тухайд нэг иймэрхүү байх шив. Харин хүний тухайд бол арай өөр өө. Тэгэхдээ энгийн нэгэн дээр жишээ татах хэрэггүй биз. Хэнд хэрэгтэй юм. Тэгсэн, тэгээгүй өөр хоорондоо өдөр, шөнөгүй ярьцгааж л байдаг үг шүү дээ. Тиймээс олны танил нөхдийн гадна, дотно руу өнгийцгөөе. Тэр дундаа сонгууль дөхөж байгаа тул улс төрчдийг дахин нэг харцгаая. Тэднийг уг нь бид өөрсдөө л сонгосон л доо. Гэхдээ л гоморхол тасрахгүй юм байна шүү дээ. “Хүний муухай арилдаггүй” гэж үүнтэй холбож үзэхээс аргагүй бөлгөө. Өнөөгийн юм өнөөдөртөө болохоор одоогийн улс төрчдийг дахин шүүн, тунгаан дурандая гэсэн хэрэг. Хамгийн томоос нь эхлэе. Монгол Улсын хувьд байж болох албан тушаалыг хашсан нэгэн эрхэм байх. Бүр шат дараалан шүү. Түүн шиг амны хишигтэй, адтай, одтой аавынх хүү энэ цаг үеийн Монгол Улсын иргэд дотор лав байхгүй. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр. Тахин шүтэлтийг үзэн ядаж, арай чамай гарч ирсэн ардчилсан монгол түүнийг энэ зууны Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болгох дөхсөн. Уг нь болгосон юм. Ганцхан ялгаатай нь дээрх хоёрыг сэрүүн тунгалагт нь яаж ч чадаагүй. Харин энэ нөхрийг амьдад нь “аав”-ынд суулгаад авсан. Ялгаатайгаас гадна бас нэг давуу тал ч энэ байх. Энэ эрхмийн албан ёсны хоч нь “Авлигын загалмайлсан эцэг” бүлгээ. Манай ард түмэн хэнд ч зүгээр нэг хоч зохиогоод өгчихдөггүйг нийтээрээ мэднэ. Олны үг ортой ч гэдэг. Ямар нэгэн томоохон “но” байсан нь маргаангүй л дээ.
Түүнээс биш юу боллоо гэж экс Ерөнхийлөгчөө гэрээс нь хөлийг нь сарвалзуулан дамжлаад гарах вэ дээ. Яг л 1937-1938 оны дүр зураг харагдаад ямар аймшигтай байсан гэж санана. Энэ яваа насандаа дахин харах юм биш. Гэхдээ би Н.Энхбаярыг өмөөрч байгаа юм биш. Тэр жинхэнэ утгаараа новш байж. Ард түмэн эхлээд өрөвдөж, өмөөрч байсан нь үнэн. Учрыг нь ухаад ирэхээрээ ойлгож, бүр үзэн ядах болсон юм. Гэвч баас хатавч өмхийгөө тавихгүйн үлгэрээр тэр улс төрөөс нэг л явж өгөхгүй янзтай. Улам л улайран зүтгээд байх юм. Түүний зүрхэнд асар их үзэн ядалт, өшөө хорсол байгаа нь илт харагдана. Тэр одоо юу болох гээд байгаа юм, ёстой чөтгөр бүү мэд дээ. Түүний хүрэх дараагийн өндөр хэрэв байдаг бол “Эзэн хаан” юм болов уу даа. Харамсалтай нь, тийм албан тушаал манай хуульд даанч байхгүй л дээ. Энэ хүний муухай даанч арилахгүй л дээ. Удаах нөхөр бол олонд алдартай “Хор найруулагч”, Монгол Улсын Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга гэдэг, улс төрөөс цагт ямагт чангаалдагч Мэндсайханы Энхсайхан. Түүнийг “Хонх”-ын гэх алдартай сэтгүүлч, ардчиллын дууч С.Цогтсайхан агсан ардчилалд хөтлөн оруулсан гэдэг юм. Тэр үнэн байх. Энэ нөхөр эхэндээ ардчиллагч байсан нь үнэн юм. Яс юман дээр дотроо юу тээж явсан нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа танигдсан билээ.
Тэр их гоё ярина л даа. Ардчилсан нам намайг хөөсөн хэмээн аман дээрээ бувтнадаг атлаа ачир дээрээ өөрөө АН хийгээд ардчиллаас нүүр буруулсныг хотлоороо гадарлана. Тэрбээр шаралхан хорссондоо МҮШН гээчийг байгуулан эргэж ч харалгүй одсон. Эргэж харах ч нүүр байгаагүй. Түүний байгуулсан МҮШН нь амжилтад хүрээгүй. Тэгэхээр нь бачуурахдаа намынхаа нэрийг МҮАН болгон өөрчлөв. Болдоггүй юм болдоггүй хойно аргаа барахдаа МАХН-тай нэгдэн байж сая нэг бага сага амжилт олов. Өөрөө Дарханы тойрогт нэр дэвшээд нам тавиулсан юм. Дарханчууд түүнийг хэн бэ гэдгийг нь таньсан байв аа. Энэ аугаа худалч энд өөрийгөө жинхэнэ утгаар нь “авсалсан” гэхэд болно. Тавантолгойг удирдаж, Монгол Улсын сайд болоход түүний мөнхийн өстөн дайсан “мэнгэт” Нямка “Наадах чинь та нарын бүх ажлыг нураачихаад явчихна шүү” гэсэн нь хатуу ч гэсэн үнэн гэлтэй. Ерөнхийдөө эл “товарищ”-ын улс төрийн карьер уг нь нэгэнт дууссан. Шуудхан хэлэхэд, М.Энхсайханы муухай хэзээ ч арилахгүй. Удаах нь “алдарт” Ц.Нямдорж Монголын улс төрд орсон цагаасаа өнөөг хүртэл улс төрөөс огт салаагүй нэгэн. Цаашид ч наалдсаар байх хүсэлтэй гэхэд хилсдэхгүй. Гоёмсог сайхан хаусаа “Нэг муу амбаар” гэж хэлж чаддаг этгээд. “Гашуун, үнэн” үгтэй гэгддэг. Заримдаа тийм тал ажиглагддаг. Түс тас хэлдэг нь үнэн. Төрөлхийн зоримог эл “Хазгай хэлтэн” бас их шооч. Гашуун, үнэн үгийнхээ хажуугаар ёжлол үргэлж дагуулж байдаг юм.
Тэр нэг зуухаараа ёстой тавихгүй дээ. Ардчиллыг, ардчиллагчдыг яс махнаасаа үзэн яддаг нэгэн. Дөрвөдүүд энэ хүнийг насаар нь дэмждэг. Чухам яагаад гэдэг нь тодорхойгүй. Түүнийг сонгуулиар унагана гэхэд туйлын бэрх. Харин хүчээр унагах арга чарга байдаг болов уу, үгүй болов уу? Ёстой чөтгөр бүү мэд. Нямка өөрөө ичих нүүрээ элгэндээ наасан болохоор ирэх сонгуульд “үзэх” нь тодорхой. Энэхүү “Саарал чоно” хэрхэхээ сайн мэднэ. Тойрогт нэр дэвшихгүй нь ойлгомжтой. Намын жагсаалт гэдгээр ороод долоо дахиа тангараг өргөөд зогсож мэднэ. Нам нь мэдээж цөөнгүй суудал авна. Иймэрхүү нөхөд ингэж балайрах аваас Монголын улс төр жинхэнээсээ дампуурна. Энэ хүний муухай үхтэл нь арилахгүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.