Улс төрийн итгэлгүй хамтрагч гэдгээ дахин баталсан Н.Энхбаярын талаар МАН-ын гишүүд юу гэж ярив

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 20 ・ 7

        

        Юу, юугүй эвслээ гэж байсан МАН болон МАХН-ын олон сарын яриа хэлэлцээр талаар өнгөрөв. Тодруулбал, МАХН дахиад л МАН-ыг тонгорчихлоо. Өмнө нь олон удаа тонгорч байсан даа. 2006 онд М.Энхболдыг намын даргаас нь, Засгийн газрын тэргүүнээс нь огцруулах гол хорыг найруулсан хүн нь Н.Энхбаяр. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийг нь хулхидсан гэдэг С.Баяртай нийлж, М.Энхболдын Засгийн газрыг унагаж байв. Гэвч энэ явдалд МАН-ын дарга М.Энхболд өс саналгүй буцаад ирэх үүд хаалгыг нээж өгтөл Н.Энхбаяр дахиад л нүүрээ буурууллаа. Бас нэгэн гашуун түүх өгүүлэхэд, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр МАН-тай тохиролцон гарын гарын үсэг, тамга бүхий баримт үйлдэн "Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд сонгуульд МАН-ыг дэмжиж оролцоно" гэж байснаа нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусахаас зургаан цагийн өмнө Н.Удвалыг нэрийг гэнэт оруулж ирж байв. Тухайн үед МАН-ын дарга Ө.Энхтүвшин түүнд хулхидуулсандаа "доголон нулимс"-тай үлдэж байлаа.

 

Харин энэ удаа тус хоёр нам эвсэх асуудлаар цагаан сарын дараагаас ярилцаж, “Эх орончдын өдөр”-ийг хүртэл хамт тэмдэглэсэн. МАХН л “Баяраа хамт тэмдэглье” гэж эхэлж гуйсан байдаг.  Хоёр намаас эвсэх асуудлаар ажлын хэсэг гарч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,Ч.Улаан нар ажиллаж байлаа. Тэд уржигдархан МАН, МАХН хоёр эвсэх боломжтой гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан хэмээн мэдэгдэж сонгуульд ямар зарчмаар яаж орохоо хүртэл сүүлийн хувилбараар нь мэдээлж байлаа. Гэтэл МАХН хоёрхон хоногийн дараа хэлсэн ярьснаасаа буцав.

 

Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шөнө хуралдаж МАХН-тай эвсэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тус хоёр намын эвсэх үйл ажиллагаа эцэслэгдэж байна. Н.Энхбаярын хувьд өмнөх тохирсноосоо буцаж квотыг 51:25 биш 50:50 хувиар хуваах саналыг МАН-д тавьжээ. Мөн Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд дээрх харьцаатайгаар оролцоно, МАН-тай адил тэгш эрхтэй байна гэх саналыг тавьсан бөгөөд  үүнийг нь МАН-ынхан хүлээж аваагүй байна.

 

Уг нь МАХН тойрогт 15, намын жагсаалтаар 10 буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 буюу 51 хүнийг тус, тус нэр дэвшүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцсон байсан. Хоёр намын дарга гарын үсэг зурж баталгаажуулахын өмнөхөн Н.Энхбаяр хулхидсанаар  уг яриа, хэлэлцээр ийнхүү дуусгавар болж байна.

 

Н.Энхбаяр гарман дээр морио сольсон учир нь давхар нүүдэл хийсэнтэй нь холбоотой. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Солонгосоос ирснийхээ дараа АН-ын дарга З.Энхболдтой уулзан “МАН-тай нэгдлээ” хэмээн айлгасан гэх мэдээлэл бий. АН-ынхан Н.Энхбаярыг МАН-тай нийлүүлэхгүйн тулд түүний ялтайд тооцох хугацааг дуусгавар болгох утга бүхий тогтоолыг төслийг боловсруулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн баасан гаригт дэмжүүлсэн юм. Үүний хариуд АН-ынхан Н.Энхбаяраар МАН-тай нэгдэхгүй байх шийдвэрийг гаргуулж чадсан нь энэ. АН-ын хувьд сонгуулийн ялалтыг ойртуулах нэг хүчин зүйл нь МАН ба МАХН-ыг яаж ийгээд эвсүүлэхгүй байх явдал.  Тийм ч учраас эхний ээлжинд Хууль зүйн байнгын хороогоор тогтоолын төслийг яаран сандран байж баасан гаригт хүч түрэн хэлэлцэж, дэмжсэн санал дээр гишүүдийг нэгтгэсэн юм. Байнгын хороогоор дэмжигдсэн энэ тогтоолын төслийг эцэслэн батлахын тулд маргааш болох чуулганыг хүлээх ёстой. Гэхдээ чуулганаар дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй. Н.Энхбаяр өөртөө итгэлтэйгээр МАН-аас салж байхыг бодвол З.Энхболдтой эцсийн байдлаар ярьж, тохирсон зүйл байгаа бололтой.

 

Ямартай ч Н.Энхбаяр АН, МАН-ыг ашиглаж өөрт хэрэгтэй шийдвэрээ гаргуулж чадаж байна.  Магадгүй тэрбээр энэ бүхнийг анхнаасаа төлөвлөж байсан байж болно.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: