Засгийн газар нууц тогтоол гаргаж, идлэг шонхроор наймаа хийсэн үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 25

idleg_shonhor4Засгийн газар өнгөрсөн оны долоо, найм, есдүгээр сард идлэг шонхортой холбоотой нууц тогтоол гаргасан нь сүүлийн үеийн гол дуулиануудын нэг болоод байна. Үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гаднын улсуудад арилжаалахыг хориглосон.

Гэвч 2015 онд Засгийн газраас нууц тогтоол гаргаж, 200 гаруй идлэг шонхор шувууг Арабын орнуудад гаргасан болохыг  мэргэжлийн холбоод, шувуу хамгаалагч, судлаач иргэдийн төлөөлөл батлан ярих боллоо. Хачирхалтай нь, 200 гаруй идлэг шонхор барьж, хил гаргахын тулд ойролцоогоор 300-400 шонхор барьж байж, тэсэж үлдсэнийг нь авч явсан гэнэ. Тэгэхээр нууц тогтоолоор 400 орчим идлэг шонхор харийнхны гараар орсон байх магадлалтай аж.

Мөн 11760 ам.долларын төлбөр хураамжтай шонхруудыг нэг бүрийг 3000 ам.доллараар өгсөн гэх мэдээлэл байгаа. Ингээд нууц тогтоолын мөрөөр холбогдох албаныхантай уулзлаа.

НУУЦ ТОГТООЛООР 200 ШОНХОР ХИЛ ДАВУУЛСАН НЬ ҮНЭН ГЭЛЭЭ

Монголын Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа тэргүүтэй хүмүүс “Засгийн газраас 2013 онд шонхор шувууг замбараагүй барьж, борлуулдаг байсныг зогсоож, үндэсний бахархалт шувуугаар зарласан. Ингээд шонхрыг арилжааны зориулалтаар барихыг хориглосон. Гэтэл 2015 онд Засгийн газраас нууц тоггоол гаргаж, 200 гаруй шонхрыг хил давуулсан. Ингэхдээ нэг шонхроос улсад авах ёстой төлбөр хураамж 11760 ам.долларыг ч бүтэн авалгүй нэг шонхроос үсрээд л 3000 ам.доллар авсан гэх мэдээлэл байна. Тэгэхээр улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” хэмээн мэдээлсэн.

Тэр үед мөн “Идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарлаж, ашиг олох зорилгоор экспортлохыг таван жилээр хориглосон. Тэгсэн атлаа хориглосон буюу 2013, 2014 онд 50 толгойг гаргажээ. Мөн өнгөрсөн оны гуравдугаар улиралд Засгийн газар нууц тогтоол гаргаж, 200 гаруй шонхор гаргасан гэх мэдээлэл ил боллоо” гэсэн юм. “Амьтны тухай хуулийн 9.8.4-т зааснаар идлэг шонхор шувууг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас дараа оны зургаадугаар сарын 20-ныг хүртэл барихыг хориглодог. Мөн ‘Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийг төрийн захиргааны байгууллага олгоно” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, нууцлах шаардлага байхгүй. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд “Амъдаар нь гадаадад гаргасан ан амьтны төлбөр хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувь гэж заасан байгаа. Мөн 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын 112 дугаар тогтоолын 2-т зааснаар “Амьдаар барих нэг толгой’ идлэг шонхор шувууны жишиг үнийг 12000 ам.доллар, төлбөрийг 10800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай” гэж төлбөр хураамжийг нь заагаад өгчихсөн. Үүнийг л төлнө, үүнээс өөрөөр хөнгөлөлт эдлэх хуулийн гарц байхгүй. Гэтэл манайх энэ үнийг баримтлахгүй нууц гэрээгээр гаргасан 200 гаруй шонхор тус бүрээс зургаан сая төгрөг авсан байна. Бид үүнийг л буруу гэж үзэж байгаа. Бидний тооцож байгаагаар ийм хямд үнээр гаргасан нь үнэн бол улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Гадаадад гаргахыг хориглосноос хойш гаргасан 200 гаруй шонхроор тооцож үзэхэд ийм хэмжээний хохирол учруулчихаад байна. Улсад нэг шонхроос авдаг төлбөр, хураамжийн дөрөвний нэгийг авч гаргасан гэсэн үг” гэлээ.

Өөр нэг асуудалтай зүйл нь шонхрыг хилээр гаргахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээний бичиг авдаг аж. Мөн CITES-ийн үндэсний зөвлөл идлэг шонхрыг хилээр гаргах эрхийн гэрчилгээ олгодог юм байна. Ийм бичиггүй бол Монгол Улсын хилээр гаргахгүй. Тэр бичгийг нь төлбөр, хураамжаа бүрэн төлсөн эсэхийг хянаж байж олгодог гэнэ. Гэтэл өнгөрсөн онд БОНХАЖЯ төлбөр, хураамжийн дутуу төлөлттэй байхад экспортын гэрчилгээ олгосныг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгчид онцлоод байгаа юм.

ИДЛЭГ ШОНХОРТОЙ ХОЛБООТОЙ НУУЦ ТОГТООЛ ГЭДЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГЭВ

БОНХАЖЯ-ны Хүрээлэнн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Баясгалангаас зарим асуултад хариулт авлаа.

-2015 онд хэчнээн идлэг шонхор, хэдэн оронд, ямар зориулалтаар өгсөн бэ?

-Идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласнаас хойш тодорхой тооны шонхрыг соёлын зориулалтаар экспортлохыг зөвшөөрч байгаа. Өнгөрсөн онд 100 толгой шонхор Арабын орнуудад өгсөн. Гэхдээ бүгд албан ёсны хүрээнд, хууль журмын дагуу хийгдсэн.

-Өнгөрсөн онд Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс нууц тогтоол гаргаж, 200 гаруй идлэг шонхор Арабын орнуудад гаргах эрх олгосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Энэ талаар би огт мэдэхгүй. Сэттүүлчид ирж асуугаад л байх юм. Хэдэн хүн улстөрийн үүднээс ийм мэдээлэл хийсэн гэж сонсогдсон.

-Үндэсний бахархалт шувуугаар зарлах үед идлэг шонхрыг таван жил экспортлохгүй байх тогтоол гарч байсан. Гэтэл яагаад гаргасан тогтоолоо зөрчөөд байгаа юм бол?

-Тэр тогтоолд соёл, судалгааны зориулалтаар гаргахыг хориглоогүй. Ашиг олох зорилгоор олноор нь гаргахыг хориглосон байгаа.

Соёлын зориулалтаар өгч байгаа ч өмнө нь арилжиж байсан шигээ төлбөр хураамж авдаг гэсэн. Тэгэхээр үүнийг соёлын гэсэн нэрээр өмнөх шигээ арилжаа хийсээр байгаа гэж ойлгож болох уу?

-Ашиг олох зорилгоор идлэг шонхрыг гаднын орнуудад өгөхөө больсноор экспортлох тоо хамаагүй цөөрсөн. Тэгэхээр арилжаа явагдаж байна гэж харж болохгүй. Үндэсний бахархалт шувуугаар зарласан 2013 онд нэг ч идлэг шонхор хилээр гаргаагүй. 2014 онд цөөн тоотойг соёлын зориулалтаар гаргасан.

-Соёлын зориулалтаар идлэг шонхор өгөхөд ямар хэмжээний татвар авдаг юм бэ?

-Соёлын зориулалтаар гэдэг утгаараа зүгээр өгч явуулна гэсэн үг биш. Хуулийн хүрээнд ч бэлгэлэл гэсэн ойлголт байхгүй. Дипломат харилцааны хүрээнд соёлын зориулалтаар өгдөг. Соёлын буюу тусгай зориулалтаар амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20-40 хүртэлх хувиар төлбөр төлдөг байгаа. Энэ хуулийнхаа дагуу бид төлбөрөө авсан. Нэг идлэг шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 16 сая төгрөг байдаг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх