Тойрог нэмэхээр Чингисийн нутаг, Алт ухахаар нутаг нь БИШ БОЛДОГ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 20 ・ 4
gutan_dawaa
Ямар ч улс оронд өөрийн гэсэн бахархах зүйл байдаг. Тэр нь юу ч байж болно. Алдартай хүн, зэрлэг амьтад, гайхамшигтай байгаль. Тэр бүгдийгээ хэр тордож, хамгаалж байгаагаас тухайн орны нэр хүнд өсдөг, иргэд нь бахархах зүйлтэй байдаг. Монголчуудын хувьд агуу их түүхтэй гэдгээрээ бусад үндэстнээс ялгардаг, бидний идоль энэ.

Харамсалтай нь, Хүннү гүрэн, дэлхийн талыг монголоор тамгалсан “Мянганы суут хүн” эзэн Чингис хаантай холбоотой их  түүхээрээ бид өөрсдөө бахархаж чадахгүй байна. Харин ч өөрсдөө баллуурдах боллоо. Сонгодог жишээ нь, Ноён уул. Энэ ууланд Хүннүгийн хаадыг онголсон гэдэг. Монгол нутагтанхны төрт улсыг байгуулсан хүннүчүүд бидний бахархал мөн үү гэвэл тийм. Маргаангүй мөн. Гэтэл тэнд алт ухахыг Засгийн газар нь зөвшөөрчихсөнийг шоглоом гэх үү, эмгэнэл гэх үү. Монголчуудын амьдрал сайнгүй байгаа, гэхдээ өвөг дээдсийгээ онголсон уулыг хөндөж алт ухахтаа тултал ядарч туйлдаагүй. Харамсалтай нь, тэнд хүчирхэг техникүүд оччихсон, удахгүй уулыг сэндийчээд эхэлнэ.

Бахархлаа гээж шүүрдэн хаяж байгаа дараагийн жишээ нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваа болоод байна. Шалтгаан нь бас л алт.

“АЙВУУН ТЭС”-ИЙНХЭН ЯАРАВЧЛАН БАТШИРЭЭТЭД ИРЖЭЭ

Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Гутайн даваа бол Онон голын сав газрын нэрийн хуудсын нэг. Батширээт сумын нутагт байрлах энэ газар алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Энд “Айвуун Тэс”, “Гутайн даваа”, “Ю энд Би” гэсэн гурван компани бий. Нэг нь шороон, нөгөө нь үндсэн орд. Тодруулбал, шороон ордыг ашиглалтын лицензтэй “Айвуун Тэс” эзэмшдэг бол үндсэн орд нь “Гутайн даваа” компанийнх. Энэ компани алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг.

“Айвуун Тэс” компанийн хувьд Гутайд алтны шороон ордын олборлолт хийх ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ю энд Би” компаниас 2009 онд шилжүүлэн авсан бөгөөд одоо “МV-002247” тоот тусгай зөвшөөрөлтэй. Энд олборлолт хийж байгаад “Урт нэртэй хууль”-ийн дагуу ажлаа зогсоожээ. Тус компани хуулийн дагуу нөхөн сэргээлтийн ажлыг 2012 онд хийжээ. 30.7 га-д техникийн, 3.4 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж ерхөг согоовор, царгас, өлөнгө зэрэг олон наст ургамлын үр цацсан юм байна.

Батширээт сумын удирдлага, иргэдийн төлөөлөл болон компанийн удирдлагуудыг байлцуулан нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж авсан бөгөөд угаагдсан овоолгыг дарж багасгах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тус юмпанид даалгажээ. Нутгийн иргэдийн ярьснаар өмнө нь энд өнгийн цэцэгс алаглаж гол горхи урссан үзэсгэлэнтэй газар байсан бол одоо тийм байхаа больсон ажээ.

“Ю энд Би” компани олон зөрчил гаргаж байсны улмаас Гутайн гол ширгэх, тасалдахад хүрээд байгаа талаар өмнө нь нутгийн иргэд холбогдох байгууллагуудад мэдэгдэж байсан гэдэг. Мэргэжилтнүүд газар дээр нь ирж бодит байдалтай танилцаад тус юмпанид арга хэмжээ авна гэж хэлээд явсан байна. Харамсалтай нь, нотлох баримт бүрдэхгүй, голын гольдрол өөрчилсөн төсөл олдоогүй, орон нутгаас нэхэмжлэгчээр оролцох хүн байхгүй зэрэг шалтгааны уямаас “Ю энд Би” компанийг шүүхэд өгч чадаагүй ажээ.

Тэдний оронд ирсэн “Айвуун Тэс” компани ч нэр цэвэр байсангүй. Нутгийн иргэдийн зүгээс гомдол тасардаггүй байж. 2010 оны зун болсон үерээр компанийн тусгай шүүлтүүрийн далан сэтэрчээ. Үүний улмаас Гутайн голд цагаан өнгөтэй бодис урсаж Онон голд цутгах аюул нүүрлэсэн байна. Тухайн үед сумын байгаль орчны байцаагч Мөнх-Очир газар дээр нь шалгаж компанийг 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байсан гэдэг. Энэ явдал тэгсхийгээд өнгөрчээ. “Айвуун Тэс”-ийг Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Дамбын компани гэж нутгийнхан ярьдаг. Энэ хүн хариуцлагатай уул уурхай гэж их ярьдаг ч амьдрал дээр өөр дүр зураг харуулж байгаа юм.

“Урт нэртэй хууль”-ийн ачаар Гутайд олборлолт зогсч байгаль эхийн нуруу хэсэгтээ тэнэгэр байв. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой болжээ. Учир нь, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын дэмээр “Айвуун Тэс” тэнд ажиллах эрх дахин нээгдсэн байна. Байгаль хамгаалах байгууллагууд, иргэнии хөдөлгөөнийхөн эсэргүүцээд бараагүй юм. Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг 2016 оны гуравдугаар сарын 4-нд гаргасан тушаалаараа Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг, ойн сан бүхий газарт ашигт малтмал олборлох боломжтой компаниудын жагсаалтыг баталжээ. Энэ жагсаалтад “Айвуун Тэс” компани багтжээ. Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан, төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх эрхийг холбогдох албан тушаалтанд өгчээ. Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй байгаа ч “Айвуун Тэс”-ийнхэн яаравчлан Батширээтэд иржээ. Уул уурхайн хүчирхэг техникээ авчирч Онон голын гарманд ирэхэд нь нутгийнхан гаргахгүй гэж эсэргүүцсэн байна. Байдал ийм болсон учир тэд аргагүйн эрхэнд буцжээ. Одоо техникүүд нь Батширээт сумын төв дээр байгааг нутгийнхан батлан хэлж байна.

КАНАДЫН КОМПАНИ УУ, ХЯТАДЫНХ УУ

Гутайн даваа дахь хоёр дахь зовлон бол алтны үндсэн орд. Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар алт байгааг Монгол-Канадын хамтарсан “Гутайн даваа” компанийнхан тогтоожээ. Тэд 2003 онд тус газарт хайгуул хийх тусгай зөвшөөрлөө авч байжээ. Хайгуулын явцад алтны үндсэн ордыг нээж, нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3.1 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Ашиглалт явуулахаар төлөвлөх үед нь “Урт нэртэй хууль” батлагдан гарчээ. Алттай газар нь Ойн сан бүхий газар байсан учир тэд “шүлсээ залгиад л” үлдэж. Гэхдээ тэдэнд удалгүй боломж гарч иржээ. УИХ-аас “Урт нэртэй хууль”-ийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Ингэснээр “Гутайн даваа” компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Уул уурхайн сайд Р.Жигжид энэ асуудлаар” БОНХАЖЯ-наас гаргасан “Далд уурхайгаар олборлох нөхцөлд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” гэсэн лавлагаанд үндэслэж Ашигт малтмалын газраас “Гутайн” алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг “Гутайн даваа” компанид хуулийн дагуу олгосон” гэж ярьжээ. Өөрийг нь огцрох шаардлага тавьсан “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн хариуг өгөхдөө сайд ингэж тайлбарласан байна.

“Гутайн даваа” юмпанийнхан хамгаалалт гаргаж алтны ордыг өдөр шөнөгүй манаж байна. Монгол-Канадын хамтарсан компани байсан “Гутайн даваа” одоо хэний мэдэлд байгаа нь тодорхой бус. Зарим эх сурвалжийн мэдээгээр тэд компаниа нэртэй нь худалдсан бололтой. Хятадууд авсан байж магадгүйг олон хүн хэлж байгаа юм.

Эндээс харахад Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа дээрх компаниудын ажил хуулийн дагуу, ямар ч асуудалгүй мэт. Харин бодит байдал дээр эргэж харах, бодууштай, заавал шийдэх ёстой олон асуудал байна.

АЛТ ЧУХАЛ УУ, БАХАРХАЛ ЧУХАЛ УУ
Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энд яагаад алт ухаж болохгүй вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь, тодорхой. Учир нь, энэ сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй. Алт ухаж болохгүйн нэг шалтгаан энэ.

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223 зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Гадаадын жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг нутаг.

Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатан ижий нэрээр мөнхөрсөн энэ ариун дагшин голыг бид нүдний цөцгий мэт хамгаалах учиртай. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 21/

    Энэ егер толгойтой дээрэчинг газар дээр нь нам даровал таарна

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 21/

    Энэ егер толгойтой дээрэчинг газар дээр нь даровал таарна

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 20/

    Ima teneg amitan baix gej. Omnoos ni ichij yxlee

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 20/

    garamgaibaatarig Hentiid 1mandaat nemehig hetiihen zahialaagui ooroo l UIH d garah sanaatai hiij baigaa ni ter Ocij ocij ih haani neriig barj tenegtej onigoong oroh yumdaa.Shudraga uneneer ni Suhbaatar aimagt ogoh heregteeg Hentiinhen shaardaj bnaGaramgai gishuunee ta nutgiinhnii neriig buu gutaa .T

    Хариулах