Өнөө жилийн сонгуулиар “гал гарсан” тулаан өрнүүлчих өрсөлдөгчид алга

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 30
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн намууд эцэслэн батлав-


Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт улс төрийн намууд шөнө дөлөөр хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ батламжлав. Хуулийн хугацаа тухайн өдрийн 00.00 цагаар дуусгавар болж байсан учраас өглөөнөөс эхлэн МАН-ын удирдлагууд нэр дэвшихээр горилж байсан хүн нэг бүртэй уулзаж, улмаар намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа Бага хурлаар хэлэлцэж батламжилсан юм. Харин АН-ын тухайд даваа гарагаас эхлэн намынхаа анхан шатны нэгж хороодоор хэлэлцүүлж, улмаар ҮЗХ-ны хурлаар эцэслэн баталсан билээ. Гэвч дотоод дүрмийн дагуу анхан шатны нэгжээс дэмжлэг авсан ч ҮЗХ-ны хурлын үеэр бүдэрч, эсрэгээрээ анхан шатнаас дэмжлэг авч чадаагүй ч намынхаа хурлын үеэр дэмжлэг авах хүмүүс цөөнгүй байлаа.

Мөн хэний ч санаанд багтамгүй хуваарилалт, нөгөө талаар намын захиас даалгавраар тойргоо сольсон хүмүүс ч цөөнгүй байлаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ удаагийн нэр дэвшилтээс өөрийн саналаар татгалзаж Орхон аймагт “жийгдсэн” УИХ-ын гишүүн М.Батчимэгийг дэмжиж, боломж олгосон нь улс төрийн шинэ жишиг байсан гэж хэлж болно.

Нөгөө талаар Булганы тойргийн төлөө үхэн хатан тэмцэж байсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ удаад өнжихөөр шийдсэн нь мөн л сонин мэдээ байв. Эдгээр гишүүдээс гадна С.Оюун, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь нарын зургаан гишүүнээс бусад 70 гишүүн эргээд парламентын танхимд тухлахын тулд ирэх сонгуульд хүч үзэхээр болжээ. Түүнчлэн, ирэх сонгуулиар олны санаанд оромгүй нэр дэвшигчдээс гадна сонирхолтой гэж хэлж болохуйц тулаан ч гарах нь тодорхой байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Бямбацогт нар нэг айлын хүргэчүүл. Гэсэн ч улс төрийн хатуу тоглоом тэднийг шоглож, тэд нэг тойрогт хоёр өөр намаас өрсөлдөхөөр болжээ. Нөгөө талаар ах дүүгийн тангараг тасраад буй гэх төрсөн ах дүүс болох Ш.Батсамбуу, Ш.Сайхансамбуу нар нэг тойрогт өрсөлдөж, ах нь дүүгээ гаргахгүйн тулд улайрч буйг харахад улс төр өс хонзон авах хэрэгсэл болжээ гэдэг нь харагдах аж.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хоёр хүүхэд хоёр өөр намаас нэр дэвшихээр болжээ. Тодруулбал, охин Б.Энхбайгаль АН-аас Төв аймагт нэр дэвшч МАН-ын дарга М.Энхболдтой өрсөлдөх бол, хүү Б.Хүдэр-Ян ТТ эв нэгдлийн эвслээс Хэнтийд хүч үзэх аж. Тэгвэл С.Ганбаатар ч мөн төрсөн дүү С.Гантуяатайгаа хамт их улс төрд өрсөлдөж байна. Мөн Олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгор аймагт АН-аас, Олимпийн мөнгөн медальт Х.Цагаанбаатар Дархан-Уул аймагт ТТ эв нэгдлийн эвслээс, Параолимпийн аварга Д.Баатаржав Сэлэнгэ аймагт мөн ТТ эв нэгдлийн эвслээс, Дархан аварга А.Сүхбат Төв аймагт МАН-аас тус тус нэр дэвшихээр болсон юм. Сэтгүүлзүй, урлагийнхан ч энэ цувааг үргэлжлүүлэв.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх