Жан Клод Юнкер: Ц.Элбэгдорж бол Монголоос төрсөн дэлхийн удирдагч

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 18 ・ 3

Монголчуудын хувьд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх тод үйл явдлууд өрнүүнтэй өдрүүдийг өнгөрүүлж байна. Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж, өндөрлөлөө. Энэ жилийн наадамтай залгуулаад л Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулж, Ази Европын орнуудын төрийн тэргүүнүүдийг нийслэлдээ хүлээн авч, нэгэн дээвэр дор цуглуулж чадлаа.

Азийн цээжинд орших босоо бичигтэй, давтагдашгүй өвөрмөц өв соёлтой нүүдэлчин, хурдацтай хөгжин дэвшиж байгаа шинэ цагийн Монгол Улс гэдгээ дэлхий дахинд зарлан тунхаглаж, АСЕМ-аар нотолж, таниулж бас харуулж чадлаа. Дээд түвшний энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирсэн. Төрийн тэргүүний түвшинд нийт 10 орны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүний түвшинд нийт 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, түүнчлэн 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд нар манай улсад хүрэлцэн ирсэн нь онцлох үйл явдал. Тиймээс ч дэлхийн таван тэрбум хүн сайхан Монгол орон, амгалан Монгол орны тухай ярьж сонсч, ёстой л дэлхий Монголоор амьсгалж байв, энэ өдрүүдэд.

Итали улсын Милан хотноо 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс дараагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна” хэмээн ам бардам хэлж, эрхийг нь авч байсан билээ. Ази-Европын холбоо ч уулзалтыг зохион байгуулах эрхийг олгосон нь Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулсан явдал бөгөөд Европ болон Азийн хэмжээнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл хэмээн үзэж байсан юм.

Тэгвэл Монгол Улсын маань төрийн тэргүүн энэ эрхийг авч чадсан шигээ, нүүр бардам, итгэл төгс зохион байгуулж чадлаа. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, Гадаад хэргийн сайд Д.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нарын оролцоо их байж, тэд ч сайн зохион байгуулж, Ерөнхийлөгчийн итгэлийг алдалгүй ажиллаж чадсаныг онцлон дурьдах хэрэгтэй. Мөн АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад ойролцоогоор 12 мянга гаруй хүн гар бие оролцсон гэсэн тоо гараад буй. Төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компаниуд, үүрэн холбооны операторууд, хандивлагчид, хувийн хэвшлийнхэнд болон бодит мэдээллийг шуурхай түгээж, улс орноо сурталчилсан хэвлэл мэдээллийнхэн гээд хувь нэмэр оруулсан бүх хүний хүчин зүтгэлийг энд дурьдах нь зүйтэй.

Гэтэл нэгэн үе АСЕМ-ыг амтай болгон л харааж байсан. Харин одоо амтай болгон шахам магтаж байна. Үүнийг монголчуудын л араншин гэж бодоод өнгөрүүлж болохгүй. Учир нь улс төрийн их олимпоос бидний цөөхөн монголчууд хожиж, нийтээрээ нэг алхлаа. Дэлхийн дайдын асуудлыг улс гүрнүүдийн тэргүүнүүд Монголд чуулж хэлэлцлээ. Энэ бол бидний тусгаар тогтнолын хамгийн том баталгаа. Тиймээс ч энэ үйл явдлыг эх орондоо болгох гэж тэмцэж муу, сайнаар олон удаа дуудуулж, энэ үйл хэргийг бүтээж чадсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг , Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, АСЕМ-ыг нүүр улайхааргүй явуулах гэж ачааны хүндийг үүрч ажилласан Хотын дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга болон түүний багийнхныг ч дурьдахгүй өнгөрч болохгүй.

АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад дэлхийн хүн амын 62.3, GDP-ийн 57.2 хувийг бүрдүүлдэг Евразийн хэвлэл мэдээлэл тэр чигтээ Монголд цугласан. Олон улсын мэдээллийн төвд 700 гаруй сэтгүүлч, зураглаачид ажиллаж, дэлхий дахинд Монголын талаархи эерэг мэдээллийг түгээсэн. Үүнийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолж, “Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа. АСЕМ-ын уулзалтын үеэр Монгол Улс зохион байгуулагчийн хувьд соёл уламжлалаа танилцуулж наадам зохион байгууллаа. Дараагийн удаа АСЕМ-ын уулзалт бараг 100 жилийн дараа Монгол Улсад зохион байгуулагдаж магадгүй. Сэтгүүлч нар маань маш сайн ажиллалаа. Дэлхийн 1.5 тэрбум хүн та бүхний бэлтгэсэн мэдээллийг үзсэн. Та бүхэн Монгол оронтой танилцаж амжсан байх гэж найдаж байна. Та бүхнийг эргэж ирэх байх гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлж байлаа. Үнэн хэрэгтээ АСЕМ-ыг зохион байгуулснаар Монголыг харах өнгө өөрчлөгдөж, монголчуудад хандах ертөнцийн хандлага ч эерэг болж, бас ч үгүй тэдний олонхи нь монголчуудаар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр бахархсан нь дамжиггүй. Тиймдээ ч Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Хубилай хаанаас хойш дэлхийн удирдагчдыг эсгий гэрт цуглуулсан хүн болж, түүхэнд тэмдэглэгдлээ. Түүний гавьяаг үнэлэх нь зөв.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 19/

    ЭБЭ НҮБ-ын даргын ажлыг зүүдлээд мөрөөдөөд байгаа нь үнэн юм байна даа

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 18/

    Sain bna ebi min odoo taivan amarch AR gere tuvhnvvlerei

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 18/

    Энэнийг л хүсэж хөдөлсөн тагалцаг шүү дээ

    Хариулах