С.Баяр хийгээд Н.Энхбаярын “Аалзны тор”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 26

c7fbe2f9ea9e1e12big

Улстөрөөс угшилтайгаар нийгмийг аалзны тор мэт бүрхчихээд байгаа авлигын сүлжээ, далд эдийн засагтай холбоотой нийтлэлүүдийг тун ойрын эх сурвалжуудын мэдээллүүдэд тулгуурласан байдлаар нийтэд хэдэнтээ хүргэж байсан Дэд доктор Б.Ганбат хэмээх автор 2012 оны сонгуулиас сар гаруйн өмнө дахин гарч ирж байсан билээ. Найман оны сонгуулийн үеэр яг энэ авторын зүгээс шуугиан тарьсан нийтлэлээр монголчуудтай уулзаагүй. Харин “Аалзны тор”-оор нь автор хийсэн зарим нөхөд тэр хүртэлх хугацаанд байсан. Тэрчлэн Дэд доктор Б.Ганбат хэмээгчийн “Аалзны тор-6” нийтлэлийг сонгуулийн өмнөх улстөрийн нам хүчнүүдийн мэргэшсэн технологчдын уран бүтээл гэж тамгалж харахаас илүүтэй бугшсан идээ бээрийг цэвэрлэх ажиллагаанд нэмэр болж буй үйлдэл гэж харах уу гэдэг асуулт яах аргагүй гарч ирж байлаа. Ямартай ч, “Аалзны тор-6” нийтлэл МАН болоод МАХН-ын алинд нь ч нэг нэгнээсээ дээрдэх зүйл үгүй гэдгийг илэрхийлэхээс дээгүүр улстөрийн нам хүчнээр халхавч хийсэн, ханаж цадахаа умартталаа луйвар хийсэн төрийн зүтгэлтнүүдээсээ монголчууд ангижрах боломж ойр байна гэсэн ойлголтыг өгөхөд чиглэсэн харагдаж байсан юм.

Гэхдээ найман жилийн дараах “Аалзны тор”-ын жинхэнэ автор нь АН, угаасаа ч тэд байсаар ирсэн гэх мессеж дагаж байсныг өгүүлэх нь зөв биз. Хэдийгээр тус нийтлэлд ардчиллын гоц дуу хоолой болсон алдарт нийтлэлч Баабар эрхмийг авах юмгүй болтол нь хийж, Дэд доктор Б.Ганбатын 7 жилийн өмнө “Өдрийн сонин”-д шуудангаар илгээсэн “Аалзны тор 5”-ыг Баабар хамгийн түрүүнд олзолж аваад өөрөө автор нь болж, улмаар “Аалзны тор”-ын гол нэхэгч Н.Энхбаярыг шантаажлан, удаан жилийн турш Ч.Улаан эрхмийн замд гай болох 11 сая доллар хулгай хийсэн гэх материалыг нь гартаа оруулсан тухай бичсэн ч, тэр бол зүгээр л АН-аас холдуулах гэсэн арга. Явж явж энэ нийтлэлийн захиалагч нь сонгуульд ялалтын тугаа мандуулах гэсэн АН гэж харагсад цөөнгүй бий.

Гэхдээ тийм ч байлаа гэсэн сүүлийн арав гаруй жилийн хугацаанд монголын улстөрд хадагдаж, түүгээр халхавчлан нийгэм дэх авлигыг улам гааруулсан хэрэгт хариуцлага хүлээх ёстой эсэх нь хуулийн дагуу тогтоогдох бүрэн магадлалтай гэгдэж байгаа бүлэглэлийн чанартай нэр бүхий хүмүүсийн асуудалд цэг тавигдана гэдэг бол үнэхээр том асуудал. Авлигын сүлжээг улам бүр өргөсөх замыг шулуутгасан Н.Энхбаярыг өөрийнхөө буй болгосон түмэн төмөр шоргоолжнуудад бариулж байна гэж өгүүлснийг ч оноогүй үгс гэж шууд тодорхойлох нь яарсан хэрэг болох биз. Гэхдээ бас шинэ “Аалзны тор” нийтлэлд лавшруулж харвал илүүтэй баталгаажих мэдээллүүд бийгийн зэрэгцээ эргэлзээ дагуулах зүйлс ч байсаар өдийг хүрсэн юм. Тухайлбал, Н.Энхбаяр, Р.Фрийдланд нарын хамтын ажиллагаатай холбоотойгоор үргэлжилсэн үйл явцуудыг дүгнэсэн хэсгүүд нь. Үнэхээр тэнд өгүүлсэнчлэн Н.Энхбаяр “Айвенхоу Майнз”-тай нэг талд, харин С.Баяр нар “Рио Тинто”-той нөгөө талд хүч хавсран суусан уу гэдэг нь одоо ч анхаарлын төвд байх л учиртай асуултуудын нэг билээ!

Н.Энхбаяр, Р.Фрийдланд хоёрын эсрэг…

Сонгуулиас өмнө ихээхэн анхаарал татан байж батлагдаж асан “Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль гэж байв. Сүүлдээ энэ хууль хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэх тодотголыг дагуулах болсон билээ. МҮХАҮТ-ын зүгээс энэхүү хуулийн төслийг өргөн баригдсаны дараа байр сууриа илэрхийлэхдээ “…энэ нь үндэсний аюулгүй байдлыг хангах бус харин ч үндэсний бизнесүүд гадаадын дадлага туршлага, дэвшилтэт техник, технологиос суралцах, тэдгээрийн нөөц бололцоог ашиглах олон талын боломжийг шууд хаан, тэдний орон нутагтаа төдийгүй олон улсад өрсөлдөх чадамжийг боомилох замаар Монгол улсын үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд урьд өмнө байгаагүй ноцтой заналхийллийг бий болгох аюул дагуулж буйг анхааруулах нь зүйтэй хэмээн үзэж байна” гэж байв.

Тодотгоход, гадаадын дадлага туршлага, дэвшилтэт техник, технологи гэдэг нь Өмнөд хөршийнхийг бус өрнийн хөрөнгө оруулагчдын дагуулж ирдэг зүйлийг хэлээд байгаа билээ. Нэг ёсондоо монголын улстөрчид сонгуулийг угтан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэрийдлээр гуравдагч орны хөрөнгө оруулалтаас татгалзах асуудлыг хуульчлах алхмыг хүч хавсран хийсэн гэсэн үг юм. Тэгэхээр энэ тухай өгүүлэхийн учир нь, “Аалзны тор-6” нийтлэлд “…Фрийдландад мөнгө маш чухал, Энхбаярт эрх мэдэл маш чухал. Энэ хамтын ажиллагаа нь Монголын гадаад бодлого, үзэл баримтлал, геополитикийн бодлогод харшлах боллоо. 2009 онд Москвад болсон Хятад, Оросын Засгийн газрын хамтарсан хуралдаанаар Монголын талаар авч хэлэлцжээ. Монголд асар их байгалийн баялаг илэрснээр өрнөдийн орнуудын сонирхлыг хэтэрхий татаж байгаа нь хоёр орны геополитик бодлогод харш байна гэсэн дээр хоёр тал санал нийлсэн юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх