Маршал Ю.Цэдэнбалыг огцруулсан хуйвалдааныг хэн, хэзээ илчилсэн бэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 26

 

Ю.Цэдэнбалыг өвчний учир өөрийнх нь зөвшөөрснөөр Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлсөн МАХН-ын Төв хорооны 1984 оны VIII бүгд хурлын шийдвэр гээч нь Монголын ард түмнийг хууран мэхэлж, хууль бусаар төрийн эргэлт хийсэн хуйвалдааны баримт бичиг байсан юм.
 
Хуйвалдааныг ОХУ-ын судлаач Надировын “Цэдэнбал 1984 он”, Шинкаревын “Цэдэнбал түүний цаг үе” бүтээлээрээ анх илчилж, дэлхий дахинд зарласан билээ.
 
Надиров бол ЗХУКН-ын Төв Хорооны Ази, Алс дорнодын хэлтсийн Монголыг хариуцсан ажилтны хувиар (80-аад оны дунд үе хүртэл) Ю.Цэдэнбал болон манай талын зочдыг байнга дагалдаж үйлчилж байсан хүн. 60-аад онд манайд элчин зөвлөх, зөвлөхөөр ажилласан, бүтээл гаргах үедээ ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд ажиллаж байсан эрдэмтэн хүн. 
 
Өөрийнх нь нотолсноор Ш.Надиров бол ЗХУКН-ын Төв Хороо, ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны архивын нууц материал судлах эрхтэй цөөхөн хүний нэг учраас архивын нууц баримтыг үндэслэж, бас олон үйл явдалд биеэр оролцож явсны хувьд эргэлтийн бүх нууцыг хөтөлбөргүй нотолж чадсан. (түүний номын 5 дахь тал)
 
Шинкарев бол дэлхийн олон орон түүний дотор Монголд ажиллаж байсан сурвалжлагч, зохиолч. Ю.Цэдэнбалынхан Москвад байхад гэрээр нь байнга очиж тэдэнтэй уулздаг байсан хүн.
 
ХУЙВАЛДААНД МОСКВАГИЙН ОРОЛЦОО
 
Бүр 1970-аад оны дунд үеэс Ю.Цэдэнбалыг огцруулах асуудлыг ЗХУКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Нарийн бичгийн дарга нарын хурлуудад 10 шахам жил хэлэлцжээ. Янз янзын хувилбар боловсруулж байсны эцэст 1984 онд түүнийг өвчний гэх шалтгаанаар огцруулахаар удирдлагууд санал нэгджээ. 
 
Олон удаагийн хурлын протоколоос заримыг нь дурдъя.
 
ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев социалист орнуудын удирдагч нэг бүрийн тухай судалгааны материал Улс төрийн товчооны гишүүдэд тарааж танилцуулсны дотор Ю.Цэдэнбал нэгэнт нэр хүндгүй болж, хүн бүхнийг залхааж байгаа тухай тааруухан дүгнэлт оржээ.
 
Уг асуудлыг Улс Төрийн Товчооны хурлаар 1976 оны хоёрдугаар сард хэлэлцэхэд Улс Төрийн Товчооны гишүүн, БХЯ-ны сайд Устынов Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын мэдээллийг нэмж танилцуулаад Ю.Цэдэнбалыг солих хэрэгтэй. Тэр удирдаж чадахгүй байна. Байдлыг гартаа барьж чадахгүй байна гэжээ. (Шинкаров, Цэдэнбал Филатова хоёр. УБ 2004 он 366 дахь тал)
 
1983 оны арваннэгдүгээр сард Улс Төрийн Товчооны дөрвөн гишүүн гарын үсэг зурсан Монголын удирдлагын байдлын тухай албан бичгийг Улс Төрийн Товчооны хуралд оруулан хэлэлцүүлжээ. 
 
Тэр бичигт МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын тухай асуудлыг шийдвэрлэхгүйгээр өөрөөр хэлбэл, Ю.Цэдэнбалыг энэ албан тушаалаас зайлуулахгүйгээр МАХН, Монголын удирдлагын байдал жинхэнэ ёсоор сайжрахгүй. Тиймээс Ю.Цэдэнбалаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт Төв Хороонд гаргуулах шаардлага бий болж байна. Түүнд АИХ-ын дарга ч юмуу, ямар нэгэн хүндэт албан тушаал санал болгоё гэжээ. 
 
Улс Төрийн Товчоо асуудлыг хэлэлцээд үүнийг дахин судлан үзэж, энэ ажилд Зөвлөлтийн Монгол дахь төлөөлөгчдийг татан оролцуулж эцсийн шийдвэр гаргах санал оруулж ирэхийг Улс Төрийн Товчооны гишүүн А.А.Громыко болон бичиг зохиогч бусад хүнд даалгажээ. 
 
Төв Хорооны нарийн бичгийн дарга К.В.Русаков нэмж хэлэхдээ “Гэхдээ тодорхой юу хийх вэ, үүнийг хэрхэн хийх вэ” гэж өөрөөсөө болон хуралдаанд оролцогчдоос асуусан ч уг хурал нэгдсэн шийдвэр гаргаж амжаагүй байна "Бидний оролцоотойгоор гэхдээ мэдэгдэхгүйгээр" гэж товчооны гишүүд тус хурал дээр ярилцжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 УБ 1977, 106 дахь тал) 
 
А.А.Громыко нарын Улс Төрийн Товчооны дөрвөн гишүүн БНМАУ-ын байдлын тухай хоёр дахь бичиг 1984 оны дөрөвдүгээр сарын 28-нд Улс Төрийн Товчоонд оруулж хэлэлцүүлжээ. Тэр бичигт Ю.Цэдэнбал ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг эрүүл мэндийн шалтгаанаар сайн дураар орхих нь зүйтэй гэжээ. 
 
Ю.Цэдэнбалыг огцруулах янз бүрийн хувилбарыг ЗХУКН-ын Төв Хороо арав шахам жил хэлэлцсэний эцэст анх удаа эрүүл мэндийн шалтгаан дээр санал нэгдсэн байна. Улс Төрийн Товчооны тогтоолд зохиогчдын саналыг сайшаагаад хэрэгжүүлэх практик арга хэмжээ авахыг тэдэнд даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхэд ТХ, ГЯЯ, УАХХ-ны цөөн тооны хариуцлагатай ажилтныг татан оролцуулсан байна.
 
ЗХУКН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Горбачев 1984 оны зунаас Ю.Цэдэнбалыг огцруулах ажлыг шуурхайлжээ. Зүв зүгээр ажлаа хийж байсан Ю.Цэдэнбалыг эмнэлгийн шинжилгээ хийлгэх нэрээр Москвад дуудан ирүүлж 1984 оны долоодугаар сарын 30-нд эмнэлэгт хэвтүүлжээ.
 
Тархины хүнд өвчтэй учир онгоц, галт тэргээр зорчихыг хориглосон эмнэлгийн хуурамч акт гаргуулан Ю.Цэдэнбалыг гэрийн хорионд оруулж амжжээ. Өвчний учир ажиллах боломжгүйг Ю.Цэдэнбалд өөрийнхөө ерөнхий нарийн бичгийн дарга Н.У.Черненкогоор хэлүүлэх санал тавьсан боловч тэрбээр татгалзжээ. Черненко хүнд өвчтэй байсан учраас Зөвлөлтийн нам төрийн бүх ажлыг Горбачев гардан удирдаж байжээ.
Ю.Цэдэнбал эмнэлэгт хэвтсэний долоо дахь өдөр буюу наймдугаар сарын 7-нд Горбачевын элч Төв Хорооны хэлтсийн орлогч М.Н.Смирновский Крымд амарч байсан Ж.Батмөнх, Д.Моломжамц нартай уулзаж, Цэдэнбалын өвчний актыг танилцуулаад зөвлөлдөх шаардлагатай учир амралтаас буцах замдаа Москвад уулзъя гэсэн М.Горбачевын хүсэлтийг дамжуулжээ. Ингэж уулзахаас өмнө энэ сэдвээр ярилцахгүй байхыг манай хоёр даргаас Смирновский хүсчээ. (Ш.Г. Надиров, Ю.Цэдэнбал- 1984 он 118 дэх тал)
 
Амралтаас буцахдаа уулзъя гэсэн байтал манай хоёр дарга яарч тэр дороо Москва нисчээ. Наймдугаар сарын 9-нд Батмөнх, Моломжамц хоёр М.С. Горбачевтай уулзсан байна. Уулзалтад Д.Ф.Устинов, В.М. Чебрыков, К.В.Русаков эмч Е.И.Чазов (ЭХЯ-ны IV газрын дарга, удалгүй яамны сайдаар дэвшсэн) байлцжээ.
 
Горбачев хэлэхдээ Ю.Цэдэнбал өвчний учир ажлаа орхих шаардлагатай боллоо. Бид түүний эрүүл мэндийн байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авахыг зөвлөлдөх хэрэгтэй болов гэхэд эмч Чазов-Цэдэнбал өөрийн байдлыг ойлгохгүй байна. Эхнэр нь эмч нарын дүгнэлтийг хүлээж авахгүй байна. Эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэжээ.
 
БАТМӨНХ: -Байдал ноцтой болсон учраас хагас дутуу арга хэмжээ авч болохгүй гэдэг нь бидэнд тодорхой байна. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх