Д.Батсүх: Цэцийн бие даасан байдал алдагдвал Үндсэн хууль баталгаагүй болно

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 28

Б.ЗАЯА

Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлын талаар Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Д.Батсүхтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн хяналтын тогтолцоо манай улсад ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Үндсэн хуульт ёс бол хүний эрх, улс үндэстний бүрэн эрхт байдал, төрийн эрх мэдлийг хуваарилах, чөлөөт, ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн үйл хэрэгт иргэдийн оролцох эрхийг хангах зэрэг зарчмыг баталгаажуулсан. Мөн эдгээр зарчмыг ямар хэмжээнд хүлээн зөвшөөрснөөр Үндсэн хууль ёсны баталгаа илэрхийлэгддэг. Олон улсын хэмжээнд баримтлагддаг Үндсэн хууль ёсны зарчмууд 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилсэн Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн тусгалаа олсон.

Энэ шинэ Үндсэн хууль манай улсад Үндсэн хуульт ёс бүрэн тогтож чадсаны баталгаа болдог. Үндсэн хуульт ёс оршин тогтнох, хэрэгжих суурь баталгааны нэг нь Үндсэн хуулийн хяналтын тогтолцоо. Энэ механизмыг бий болгосон нь 1992 оны Үндсэн хуулийн шинэлэг тал байсан. Энэ хуулийн тавдугаар бүлгийн зохицуулалт нь манай улс дахь Үндсэн хуулийн хяналт, түүнийг хэрэгжүүлэх, байгууллагын зохион байгуулалт, бие даасан байдлын эрхзүйн үндсийг бүрдүүлж өгсөн. Тухайн үед манай улс Үндсэн хуулийн хяналтын тогтолцоог сонгохдоо дэлхийд байдаг хэд, хэдэн тогтолцоо буюу Үндсэн хуулийн тусгайлсан шүүхтэй байх, Улсын дээд шүүх нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг байх, эсвэл Үндсэн хуульд хяналт тавьдаг Францын загвар буюу зөвлөл ажиллуулах гэсэн хэлбэрүүдээс Үндсэн хуулийн шүүхтэй байх тогтолцоог хэрэглэсэн. Манай улсын Үндсэн хуулийн шүүх бол Цэц. Үндсэн үйл ажиллагаа нь тусгай шүүхийн зарчмаар ажилладаг. Үндсэн хуулийн шүүх хэрэгжиж эхэлсэн түүх богино боловч Үндсэн хуулийн цэцийн буюу шүүхийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг асар өндөр гэж хуульчид ярьдаг.

-Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд хуульчдын оролцоо хэр байна вэ?

-Сүүлийн 10 жил Үндсэн хуулийн цэц анхан шатны журмаар 98 маргааныг хэлэлцсэн. 70 маргаанд нь буюу нийт шийдсэн маргааны 71 хувьд нь хуульчид оролцсон байдаг. Энэ тоон үзүүлэлтээс харахад манай хуульчид Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог оролцоо, идэвх харьцангуй сайн байна. Үндсэн хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл, гомдол гаргах эрх иргэн бүрт байдаг. Энэ дотроо хуульчид идэвхтэй оролцож байгаа нь Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд чухал. Ингэхээс ч өөр аргагүй. Үндсэн хууль маань хүний эрхийг баталгаажуулдаг гол эрхзүйн баримт бичиг. Энэ эрхийг хангахад оролцдог хуульчид Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд оролцдог идэвх оролцоо илүү өндөр байх ёстой гэж үздэг.

Дээр дурдсанчлан 70 маргаанд 102 хуульч оролцсон байгаа. Цэцэд нийтдээ  129 иргэн маргаан гаргасан байдаг. Үүнээс хуульчдын оролцоо мэдээж өндөр байгаа ч манай улсад 5400 гаруй хуульч үйл ажиллагаа явуулж байна. Тэдний тоотой харьцуулахад Үндсэн хуулийн цэцэд маргаанд оролцож байгаа хуульчдын хувь хэмжээ чамлалттай. Цаашид Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх, Цэцийн маргаанд оролцох хуульчдын оролцоог нэмэгдүүлэхийг Монголын хуульчдын холбоо анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. 102 хуульчаас гадна маргаанд өмгөөлөгчөөр оролцох хуульзүйн зохицуулалт бий. Ийм тохиолдол 10 жилийн хугацаанд зургаан удаа гарч байсан.

-Хуульчдын оролцоог нэмэгдүүлэхэд Монголын хуульчдын холбооны үйл ажиллагаа чухал болов уу?

-2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс Хуульчийн эрхзүйн байдлын хууль  хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар Хуульчдын холбооны чиг үүрэг, эрх, зохион байгуулалтыг зааж өгсөн. Энэ хүрээнд Хуульчдын холбооны дотоод зохион байгуулалтад сайн дурын хороод ажилладаг. Энэ хороод хуульчдын холбооны зөвлөлд өөрийн төлөөллийг илгээх хэлбэрээр удирдах, бодлогыг тодорхойлоход оролцдог. Тэдгээр сайн дурын хороодын нэг нь Үндсэн хуулийн эрхзүйн хороо. Энэ хороонд өнөөдрийн байдлаар 141 хуульч гишүүнчлэлтэй. Тэд Үндсэн хуульт тогтолцооны талаарх Хуульчдын холбооны бодлогыг хэрэгжүүлэх үндсэн нэгж болон ажилладаг. Нэгдүгээрт, Үндсэн хуульт тогтолцоог хамгаалан бэхжүүлэх, мөн нийгмийн бүх салбарын зохицуулалт бүхий хууль тогтоомжууд, Үндсэн хууль түүний үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг судалж Үндсэн хуульд нийцүүлэх талаар тодорхой үйл ажиллагаа явуулна. Үндсэн хуулийн шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах талаар судалгаа хийх, хуулийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох гээд олон чиглэлээр хуульчдыг мэдээллээр хангах, хорооны гишүүд болон бусад хуульчдыг үйл ажиллагаанд татан оролцуулдаг.

-Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Асуудлуудыг хөндөж яривал олон бий. Энэ оны эхээр болсон нэг үйл явдлаар жишээ татъя. УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтийг оруулахаас өмнө Цэцийн гишүүн хууль зөрчсөн асуудлыг шүүхээр тогтоосон тохиолдолд хариуцлага тооцох хуульзүйн зохицуулалт байсныг өөрчилж, төрийн эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол Цэцийн гишүүнд хариуцлага тооцдог байдлаар өөрчилсөн.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх