Л.Дуурсах: Монгол Улс хөгжсөн гэвэл эндүүрэл

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 30 ・ 1
 

Т.БАТСАЙХАН

Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсахыг энэ удаагийнхаа зочноор урьж ярилцлаа.

-Танай эрдэмтдийн баг Монголын Улсын хөгжлийн талаар судалгаа шинжилгээний ажил хийж байгаа гэсэн. Энэ нь ямар учиртай вэ?

-Улс ардын аж ахуйг хөгжүүлэх суурь төлөв­лө­гөөг боловсруулж байна.  Суурь судалгааны ажилд 20-иод жил зарцууллаа. Бидэнд ямар нэгэн нам улс төрийн хүчин “Ийм төлөвлөгөө боловсруул” гэж захиалга өгөөгүй. Цэвэр өөрсдийн  эх оронч сэтгэл, хүсэл тэмүүллээр энэ ажлыг хийж байна.  Монгол Улсын хөгжил зөв чиглэлд экологийн чиг баримжаатай, байгальд ээлтэй байх ёстой. Тэгвэл бидний хойч үе 500-1000 орчим жилдээ айх аюулгүй, ус, агаарын хомсдолгүй амьдарна шүү дээ. Энэ л зүйлийн төлөө салбар бүрийн эрдэмтэд одооноос дуугарах нь зүйтэй.

-Эрдэмтэд маань дуугараад байдаг түүнийг шийдвэр гаргах түвшний эрх баригчид дэмжихгүй бол бас хэцүү. Та бүхний  төлөвлөгөөг эх орныхоо хөгжлийн талаар ярьдаг хүмүүс нь хэрхэн хүлээн авч байх юм?

-Монголчууд маань сүүлийн 100 жил ийм төлөвлөгөө боловс­руу­лаа­гүй. Уг нь бол шинжлэх ухаан манайд хөгжөөд 100 гаруй жил болж байна.  Хөгжсөн цагаас нь эхлэн суурь төлөвлөгөө яригдах ёстой. Тийм зүйл хийж чадаагүй учраас бид одоо битүү мананд төөрсөн мэт хөгжихгүй явж байгаа юм. Ийм цөөхүүлээ тийм том газар нутаг, байгалийн баялагтай мөртлөө ядуу амьдарч байна. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй суурь төлөвлөгөө гаргаж чадаагүй тэнгэр харж явсны л уршиг даа. Бид энэхүү төлөвлөгөөгөө өнгөр­сөн дөрвөн жил зас­гийн эрх барьсан Ард­чил­сан намд танилцуулсан. Биднийг тоогоогүй.

Тэдэнд улс орны урт удаан хугацааны төлөвлөгөө хэрэггүй юм билээ. “Өө та нарын бүтээл удах юм байна. Бидэнд дөрөвхөн жилийн дотор ард түмнээс үнэлгээ авах төлөвлөгөө хэрэгтэй” гэсэн хандлагаар хандаж байна лээ. Харин саяхан МАН-ынханд танилцуулахад нааштай хүлээж авсан. Биднийг дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

-Энэ хариултаас таныг МАН-ыг дэмждэг гэж ойлгож байна. Ер нь сүүлийн үед нам гэдэг зүйл монголчуудыг хувааж байна.  Эрдэмтэд энэ давалгаанд хэр өртөж байна вэ?

-Би ямар ч намыг улс төр, хувийн ашиг сонирхлын үүднээс дэмждэггүй.  Гагцхүү жинхэнэ улс орны хөгжлийн төлөө бол хэнтэй ч хамтрахад бэлэн жирийн нэгэн эрдэмтэн.

Монголын гурван сая хүний төлөө тэр намууд дээр төлөвлөгөөгөө барьж очоод байгаа юм. Түүнээс яс горьдож очоогүй.  Ямарваа улс орны тэргүүнүүд хэр уян хатан бодлоготой, алсын хараатай байна тэр улс орон хөгжинө. Гэтэл манайд алсын хараа,  холч ухаан гэдэг зүйл хаягдаад өнөө маргааш сандал ширээнийхээ төлөө хэрүүлээ хийж байна шүү дээ.

-Улс ардын аж ахуйг хөгжүүлэх суурь төлөвлөгөө гээд нэр нь хоцрогдсон сонсогдоод байх юм. Залуус бол энэ хүн дээр үеийн юм л яриад байна гэж ойлгохоор санагдлаа. Уучлаарай?

-Тийм байж магадгүй. Энэ дээр бидэнд нэг л алдаа байна. Гадаадынхныг аялдан дагалдаад яаж зөв хөгжих вэ гэсэн гаргалгаагаа гаргаж чадахгүй байгаа юм. Бидний газар нутаг, хэл соёл, зан байдал тэднээс тэс өөр. Гэтэл хуулаад л байдаг. Энэ чинь юу болж байна.  Болохгүй шүү дээ. Энэ давалгаанд өртсөн залуус Монголоосоо алхам, алхмаар холдож байна. Мөн үүнийгээ хөгжил гэж эндүүрээд байна.    Би сайхан монгол хэлнээсээ сонголтоо хийж нэр өгөөд энэ Монголынхоо төлөө л төлөвлөгөөг боловсруулсан. Улс ард түмэнтэй байна.  Ард түмний амьдралын баталгаа нь аж ахуй юм гэдгийг л илэрхийлж байгаа. Тэгээд миний төлөвлөгөө дэлхийн хаана ч давтагдахгүй. Зөвхөн Монголын ард амьдралын онцлог байгаль дэлхийгээс урган гарсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батаа / 2016 07 сар 31/

    Та 1000 жилийн тухай юм бичих юм дэлхий том эрдэмтэд 300 жилийн дараа монгол улс гэж байхгүй гэх

    Хариулах