АВЛИГАЧИД, ГАЗРЫН НАЙМААЧИД Монголын төрийг самарч эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 29
 

/МАН-ын 1964 оны гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/

 

Өнгөрсөн хавар болсон УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийг ард түмэн “Сонгуулийн хувьсгал” хэмээн нэрлэж байсан. Үнээн. Хувьсгал болж өнгөрсөн. Хувьсгалын тухай дээдсийнхээ сургаалыг эргэж нэг саная.

“Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, адгийн шаарнууд үр дүнг нь хүртдэг” гэж сургасан байдаг. Яг л ийм явдал болж өнгөрсөн. Ард түмнээ хуурч 65 суудал авсныхаа маргаашаас Миеэгомбын Энхболдынхон яаж зүсээ хувиргав?!

2008 оны сонгуулиар будлиан тарьж, Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар угаан таван хүний аминд хүрээд оргож гарцгаасан алуурчид, оффшор бүс, гадаадын эдлэн газрууддаа амар амгалан жаргаж суусан, манай намын “нэр”-тэй оргодол-цагаач бүгдийг цуглуулж ирсэн.

Өнөөдөр хардаа! Тэд Монголын төрийг зайдлаад сууцгааж байна.Энэ намыг ялуулахын төлөө дөрвөн жил нойр хоолоо хасан зүтгэсэн, сайн муу хэлэгдэж, үйл тамаа үзсэн хүмүүс нь үнсэнд хаягдсан шалз шиг үлдлээ. Өнөөх ард түмэндээ амласан сайхан амлалт бүгд худлаа!

 

Би эхнээс нь тайлбарлая. Нам төрийн бүх эрх нэг хүний гарт төвлөрвөл дарангуйлал болдог. М.Энхболдынхон ч үүнийг хүлээн зөвшөөрч сөрөг хүчний байр сууринаас тэмцэж байсан удаа бий. Тэгтэл М.Энхболд юуны өмнө парламентын засаглалыг Ардын намын даргатай нь нэг гарт төвлөрүүлэн, бүгдийг шийдэж байна. Нам төрийг хослон барьж дарангуйлал тогтоож байсан хүмүүсийн үйл хэргийг өнөөдөр М.Энхболд үргэлжлүүллээ. Дарангуйлагчийн нэг онцлог нь өөрийн хамгийн дотно, сул дорой, өөрийнх нь нүдний харцаар утсан хүүхэлдэй шиг хөдөлж байдаг хүмүүсээр багаа бүрдүүлдэг. Та хардаа! Хамтарсан Засгийн газарт Сангийн сайд байгаад юу ч хийлгүй хөөгдөж гарсан, одоо юу хийхээ мэдэхгүй суугаа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын сэнтийд заллаа. Хүмүүсийн ярих нь их дотно холбоотой гэх. М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрын анхны томилолтоос л айдас үнэртэж эхэлсэн.

Ямартай ч эхнээсээ үйл хөдлөл нь илэрч эхэллээ. Засгийн газраа бүрдүүлэхдээ Авлигатай тэмцэх газраас “виз” авдаг юм байна. Дөрвөн сайдыг нь “ашиг сонирхлыг зөрчилтэй” гээд буцаачихаж байх юм. Тэгсэн чинь М.Энхболдын багын найз, талбайд таван хүнийг цагаан зээр шиг буудан хөнөөхөд гол үүрэг гүйцэтгэсэн, Баянгол зочид буудалд тамирчид байрлуулсныхаа 60 гаруй сая төгрөгийг төлөлгүй гадаадад гарч явчихаад эрэл сурал болж байсан Ц.Мөнх-Оргил “ашиг  сонирхлын зөрчилгүйгээр” Гадаад харилцааны яамны сайд болж байх юм гэнэ. Монгол Улс чинь өндөр мэдлэг мэргэжилтэй, нэр бүтэн дипломатчгүй болсон хэрэг үү?! Энэ хүн Монголын төрөөр тоглож гүйцсэн хүн. Түрүү Баянгол дүүрэгт өрсөлдөөд ялагдаж, эргэж харах нүүргүй болсон л доо. Энэ удаагийн сонгуульд биднээс хөөгдөөд Сүхбаатар дүүрэгт очин “МАН-ын баг” гэдэг нэрийн дор гараад ирсэн.

Сонгуулийн өмнө “Ардын намын удирдлагуудын 60 тэрбумын хэрэг” босч ирсэн. Ардчилсан намынхан шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан. Саяхан, хууль хяналтын байгууллагын шалгалтыг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газар хэрэгсэхгүй болголоо гэнэ. Үнэхээр, хэргийн бүрэлдэхүүнгүй байв уу, бас М.Энхболддоо үйлчилчихэв үү?! Үүнийг ард түмэндээ ил тод тайлбарлаж, буруутай этгээдэд нь арга хэмжээ авах ёстой бус уу? Авлигатай тэмцэх газар гэдэг чинь М.Энхболдын “махан ташуур” болчихож болохгүй биз дээ.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэх ч гэж дээ. Дан өнгө мөнгө, гэр бүл, танил талын танхим бүрдчихсэн. Ард түмэндээ бол “давхар дээлгүй”, “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэж амлалт авсан. Одоо хамгийн олон “давхар дээлтэй”, хамгийн мэргэжлийн бус Засгийн газар бүрдчихээд байна. Монгол төрийн багана болсон Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Сангийн яам зэрэг гурав дөрөвхөн яамыг онцлож үздэг байсан. Түүнийг сүүлийн үед үндсэн чиг үүргийн яам гэж нэрлээд “хөвөнтэй дээл” нөмрүүлээд байлаа. Тэгсэн чинь давхар дээл нөмрүүлэхийн тулд үндсэн чиг үүргийн яамаа зургаа болгочихож байгаа юм. Муу юманд ухаан зарахдаа ийм сайн. Сайдуудыг нь харчих даа. Монголд, тэр дундаа МАН-д сайд хийчихээр мэдлэг оюун тэгширсэн залуучууд хэдэн мянгаараа бий. Тэгсэн чинь УИХ-д сонгогдоод үзэгдэх нь ховор, дуугарах нь тун цөөн суугаад байдаг байсан Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж нар сайд болчихож байгаа юм.

Монголын мөнгөний тал хувь нь гадаадын банк, оффшор дансуудад тэр томчуудын эхнэр хүүхэд, ах дүүгийн нэр дээр чихээтэй байдаг юм гэсэн. Зарим эдийн засагч, түүнийг оруулж ирвэл Монголын гадаад өрийг бараг төлчих байх гэдэг. Түүнийг яагаад оруулж ирж болдоггүй юм. Мөн тэрчлэн даатгалын хөрөнгөнөөс гадаад, дотоодод байршуулж нуусан их мөнгө бий. Эрдэнэтийн 400 сая ам.доллар, Төмөр зам, Сайншандын үйлдвэрлэлийн цогцолбор барина гэж хувааж аваад хүртчихсэн олон тэрбум төгрөг...Ер нь боломж их бий. Өөрсдөө холбогдчихоор огт санаа тавихгүй, “цалин хасна” гээд сууж байна...

Эрүүл мэндийн сайдад үе дамжсан эмч, Жадамбаагийн Цолмон гэж дайчин шуурхай эмэгтэйг сайд болох нь гэж баярлаж байсан чинь Авлигатай тэмцэх газраараа унагуулаад оронд нь Төв аймгийн аль Энхболдынх нь худ гэв, өөрийнхөө хүнийг томилж байгаа юм даа. Ийм бусармаг явдлыг тоочвол цаг цаас хүрэхгүй. Дэд сайдуудын томилгоо ч гэсэн дан өөрсдийнх нь танил тал, хамаатан садан. Эрх баригчид мэргэжлийн бус Засгийн газар байгуулснаа өнөөдөр болохоор “Менежерийн Засгийн газар байгуулсан. Шилдэг сайн менежерүүдээр Засгийн газраа байгуулсан гэж бухаж бултаж байгаа. Мэргэжил, менежер хоёр чинь шал өөр ухагдахуун. Ард түмнээ, сонгогчдоо мал гэж бодоод байгаа юмуу, ингэж доромжилж болохгүй шүү дээ.

Нийслэлийн удирдлагыг М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр яг өөрсдийнхөө мулгуу зарчмаар байгуулж байгаа юм. Газрын наймаанд гар ганзага нийлж явсан Ц.Сандуйдаа ИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргыг хавсарган хариуцуулж “Нийслэлийн дарангуйлагчийг” бэлтгэж байгаа. Засаг даргад нь М.Энхболд өөрийн нутгийн, хамтран зүтгэгч, баруун гарынхаа хүн Су.Батболдыг томиллоо.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх