Дампуурсан хоршоод ба Шүүхийн шийдвэрийнхний давхар ажиллагаа…

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 30

olloo_mn_1402631571_hen

Том ар талтай нөхдүүд хэрэг үйлддэг. Тэрийг нь төр аргалаад өнгөрдөг жишиг манайд байхгүй биш байгаа. Ямартаа л 2008-2009 онд Зоос, Анод банкууд төлбөрийн чадваргүй болж, үүдээ барьсны дараа эдгээр банкны хадгаламж эзэмшигчдэд “Банкны мөнгөн хадгаламж баталгаа гаргах тухай” хууль батлагдсантай холбогдуулан 2013 оны  байдлаар 225 тэрбум төгрөгний зардал гарган хохирлыг барагдуулсан байдаг. Энэ нь хуулийн хүрээнд авагдсан арга хэмжээ болж харагдавч, эдийн засагт нэрмээс болсныг тухайн үед ДНБ өмнөх оныхоос  1,6%-иар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17,4%-д хүрч байснаас харж болно. Дампуурсан банкуудын зарим эрхмүүд ял сонсоод явсан ч, хэргийн гадна үлдсэн эрхмүүд бий гэдгийг ч умартаж болохгүй. Гол нь улс дахиад л хохирол үзэж байгаа юм.

Түүнчлэн ийм агуулгатай сэдвийг хэвлэлийнхэн  хөндөх нь зохистой юм. Тодруулбал, мянга мянган хүнийг хохироосон Хадгаламж зээлийн хоршоодын өр төлбөр барагдуулах үйл явц ямар байдалтай явж ирсэнд анхаарал хандуулж байх ёстой.Ингээд ярихаар мөнөөх л улсын нуруун дээр буусан их ачааны тухай ярих хэрэгтэй болно. Харин тэр талаар хөндөхөөсөө өмнө Хадгаламж зээлийн хоршоодын өр төлбөр барагдуулах ажлыг гүйцэтгэгч ШШГЕГ-ын үйл ажиллагаанд хуудуу бий гэдгийг бас харах хэрэгтэй юм.

2006 онд 26 Хадгаламж зээлийн хоршоо дампуурч, улс 100 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь хураасан гэх мэдээлэл бий. Тухайн үеийн эрх баригч намын нөхдүүдийн эрх ашгийн дагуу ч хоршоодыг дампууруулсан гэх байр суурь байдгийг хэлэхэд гэмгүй болов уу.

Тэгсэн ч ХЗХ-д дампуурсан нь үнэн. Иргэд хохирсон нь үнэн билээ. Тиймээс хохирогчдын хохирлыг барагдуулах ёстой.Гэтэл өр төлбөр барагдуулах үйл ажиллагааг явуулдаг ШШГЕГ-ын албан тушаалтнууд ХЗХ-ын өр барагдуулах ажлыг саатааж ирсэн талаарх мэдээллүүд бий. Тухайлбал, Шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан 150 гаруй автомашины  48 нь замаасаа алга болж, улсын өмч болсон гэсэн нэрээр бүртгэгдэн үлдсэн бол, бусад 100 орчим автомашины эд анги, мотор, өнгө нь хүртэл солигдож, хэнд ч хэрэггүй төмрийн сэг болоод олон  жилийн нүүрийг үзэж байгаа талаар хохирогчид болоод хариуцлага хүлээгч талуудын зүгээс хэлж ярьж байсныг эргэн сануулъя.

Түүнчлэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг тус газрынхны зохиомол дуудлага худалдаагаар үнэгүйдүүлэн, зах зээлийн ханшаас хэт доогуур зарж борлуулсан хөрөнгө ч цөөнгүй гэж байгаа. Тухайлбал, “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ- ны нэр дээрх Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах, 2008 онд үнэлгээний комиссоор 150-200 сая төгрөгөөр үнэлэгдсэн 831 метр квадрат газрыг 12 удаагийн хуурамч дуудлага худалдааг зохион байгуулж, үнэгүйдүүлэн 85 сая төгрөгөөр худалдсан талаар ч мэдээлэл бий. Мөн  тус хоршооны нэр дээрх П.Н.Шастины  нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн замын урд байрлах, 15х18 метрийн хэмжээтэй дутуу баригдсан барилгыг газрын хамт 87 сая төгрөг буюу одоогийн хоёр өрөө байрны үнээр зарсан байдаг.

Түүгээр зогсохгүй дампуурсан хоршоодын нэг болох  “Глоб кредит” хоршооны 68 айлын орон сууц, 24 машины гарааш зэрэг хөрөнгийг хохирогчдын хохирол барагдуулах жагсаалтад бүртгээгүй өнгөрсөн зэрэг үйлдлийг ШШГЕГ-ын үйл ажиллагаатай холбон харахаас аргагүй. Ямартаа л ХЗХ-ны хохирогчид Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед  ШШГЕГ-ын нэр  бүхий  албан тушаалтнууд ХЗХ-дын эздийн хөрөнгийг үнэгүйдүүлж, далд хэлбэрээр завшиж байна гэсэн утгатай өргөх бичиг барьж,  Улсын мөрдөн байцаах газраас нэр бүхий албан тушаалтнуудыг мөрдөн байцааж, хохирогчдын хөрөнгийг шамшигдуулж байсныг илрүүлсэн байдаг. Тэдгээр нь ШШГЕГ-ын Дотоод хяналтын албаны мэргэжилтэн Р.Энхтайван, ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Батсүх, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхбат, Д.Оюунсүрэн, Р.Энхтуяа, Г.Батмөнх нар байсан юм. Эдгээр эрхмүүд үгсэн хуйвалдаж дээр өгүүлсэн “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ болоод  “Глоб кредит” хоршооны хөрөнгөтэй холбоотой хууль бус зүйлсийг хийсэн байдаг. Мөн тэд  Баянзүрх дүүргийн XV хорооны нутагт байрлах 24 автомашины гараж, 68 айлын орон сууцны дөрвөн давхар барилгын метр квадратын үнийг гурав дахин бууруулж, өөрсдийн ах, дүү, хамаатан садандаа худалдсаныг хуулийн байгууллага тогтоосон байдаг. Ер нь асуудал зөвхөн үүгээр дуусахгүй гэдгийг ч эх сурвалжууд хэлж байсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх