Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 31
・ 3

Засгийн газар сүүлийн хэд хоногт хасна, танана, татвар нэмнэ, хална, солино гэдэг хэдэн брэнд үгтэй болж, иргэдийг нэлээд бухимдуулж байна. Манайхан юманд өнгөц ханддаг болохоор хэнээс татвар авч, юуг хасч, алийг нь танах гээд байгааг ухаж ойлгохгүй, өөр дээрээ тусгаж аваад л цахим ертөнцөөр баахан шаагиж байна. Үнэндээ бол тэр шийдвэрүүдийн ихэнх нь зөв гэж олон нийт үзэж байна. Уг нь Ж.Эрдэнэбатын зоригтой хийх гээд байгаа хасалт, таналт, цомхотголыг аль хэдийнэ эхлүүлэх байсан юм шүү дээ. Үндсэндээ төрийн албанд үүсчихээд байсан тансаглал, бүх салбарт нүүрлээд байгаа мөнгөний “хөөс”-ийг хэн нэгэн нь хагалах хэрэгтэй байсан. Тэр нь одоо болсон.
Яах аргагүй эдийн засаг элгээрээ мөлхөх дээрээ тулж, төсвөө бид хэмнэж чадах бүхий л аргаар тэмцэхгүй бол энэ хэвээр дураараа дургиад байвал Засгийн газар дампуурлаа зарлах нь цаг хугацааны л асуудал гэдгийг эдийн засагчид ч хэлсэн. Тийм болохоор чадах чинээгээрээ төсвөө хэмнэж, хэтэрсэн тансаглалаа хасах гэж Засгийн газар оролдож байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны тансаглал, мөнгөний “хөөс”-ийг хагалах зүүг Засгийн газар атгаж байгаа гэсэн үг. Харин зоригтойхон танаад хатгаад, хийсэн шиг хийж чадах эсэхийг нь харах л үлдэж байна.
Өнөөдөртөө элдэв янзын халамжуудыг эхнээс нь танаж эхэллээ. Тухайлбал, оюутнуудад өгч байсан 70 мянган төгрөгийн халамж. Аль хэдийнэ ингэх байсан. Мөн сардаа 20, 30 сая төгрөг авдаг байсан дарга нарын цалинг ч тодорхой хэмжээнд бууруулахаар болсон. Шүүгч нарын цалинг ч бууруулах асуудал яригдаж, “хэрүүлийн алим” болчихоод байж л байна. Гэхдээ нөгөө талаар дарга, сайд, ямбатнуудын тусгай хэрэгцээ, тансаглалыг нэгмөсөн хаах хэрэгтэй. Монгол Улс нэг хэсэг уул уурхайн баялгаасаа орж ирсэн хэдэн төгрөгөөр туйлав даа.
Төрийн албан хаагчдын цалинг байсхийгээд нэмээд л. Дарга нарын цалин тэнгэрт тулаад л. Тэр битгий хэл төрийн албыг өдөр өдрөөр томсгож, жинг нь нэмсээр, одоо өөрийгөө дааж алхахааргүй хэмжээнд хүргэчихлээ. Дарга нар нь бүгд данхайсан том машинаар ажил, гэрийнхээ хооронд зөөлгөөд л. Шатахууных нь мөнгө гэж жилдээ хэдэн зуун саяар яригдах зардал урсах жишээтэй. Бүр сүүлдээ “Би тийм том албан тушаалтай учраас жийп унах эрхтэй” гэж загнах хүн ч байлаа.
Эдийн засаг хямарч байгаа энэ үед л бид зөв замаа олж, хөрсөн дээрээ буух цаг болсон. Энгийнээр хэлбэл хэдэн жилийн хөөсөө хагалцгаая. Тийм болохоор шүүгч нарын цалинг хассан нь ч зөв. Элдэв төрлийн халамжуудыг танах нь ч зөв. Дээрээс нь дарга нарынхаа тусгай хангамжуудыг тана, одоо. Ер нь төрийн албанд ажиллаж байгаа дарга нар хот дотор том жийпээр ажил, гэрийн хооронд явж яах юм бэ. Тийм ямар хэрэгцээ, шаардлага байгааг үл ойлгоно. Жижиг тэргээр гэртээ хүргүүлээд, ажилдаа явахаар ядуу харагдах гээд байгаа юм уу.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.