Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 09 сар 01

Эдийн засгийн хурдацтай өсөлт, өрсөлдөөнт зах зээлд олон улсын банк зайлшгүй хэрэгтэй хэмээдэг л юм билээ. Бидний тухайд, ялангуяа манай банкны салбар зарим талаар дэлхийг дагаж намирах цаг болоогүй мэт санагдах юм. Монгол Улсын эдийн засгийн чадавхи сул, зах зээлийн хүрээ нь хумигдмал, жижигхэн.
Ийм орон зай бүхий нөхцөлд дэлхийн мөнгийг хамдаг банкийг алга дэлгэн хүлээн авсан нь зөв шийдвэр, гарц мөн эсэх нь эргэлзээтэй. Улаанбаатар хотноо үүдээ нээсэн гэх “Bank of China” ямар төвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь иргэдэд одоогоор тодорхой бус байгаа. Бизнесийн цомхон хүрээг хамарч, тэдэнд маш бага хүүтэй зээлийг олгож ивээн тэтгэдэг гэх мэдээллээс өөр мэдээлэл алга. Үйл ажиллагааных нь чиг хандлага салбарын хэмжээнээс хэтрэхгүй гэгдэж байгаа ч Монгол Улсыг төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөөтэй Оюутолгойн мөнгөний урсгал, санхүүгийн эрх мэдэл дээр “Bank of China” нууцаар хэдийнэ эзэн суусан. Ганц манай улсад ч бус хойд Солонгосоос бусад бүр оронд төлөөлөгчийн газар эсвэл салбараа нээсэн байдаг.
Эдүгээ Улаанбаатарт тоонотоо босгоод авлаа. Энэ бол барьцаа улам лавшруулах гэсэн их гүрний бодлого. Салбараа нээлээ, бага хүүтэй зээлээ олгоод эхэлсэн нь чухамдаа ердийн хөрөнгө оруулалт биш нь ойлгомжтой. Тус банкны дэлхийн 31 оронд төлөөлөгчийн газар, салбараа нээсний зорилго, түүх нь ийм юм. Тодруулбал, Хятад улс хаана хөрөнгө оруулалт хийнэ тэндээ төлөөлөгчийн газраа нээж, олсон ашгийг нь Бээжин рүү татсаар ирсэн гэсэн үг.
Ингээд бодохоор, эдийн засгийн стратегийн гол салбар болох банкны систем маань бүхлээрээ “Bank of China”-гийн мэдэлд орж болзошгүй байдал үүсчихсэн мэт. Тодруулбал, банкны зээл, хөрөнгө оруулалтаар дамжаад Монгол Улсын эдийн засгийн зохист харьцаанд өөрчлөөд зогсохгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүйг хэн үгүйсгэх юм. Саяхныг хүртэл Оюутолгойн орд газрыг гадны нэр нөлөө бүхий том компанид ашиглуулах аваас мөнгөөр бороо орж сүйд болох л юм яриад байсан.
Эдүгээ бороо байтугай мөнгөний гачаалд автчихаад үйлээ үзэж, үсээ зулгаацгааж буй. Яг үнэндээ Риотинтогийн мөнгө дагуулсан борооны үүл саарал ордон хавиар жаахан бөөгнөрөх маягтай болж, цахилгаан цахиж, сүрийг үзүүлсэнээ баруунаас эргэсэн салхинд хөөгдөн “Bank of China”-гаар дамжин Хойд Америкийг чиглэн оддог. Араас нь мянга үүл буудаад ч тусыг ололгүй ирсэн. Банк,санхүүгийн салбарт энэ түүх давтагдвал хэн хариуцлагыг нь хүлээх юм. Хөрөнгийн шавхагдашгүй эх үүсвэртэй энэ банк Монголд орж ирээд эхний хэдэн жил арилжааны банкуудтай хамтрах дүр эсгэх л байх. Гэвч зах зээл нь өөрөө хүссэн хүсээгүй өрсөлдөөнийг бий болгож л таарна. Хууль нь ийм юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.