Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
1 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо хуучнаар Нарны Титмийн зүүн талын “Ж” блокийн объектыг газрын хамт дуудлагаар худалдахаар болжээ.
Дуудлага худалдааны анхны үнэ 1,920,014,738 төгрөг байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Хуучнаар Нарны Титмийн зүүн жигүүрт байрлах, “Баруун Сэлбэ нэртэй “Ж” блокийн объектыг удахгүй нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар олон нийтэд танилцуулж байгаа.
Уг барилга сүүлийн бараг 20-н жилийн хугацаанд түрээс, төлбөрийн маргаантай, нийслэлд ашиглагддаггүй байсныг ААН-тэй нь хэлцэл хийж гаргасан. “Ж” блокийн объектыг газрын хамт дуудлагаар худалдахаар болсныг зарлаж байна.
"Улаанбаатар Радио" байрлаж байсан тус объект 1983 онд ашиглалтад орсон, нийслэлийн өмчийн мэдэлд байгаа нийт талбайн хэмжээ 1,222 м.кв, газрын хэмжээ 1,542м.кв.
Тус объект ойлгомжгүй байдлаар хувьчлагдсан. Гарааш, шаттай хэсэг, нэг давхар, гурван давхрын гурван цонхтой хэсэг нь нийслэлийн өмчийнх. Барилгын хоёрдугаар давхар нь хэсэгчлэн хувьчлагдсан байна.
Тэнгис кинотеатр, Холидэй Инн зочид буудлын дунд байрлах уг үл хөдлөхийг худалдаж авсан хүн эргэн тойрны талбайг эзэмшиж байгаа хүмүүстэй ойлголцолд хүрвэл нийслэлээс 19 хүртэл давхар таэур барих зөвшөөрөл өгч, ус, дулааны техникийн нөхцөлөөр хангана.
Нарны Титмийн зүүн талын “Ж” блокийн объектын нээлттэй дуудлага худалдааг наймдугаар сарын 25-нд Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт зохион байгуулна. Дэнчингийн 192,000,000 төгрөгийг байршуулаад дуудлага худалдаанд оролцох боломжтой.
Нийслэлийн зүгээс хувийн ААН, байгууллага ажил хийж гүйцэтгэж өмчийн ашиглалтыг сайжруулах боломжтой үл хөдлөх хөрөнгүүд, газруудыг дуудлага худалдаагаар олон нийтэд шат дараатайгаар худалдана. Тодорхой чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай объектууд, нийгмийн барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид хэвээр байлгана.
Удахгүй есдүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотын төвд орон сууц барих зориулалттай хоёр га газрыг дуудлагаар худалдана. Үүнээс өмнө НИТХ-аас зөвшөөрөл авна.
Өмнө нь Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид бүрэн авснаар сүүлийн хоёр жил дараалан тэрбумаас дээш төгрөгийн орлого оруулж, ашигтай ажиллаж байгаа. Баяр наадмын үйл ажиллагааг урд хожид байгаагүйгээр зохион байгуулах дэд бүтэц, гадна тохижилтыг хийсэн. Цаашид энэ байдлаар ажиллана.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийслэлийн өмчийг эзэнгүйдүүлэх зувчуулах асуудал нүүрлэсэн байсныг таслан зогсоож байгаа" гэж мэдээллээ.
Түүний мэдээлснээр наймдугаар сарын 25-нд III хорооллын худалдааны төв дунд байрлах Шуудангийн 24 дүгээр салбарыг 769 сая төгрөгөөс эхэлж, дуудлагаар худалдах юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.