Будаа “булаад” буян болох нь юу л бол

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 12 ・ 1

 

Хүмүүн сүүлчийн амьсгалаа дотогш хураасны дараа гурав хоно­гийн дотор сүнс биеэс салснаас эх­лээд дараагийн төрлөө авах хоо­ронд зуурдын төрөл буюу завсрын ертөнцөд төрөл авах шалтгаан бүрд­тэл оршдог гэдэг.
 
Шинэ төрөл авах нөхцөл бүрдтэл долоо долоо хоно­гийн хугацаатай хамгийн удлаа гэхэд 49 хоногийн дотор төрлөө ол­дог хэмээх бурхан шашны зан үйлд тус­гагд­сан байдаг. Энэ үед араас нь буян сайн үйлдсэн бол сайн төрөл авч, хэ­рэв буян сайн хийгээгүй бол амьд сэ­рүүн цагтаа хийсэн үйлийн үрээс ха­маарч сайн муу төрлийн аль зохи­хыг авдаг ч хэмээдэг. Тийм уч­раас нас барагсдын хойноос буян хийхийг монголчууд урьтал бол­го­дог. Хийх ч ёстой гэдэгтэй санал нийлж байна. Тэгэхдээ буян үйлдэж бай­гаа нь энэ гээд Монголын уул та­лаар нэг суварга босгож, хадаг уяад байгаа нь зүйд нийцэхгүй санагдана.
 
Хэдийгээр суварга бүтээх нь өнөөх эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд бүтээж буй их сайн буян гэдэг. Суварга бол бурхны лагшин, номлол, таалал лугаа барилдсан хамаг бурхдын хурах ордон, бурхны энэрлээр төрсөн хувилгаан дүрийн газар дээрх сүлд, эрхэс тэнгэрийн эрчсийг эх газарт татан буулгах төв гээд олон янзаар ярьдаг, хэлдэг, бичдэг. Гэхдээ сүүлийн үед суварга бүтээх гэдэг үйл хэрээс хэтэрч зөвхөн суварга бүтээх бизнест гаршигчид олширчихож. Суваргын бизнес эрхлэгчид мэдээж аль нэг лам хуваргатай хамтран ажиллаж амьд шүтээн болсон ээж, аав, амраг садангаа алдаад шаналсан нэгний сэтгэлийг ашиглан үйлддэг нь гутамшигтай санагдана.
 
Лам, хуваргатай хамтардаг гэдгийн учир нь хагацал үзээд шаналж буй үлдэгсдэд “Суварга бүтээж байгаа нь бурхан болоочийнхоо дараа төрлийг бардын зовлон хийгээд завсрын оронд саатахгүйгээр төрөлхтний өндөр сайн төрлийг түргэн олж төрхийн тухайдад бүтээж буй дээдсийн буян” хэмээн сурталчилгаа хийдэг. Хүний амьдралын хэцүү цаг үеийг ашиглан ийм бизнес хийх нь хэр буян болох бол. Гэтэл одоо бүр “Сайн цагийн 1000 бурхны суварган цогцолбор” гэх зэрэг нэр хайрлаад мянга мянгаар нь суварга барьсаар л байна. Уг нь буян үйлдэх гэдэг чинь зөвхөн суварга бүтээхээр хэмжигддэггүй байлтай.
 
Эдгээр суваргуудыг талхны мөнгөөр бүтээдэггүй нь ойлгомжтой. Учир нь хаа сайгүй хөглөрөх болсон суварга бүр сүрлэг нүсэр, тансаг чамин гэж жигтэйхэн. Ер нь маш их ур ухаан, асар их хөрөнгө, хүч зарж бүтээсэн нь тодорхой харагдаг. Тэгээд дотор нь үнэртэн танартан, арвай будаа гээд идээний дээд, тансаг бүхнийг ачааны машины тэвш тэвшээр нь дүүргэж байгаад л суварган дотроо хийдэг юм гэнэ билээ.
 
Ийнхүү утга, учрыг нь алдагдуулан хавтгайруулж байгаа нь олон гэр бүлийг ах, дүү, төрөл төрөгсдөөр нь санхүүгийн хямралд оруулж байна. Үнэндээ газарт тэвш, тэвшээр нь будаа “буллаа” гээд бурхан болоочид минь түүнийг мэдрэх нь юу л бол. Түүний оронд сүнсэн биеийг олсон бурхан болоочиддоо өргөл өргөж, амьтан хүн хоолловол тэр болгоны баярласан сэтгэл сайн төрлийг олоход хүргэдэг гэж мөхөс би бодох юм. Түүнээс биш тэвш тэвшээр нь будаа булаад буян болох нь эргэлзээтэй. Арай л биш санагдана. Энэ нь мухар сүсэгт бүрэн автсаныг харуулна.
 
Мухар сүсэгт хэт автаж уул талаар нэг суварга болгох “мода”-ыг таслан зогсоомоор байна. Хэрвээ буян үйлдэх  гэж байгаа бол суварга бүтээхэд зарцуулдаг сая сая төгрөг, тэвш, тэвш будаагаа хоногийн хоолгүй хоосон ходоодтой хонож байгаа хүүхдүүдэд зориулвал яаж байна.
 
Нэг суварга босгох мөнгөөр нэг асрамжийн газрын багачууд хэдэн сарынхаа хүнсийг бэлтгэчихэж болох биз. Тиймээс буян хийх хүсэлтэй юм бол үүнд зарцуулж буй мөнгөө өвдөж шаналсан, өнчин хоцорсон хүүхдүүдэд зориулсан нь илүү буянтай үйл хэмээн бибээр мунхаглана.
 
Ж.Отгонмягмар
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 12/

    Энэ үнэншүү эрт дээрээсээ өвөг дээдсүүд утга учиртай байсан болоод л тэр болгон хийдэггүй байсан өнөө цагийн цээж баячууд эцэг эхдээ амьдад нь ганц очиж унасан газар угаасан усыг нь хараагүй байж суварга энэ тэр уул овоо дахина гэж амьтны амь хороож хогон овоо босгодогоо болих цаг болжээ

    Хариулах