Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 09 сар 13
・ 1
Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн үед Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг тагнуулын байгууллага онц ноцтой эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь тодорхой боллоо. Энэ нь эрх баригчаас сөрөг хүчин болж уруудсан Ардчилсан намын хувьд ээлжит сонгуульд нийслэл дэх ганц найдлага, нэг үгээр бол “бэлгэдэл” нь нуран унасантай ижил юм.
Улсын баатар Э.Бат-Үүл өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, өөрийг нь гэмт хэрэгт холбон шалгаж байгааг мэдэгдсэний дараагаар олон нийт орон нутгийн сонгууль гэхээс илүүтэй ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон үйл явдлыг тайлбарлаж байна. Төрийн эрх мэдлийг авсан МАН, тодруулбал, тус намын дарга М.Энхболдыг дээрх явдалд илэрхий холбож, Ерөнхийлөгчийн сонгуульд үзэлцэх замаа засч Ардчилсан намаас ирээдүйн өрсөлдөгчөө зайлуулж буй явдал хэмээн харж байх аж. Үүнтэй зэрэгцэн АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа Нийслэлийн прокурорт өгсөн нь олон нийтийн хардлагыг нэг цэгт аваачин зангидлаа. Тэрхүү нэг цэг нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль юм. Үнэхээр ч МАН, МАХН, АН гэсэн гурван нам Ерөнхийлөгчид хүнээ дэвшүүлэн өрсөлдөхөөс энэ удаад АН болон МАХН-аас нэр дэвшихээр яригдаж байсан нэр бүхий хоёр улстөрчийн хувь заяа юун сонгууль манатай болтлоо ээдэрч эхэллээ. Ингэснээр МАН-д илүү бололцоо нээгдэж буй мэт харагдаж байгаа, тэрчлэн МАН эрх мэдэл атгаж, хуулийн байгууллагыг удирдаж байгаа зэрэг хүчин зүйл хардлагыг дэврээж байна.Олон нийтийн сошиал сүлжээ болон олон мэдээллээс харахад үйл явдлыг улс төрийн учир шалтгаанаас ангид харж буй тайлбар, байр суурь бараг алга. Н.Энхбаярыг яллах шалтгаан, Э.Бат-Үүлийг сэжиглэх сэжим аль алиныг нь зүгээр хууль ёсны дагуу, шударга ёсны төлөөх тэмцэл гэж харах итгэл үнэмшил иргэдэд үлдээгүйг энэ бүхнээс харж болох байх.
Үндсэн хуулиар Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл гэж тунхагласанчлан Ерөнхийлөгчийг “бэлгэдэл” гэсэн утгаар харж, хүндэтгэж заншсан иргэд нэг л өдөр экс ерөнхийлөгч Н.Энхбаярын оймстой хөл гозолзохыг хараад цочирдож байсан. Тийнхүү нэг л өдөр “гэмт хэрэгтэн” болж хувирсан Н.Энхбаярын тухай өнөө хэр нийгмийн олонх нь улс төрийн өс хонзонгийн золиос гэж боддог нь энэ удаад ч харагдаж байх шиг. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчилдэг гэдгийг илэрхийлэх ёстой Н.Энхбаярт шүүхээс оноосон ял, энэ удаад Э.Бат-Үүлийг ороож буй лай ланчгийн аль алийг нь улс төрийн хэрэг явдал гэдгээс өөрөөр харах бололцоо иргэдэд үлдээгүй нь өөрөө маш том асуулт дагуулсан үзэгдэл гэж хэлж болохоор.
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 18 жилийн турш хариултгүй явж ирсэн. Тэр аймшигт хэрэг гарснаас хойш төр хэдэнтээ эргэсэн. Өнөөгийн эрх барьж буй МАН-аас тухайн үед УИХ-д нэр дэвшиж байсан цагдаагийн хурандаа Д.Мөрөн “би гишүүн болвол хэргийг илрүүлнэ” хэмээн амлаж байсан нь ч бий. Гэвч хэрэгтэнг хэн ч илрүүлээгүй. Харин өнөөдөр Э.Бат-Үүлийг барин тавин сэжиглэж, шинжилгээ мөрдлөгийг эхлүүлсэн нь ямар учиртайг хуулийн байгууллагынхан тайлбарлаж амжаагүй байна.
Тийм ч учраас олон нийт улс төртэй холбон хардаж байна. Гэхдээ өрсөлдөгч хүчний зүгээс явуулж буй ажиллагаа гэх хардлагаас гадна Ардчилсан намынхны өөр хоорондын тэмцэлтэй холбох хандлага ч байгааг нуух аргагүй юм.
Хууль, шударга ёсыг сахиулах эрх, үүрэг бүхий байгууллагууд улстөрчдийн гар хөл, тэдний өс хонзонгийн арга хэрэгсэл болж байх вий гэдэс айдас, эргэлзээ сүүлийн хэдэн жил нийгмийг түгшээсэн нь үнэн. Харин сүүлдээ энэ айдас, эргэлзээндээ бүр дасч, хэвийн зүйл мэтээр хүлээж авах хандлага ажиглагдаж эхэлсэн нь л хамгийн том эмгэнэл болов уу.
Жич: Улсын баатар, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татаж буй гэх мэдээлэл цацагдсан өчигдөр талийгаачийн гэргий Д.Булганыг цагдан хорих төвөөс сулласан байж магадгүй бололтой. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Д.Булганыг цагдан хорьсноос хойш эзгүй, харанхуй байсан түүний гэрийн цонх өчигдөр орой гэрэлтэй байлаа.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.