Наймаачид завшиж, жолооч нар хохирч үлдэх нь...

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 21

“Замын цагдаагийн газраас шалгалт нэрийн дор жолооч нарыг торгож, улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлнэ” гэсэн мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд буй. Тэр бүү хэл энэхүү хяналт, шалгалтыг дагаад галын хор, эмийн сангийн бизнес хүртэл дэлгэрч, аль хэдийн эрэлт хэрэгцээтэй бизнесийн тоонд орох боллоо. Үүнийг дагаад худалдаж авсан хор, ослын гурвалжин нь чанарын шаардлага хангаагүй байсан гэж бухимдах жолооч нар ч цахим ертөнцөд гарч ирэв. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаарын сурвалжлагаараа Замын цагдаагийн газрын хяналт шалгалт болон түүнийг тойрсон бизнесийн асуудлыг хөндөн сурвалжлав.
 
ЗЦГ улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэдэг ташаа мэдээлэл
 
Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд улс орон даяар “Хяналт, шалгалт” аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд улсын хэмжээн дэх тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаж байгаа эсэх болон автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, галын хор зэргийг шалгаж байгаа юм. Шалгалтын үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасанчлан дээрх шаардлагын аль нэгийг биелүүлээгүй тохиолдолд жолооч нарт 19200-92000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулж байгаа аж.
Тэгвэл уг торгуулийг нэг сарын хугацаанд орон даяар зохион байгуулан жолооч нарын халааснаас улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс Замын цагдаа, хяналтын байцаагч нарт боломжтой бүх автомашиныг торгохыг үүрэгдсэн гэх мэдээлэл ч бий. Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол нэг сар гэдэг улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг биш гэхэд талыг нь суулгахад хангалттай хугацаа. Нэг л жишээ дурдъя. Манай улсын хэмжээнд нийт 300 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байлаа гэж бодъё. Яахав, олны олон дотор хуулиа сахин биелүүлээд явж байгаа нэг хэсэг бий гэж үзээд 100 мянган машиныг торгуулийн жагсаалтаас хасъя.
 
Мөн сарын хугацаанд ямар нэгэн шалтгаанаар замын хөдөлгөөнд оролцоогүй байх магадлалтай учраас дахиад 50 мянган машиныг хасчихъя. Ингээд нэг сарын хугацаанд үлдсэн 150 мянган машиныг зөвхөн 19200 төргөрөөр торгоход л хоёр тэрбум 880 сая төгрөгийг жолооч нараас хураах бүрэн боломжтой.
 
Энэхүү тоо баримтаас харахад л уг мэдээлэл ор үндэсгүй гэх баталгаагүй юм. Тиймээс бид уг мэдээлэл үнэн эсэхэд хариулт авахаар Замын цагдаагийн газрыг зорив. Манай сурвалжлах хэсгийн сонирхсон асуудалд замын цагдаагийн газраас нээлттэйгээр хариулт өгсөн юм. Ингээд бид ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяраас хариулт авав. 
 
Тэрбээр “Цахим ертөнц, зарим мэдээллийн сайтаар Замын цагдаагийн газраас жолооч нарыг торгож, улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж мэдээлж, ярьж байна. Энэ бол огт ор үндэсгүй худал мэдээлэл. Улсын төсвийг бүрдүүлдэг Засгийн газрын агентлаг гэж бий. Татварын ерөнхий газар гэж бүхэл бүтэн тусдаа байгууллага байна. Харин замын цагдаагийн газрын үндсэн чиг үүрэг гэвэл хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих юм.
 
Замын хөдөлгөөний дүрэм болон хуульд заасан заалтыг жолооч нар дагаж, мөрдөх үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлээгүй байж замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа жолооч ч байна. Тэр жолоочид хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй. Тэрнээс биш улсын төсөвт мөнгө төвлөрүүлнэ гэсэн зүйл байхгүй. Энэ бол огт худал мэдээлэл” гэв. Харин хяналт, шалгалтын тухай ярихдаа зөвхөн галын хор, эмийн сан, ослын гурвалжинг шалгаагүй. Өөр зүйлсийг ч шалгаж байгаа. Гэхдээ эдгээр зүйлс машинд заавал байх ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ч эмийн сан, галын хор, ослын гурвалжинг машиндаа авч явах тухай заасан. Тиймээс жолооч нар хуулиа сахин биелүүлж, үүргээ ухамсарлах хэрэгтэй гэсэн юм.
 
Замын цагдаагийн газраас улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлэхийн тулд жолооч нарыг торгож байгаа гэдэг огт худал мэдээлэл гэдэг хариу өгсөн тул манай сурвалжлах хэсэг галын хор, ослын гурвалжин, эмийн сан худалдаалдаг наймаачидтай холбогдож ярилцсан юм.
 
Машины эмийн санд тавигдах шаардлага, хууль эрхзүйн орчин манай улсад алга
 
Манай улсад хөлтэй бүхэн машин унаж байна гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Монгол улсын хэмжээнд 800 гаруй мянган бүртгэлтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Энэхүү мэдээллээс харахад 800 мянган жолооч ойролцоогоор 10000-30000 мянган хүнийг тээвэрлэж, тэдний амь насыг хариуцаж байна гэсэн үг. Тэр хэрээр жолоочийн үүрэг хариуцлага нэмэгдэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиа сахин биелүүлэх ёстой болж байна. Гэвч жолооч нарын хэдэн хувь нь хуулиа ягштал сахин биелүүлж байгаа бол.
...Монголд гал унтраадаг нэг компани байдаг. Тэндээ галын хор хийгээд таван цаасны илүү үнэтэй зарж болно шүү дээ. Монголчууд дотоодын бүтээгдэхүүнээ дэмжинэ. Би үүнд л харамсч байгаа. Яг үнэндээ Хятад улсад л хөрөнгө оруулаад байгаа юм...
Тиймээс ч Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран “Хяналт, шалгалт”-ын аянг сарын хугацаанд эхлүүлээд буй. Тэгвэл тус аянг дагаад галын хор, эмийн сан, ослын гурвалжин зарна гэх зар фэйсбүүк, твиттерээр явах болсон. Тиймээс бид дээрх зарын дагуу хэд хэдэн дугаарт залгаж үзэв. Манай сурвалжлах хэсгийн холбогдсон хүмүүс бүгд ямар нэгэн компани биш хувь хүн байсан бөгөөд БНХАУ-аас бараагаа оруулж ирдэг аж. Мөн галын хор, эмийн сан, ослын гурвалжин тус бүр 10 мянган төгрөгийн үнэтэй. Харин бүгдийг нь авбал 19.900 төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн галын хор, эмийн санг нь авбал ослын гурвалжинг үнэгүй өгнө гэж байсан юм. 
 
Харин бид эмийн хайрцагт нь юу байгааг сонирхоход “Анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай 11 дагалдах хэрэгсэл бий. Лент, спирттэй хөвөн, наалт, хайч байгаа. Эм байхгүй. Хятадаас орж ирэхдээ ингэж ирдэг. Бид ямар нэгэн зүйл нэмж хийдэггүй. Үйлдвэрлэхдээ л анхны тусламжид шаардлагатай зүйлсийг хийсэн байдаг” гэсэн хариултыг өгсөн юм.
 
Энд хэдэн жилийн өмнө болсон нэгэн үйл явдлыг сануулъя. Энхтайвны гүүрэн дээр гарсан ослын улмаас жолооч нь машин дотроо шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед хажууд нь байсан жолооч нарын нэгэнд нь ч галын хор байгаагүй гэдэг. Ослын газарт байсан нэг жолооч хэрвээ галын хор байсан бол нэг хүний амийг аврах байлаа гэж харамсч уйлж байсан гэх мэдээлэл ч тухайн үед гарсан. Энэ мэтчилэн дурдаад байвал бидний амьдралд сургамж болсон харамсалтай олон хэрэг бий. Эндээс бид сургамж аван худалдан авч байгаа галын хор, ослын гурвалжин чанарын шаардлага хангаж байна уу гэдгийг бодох л хэрэгтэй. Нэг удаа цагдаагийн нүдийг хариулаад өнгөрөхийн тулд галын хор авдаг.
 
Гэтэл яг хэрэгтэй тохиолдолд галын хор нь ажиллахгүй, ослын гурвалжин нь хугараад унасан байвал яах вэ. Энэ бүгдийг бодож л үзэх хэрэгтэй. Мөн нөгөөтэйгүүр эмийн санд нь яг юу байх ёстой талаарх хууль эрхзүйн орчин ч манай улсад байдаггүй. Түүнээс болж жолооч нар элдэв янзын эм, нэг бэнт хийсэн болоод эмийн сантай болчихлоо гэх. Түүнийг ч нарийн шалгаж байгаа газар ч алга байна. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяр “Эмийн сангийн хайрцганд юу байх ёстойг би сайн мэдэхгүй. Тэр бол тухайн хүний сонголтын л асуудал. Тэр дотор толгойны эм, гэдэсний эм байх ёстой гэж тогтоосон стандарт, хууль эрхзүйн орчин одоохондоо байхгүй. 
 
Түүнээс биш гэдэсний эм, толгойны эм аваагүй байна гээд цагдаагийн албан хаагч торгоод байгаа зүйл огт байхгүй” гэсэн юм. Хууль эрхзүйн орчин нь ч бүрдээгүй энэ нөхцөлд дуртай нэг нь эмийн сангийн хайрцаг оруулж ирээд түүн дотроо хэдэн спирттэй хөвөн, бэнт хийгээд дуртай үнээрээ жолооч нарт худалдаж байна. Жолооч нарч, цагдаа нар ч хор нь ажиллаж байна уу, эмийн санд нь ослын үед хэрэгтэй зүйлс байна уу гэдэгт хяналт тавьж байгаа ч юм алга.
 
Нөгөөтэйгүүр жолооч нар анхны тусламжийн хэрэгсэл нь байгаа тохиолдолд яаж хэрэглэх талаарх мэдлэгтэй юу гэдэг мөн л бодох асуудал. Хуулийн цоорхойг ашиглаж наймаачид ашиг олоод л өнгөрнө. Харин эцэс сүүлд нь өчүүхэн зүйлд хайхрамжгүй хандаж, хямдхан чанар муутай галын хор, ослын гурвалжин худалдаж авсан жолооч нар л гашуун нулимстай үлдэнэ. Нэг хэсэг нь хууль эрхзүйн орчин бүрдээгүй учраас эмийн санд юу байх нь тухайн жолоочийн хэрэг гээд өнгөрөх, нөгөө хэсэг нь цагдаагийн нүдийг л хуурч байвал хямдхан юм байхад болно гэх хандлага нийгэмд байгаа нь сурвалжлагын явцад харагдаж байлаа. Мөн Замын цагдаагийн хяналт шалгалтыг дагаад үнийн хөөрөгдөл болсон гэж үзэх нэгэн ч таарч байв. Иймд бид жолооч нартай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон юм.
 
Наймаачид хуулиар далимдуулж 3000 төгрөгийн үнэтэй ослын гурвалжинг 8000 болтол өсгөв
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх