Б.Алтантулга: Дундаж болон дунджаас доогуур орлоготой айлын хүүхэд 20.000 төгрөгөө авна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 21 ・ 3

 Улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг. Дээрх хүүхдийн 60 хувьд нь 7, 8, 9 сарын мөнгийг нь бэлнээр олгохоор болсон билээ. Өөрөөр хэлбэл, өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгааны 1-10 дугаар бүлэгт орсон өрхийн хүүхэд энэ сарын сүүлээр хүүхдийн мөнгөө авах боломжтой болж байна. Харин үлдсэн 40 хувь нь 2019 онд мөнгөө нөхөж авах юм. Ингээд хүүхдийн мөнгөний олголтын асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас тодрууллаа.

- Өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгаагаар 1-10 дугаар бүлэгт орсон айлын хүүхдэд мөнгийг нь олгохоор болсон байна. 1-10 бүлэгт нь яг ямар амьдралтай айлууд багтаж байна вэ?


- 2016 оны 1-6 сарын хооронд нэг сая 21 мянган хүүхэд мөнгөө авсан. Өөрөөр хэлбэл, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй бүх айлын хүүхэд мөнгөө авсан гэсэн үг. Харин одоо эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учир өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийнхээ 60 хувьд нь мөнгийг нь бэлнээр олгох гэж байна. Эдгээр хүүхдийн мөнгө энэ сарын сүүлээр орох байх. Ингэхдээ 7, 8 сарын мөнгө нь нөхөгдөөд олгогдоно. 1-10 дугаарт бүлэгт дундаж болон дунджаас доогуур орлоготой айлууд хамрагдана.

 
- Хашаа байшинтай, машинтай мөн гэртээ зурагт, хөргөгчтэй л бол дундажаас дээш орлоготой өрхийн тоонд орж хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэх мэдээлэл иргэдийн дунд яригддаг. Үүнийг тодруулаач?  


- Судалгаа авахдаа үндсэн гурван бүлэг 55 асуулттай асуулгын маягтыг бөглүүлсэн. Уг асуултуудыг зүгээр зохиогоогүй юм. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар судалгааг явуулсан гэж болно. Монголд иргэдийн орлогын түвшнийг тодорхойлох нөхцөл бүрдээгүй учраас тухайн айл, өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалаар гаргасан. Ингэхдээ тухайн айл өрхийн амьжиргаанд нь нөлөөлж болохуйц шалгуур үзүүлэлтийг багтаасан асуулгуудыг асуусан. Жишээлбэл, нэгдүгээр бүлэгт хүн, ам зүйн талаарх мэдээллийг багтаасан. Уг бүлгээр өрхийн гишүүдийн хамаарал, гэр бүлийн гишүүд дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх гэх мэтийг хардаг. Хэрвээ тухайн өрхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байвал өрхийн амьжиргаанд нь тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа юм. Мөн өрхийн тэргүүний боловсролын түвшин ямар байгаагаас хамаарч амьжиргаанд нь нөлөөлдөг. Харин нийгмийн үзүүлэлтэд нь хөдөлмөр эрхэлдэг байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх хамаарагдаж амьжиргаанд нь нөлөөлдөг гэж үздэг.  Аж байдлын үзүүлэлтэд тухайн өрхийн орон сууц, зуслангийн газартай эсэх мэт асуулгууд орсон. Зурагт, хөргөгчтэй юу гэсэн асуулгыг нь л нийгэм бүхэлдээ хүлээгээд авчихсан байна. Ер нь маш олон зүйлийн нэг хэсэг нь л эд, хогшил юм. Үүгээр гурван бүс нутагт 0-1000 хүртэл оноо бодогдсон.  Нийслэл, аймгийн төв, хөдөө орон нутаг гэсэн гурван бүс нутагт оноо бодогддог гэсэн үг. Тухайн бүс болгонд амьжиргааны түвшин өөр, өөр гарч байгаа. Зарим бүс нутагт оноо бодогддог бол заримд нь оноо бодогддоггүй. Тухайлбал, нийслэлийн айлуудын зурагт, хөргөгч оноог нь гаргахад огт нөлөөлөөгүй. Энэ бол буруу ойлголт.


- Тэгэхээр тухайн айл өрх аль бүлэгт хамрагдаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?


- Өөрийн оршин суугаа, баг хорооныхоо нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэнтэй уулзаад мэднэ.


- Манай гэр бүлийн амьжиргааны түвшнийг тодорхойлохдоо буруу тодорхойлсон байна. Амьжиргааны түвшнээ дахин судлуулж хүүхдийн мөнгөө авмаар байна. Заавал 2019 оныг хүлээх шаардлагагүй гэж үзэх хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүс яах ёстой вэ?


- Амьжиргааны түвшнийг тодорхойлохдоо буруу тооцсон зүйл бараг байхгүй. Яг л тухайн айл, өрхийн нөхцөл байдлыг байгаагаар нь дүгнэсэн. Мөн тулгаж болох бүх бичиг баримтуудтай тулгасан. Бид нар ч мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийгмийн даатгалын сантай тулгалт хийгээд явж байгаа. Тэгэхээр буруу гарна гэж байхгүй. Иргэд өөрсдийн оноогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол нэг удаа хүсэлт гаргаад дахин судалгаа хийлгэж болно.


- Үлдсэн 40 хувьд нь 2019 оноос эхлэн мөнгийг нь олгоно гэж байгаа. 2019 онд хүүхдийн мөнгийг нөхөж өгөх боломжгүй болчих вий гэсэн болгоомжлол иргэдэд байгаа байх?


- Тэдгээр хүүхдэд хүүхдийн мөнгийг нь нөхөж олгоно гэсэн УИХ-ын тогтоол гарсан шүү дээ. Үлдсэн 40 хувь нь хүүхдийн мөнгөнөөс хасагдаагүй. Мөнгөө авна. 2019 оноос эдийн засаг сайжирвал үе шаттайгаар олгох юм. 2019 он болтол тухайн хүүхэд дээр бичилт хийгдээд явах юм. Хүүхдийн мөнгө хөтөлбөр бол тухайн хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулах зорилготой хөгжлийн мөнгө. Ихэнх эцэг, эхчүүд уг мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт хэлбэрээр хадгалдаг. Иргэд энэ талаас нь ойлгох ёстой юм. Зайлшгүй шаардлагатай өрхүүд сар бүр авч хэрэглэдэг.


- Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхдүүдийн 60 хувьд нь 7,8,9 сарын мөнгийг нь нөхөж олгоно. Үүнд улсын төсвөөс хичнээн төгрөг зарцуулагдах вэ?


- Хүүхдийн мөнгөнд жилд дунджаар 240 тэрбум төгрөгийг зарцуулдаг юм. Одоо 7-12 сард өгөх хүүхдийн мөнгөнд нийт 79.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Энэ бол тодотголоор нэмж тусгагдсан мөнгө.

 

Т.Энхэлээ

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 09 сар 21/

    Яагаад хагас өнчин ээж нь ажилгүй байгаа хүүхдүүд 14t ordiin icheechee shal hudlaa yum yriad bhiin

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 21/

    19-R bvlgiin ail chini odoo ooriin gesen edlen gazartai or shirgvi zaisand 100m2deesh bairtai naandaj hoer hvvhdee huviin taetserlegt ogchihdog tm l ail baimaar ym daa ih hutshiin maa

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 21/

    BURUU garna gej bhgvi ch geh shig buruu l gargasan bn lee shd ee neg orh gert ochnoon tusdaa garaagvi ail orh neg bashindaa bagtaj shungehgvi bhd 19-r bvlegt oruultsan ch bh shig ene odoo zov bailaa yu

    Хариулах