Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 09 сар 23
・ 10

“Чингис” бондын мөнгийг хийдүүлсэн нөхдүүд эхнээсээ шалгагдаж эхэлж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл уг бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллароос нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг буруутган уржигдар буюу 21-ний өдөр хорьсон гэх мэдээлэл байна. Д.Дорпүрэвийн тухайд дэд сайдаар ажиллахаасаа өмнө БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байсан нэгэн юмаа.
Түүний намтар мэдээллийг хүргэхэд:
Төрсөн огноо: 1973 oнд Улаанбаатар хот, Октьябрын район
Мэргэжил: Банк, санхүүгийн эдийн засагч
Боловсролын зэрэг: Бизнесийн удирдлагын магистр
Боловсрол эзэмшсэн байдал:
- 1981 -1987 онд нийслэлийн 22-р дунд сургууль,
- 1988- 1991 онд нийслэлийн 77-р сургууль,
- 1991-1994 онд Эдийн засгийн коллежийг Банк санхүүгийн эдийн засагч мэргэжлээр төгссөн
Ажлын туршлага:
- 1994 онд ажлын гараагаа Эрдэнэт хот дахь Хотш банкинд эдийн засагч
- 1997- 2012 онд “Финсервис” ХХК, “Би энд Жи Финанс ББСБ” ХХК-ны ерөнхий захирал
- 2003- 2005 онд “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны ТУЗ-ын дарга
- 2012 оноос Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажиллаж байсан нэгэн юм.
Ер нь бол АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг шалгаад эхэлсэн бөгөөд улмаар бондын мөнгөтэй холбоотой асуудлууд дэлгэгдэж байгаа гэх мэдээлэл бий. Хөгжлийн банкны захирал Мөнхбатыг шалгаж байгаа талаар мэдээлэл гараад байгаа.
Яаж ч бодсон улс орныхоо нэр сүр, аюулгүй байдлыг гадаад зах зээлд барьцаа болгож авсан зээлийн зарцуулалтыг сайтар анхаарах нь зохистой асуудал билээ. Тэрчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч төдийгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бондын зарцуулалтын асуудлаар хуралдаж, хэдэн төгрөг зарцуулсан, хэдэн төгрөг нь үлдсэн гээд мэдээллийг шалгаж, нягталж байгаа талаар, төрийн тэргүүн бондын хэрэгжилтийг шалгах үүрэг өгсний дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр ч удаа хуралдаж байсныг уншигч та санаж байгаа болов уу.
Тэгвэл тухайн үед бондын мөнгөний зарцуулалт дээр эзэн сууж байсан нөхдүүдийг тэргүүлэх Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж буй. Бүр тодруулбал, Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон АТГ-т шалгаж байгаа гэж буй юм.
Н.Батбаяр нь Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж байх үед “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж, “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн байдаг.
Тэгэхээр бондын мөнгийг үрэн таран хийсэн нөхдүүдийн талаарх мэдээлэл энэ янзаараа нэмэгдэх бололтой байна.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.