Оффшорчдыг өршөөлд хамруулъя

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 09 сар 26 ・ 2

 

Гадаад оронд, татваргүй бүсэд хамаг мөнгөө аваачиж нуудаг жишиг Монголын баячууд, томчуудыг ч тойроогүй. Яг үнэндээ монголчууд бид тийм зүйл байдаг гэдгийг мэдээгүй л байсан. Харин нэг нөхөр оффшор бүсэд сая ам.доллараа мартсаны гайгаар иргэдэд мэдэгдэлгүй дарж байсан нууц бүхэн илрэхгүй юу.

Гэхдээ л нэг хэсэг оффшор данс, татваргүй бүсэд мөнгөө нуух гэдгийг ганцхан хүнээр төсөөлж байсан нь үнэн. Гэтэл сая сонгуулийн өмнө  АНУ-ын Вашингтон хот дахь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консорциумаас Панамын арлууд дахь оффшор компаниудын эзэдтэй холбоотой 2.5 сая баримтыг дэлхий нийтэд ил болгосон. Энэ дүйвээнээр Монголын маш олон улстөрч, бизнесмэнүүд оффшор бүсэд данстай, мөнгө төгрөгөө нуудаг нь илэрч, ард түмнийг сэхээрүүлэв. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүний нэр энэ асуудалтай холбогдлоо. Мөн цөөнгүй хүн энэ талаараа янз бүрийн тайлбар хийж, өөрсдийгөө өмөөрөөд байгаа. За тэр өмөөрөх, өмөөрөхгүй  нь ч дүүрч. Ер нь бол Монголын төрийнхөн, том баячууд дунд оффшор дансгүй, татваргүй бүсэд тэрбумаар нь мөнгө нуугаагүй хүн байхгүй гэж яриад байгаа нь үнэн л болж таарах гээд байна. Тийм болохоор эрхэм эрх баригч, эрхтэн дархтан, эд мөнгөтөнгүүд минь ээ, оффшор бүсэд байгаа мөнгөө эх орондоо авч ирэх арга чарга хайсан нь дээр юм биш үү.

Болохгүй бол оффшор бүсэд хадгалсан мөнгөө үнэнчээр мэдэгдээд, оруулж ирсэн хүмүүсийг өршөөлд хамруулъя л даа. Тэрийг нь заавал олон нийтэд мэдэгдэх хэрэг юун. Дуугүй л дээгүүрээ тохиролцоод, зөвшилцөөд л оруулаад ирчихээч дээ. Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг дээ.

Эдийн засаг хямарсан, өсөлт нь зогсоод, дифлаци болж эхэлж байгаа энэ үед жаахан ёс суртахуунтай байж яагаад болохгүй гэж. МАН-ынхан татвар нэмнэ, бүгдийг хасна, танана гэж байхаар оффшор бүсэд байгаа их мөнгийг л Монголд оруулж ирэх арга бодож олох хэрэгтэй. Магадгүй тэр нь өршөөл байж яагаад болохгүй гэж. Энэ чинь, эх орноо өөд нь татаж, эдийн засгаа тэлж, өсгөж л байвал хэдэн хүнийг өршөөгөөд, мөнгийг нь эргэлдүүлэхэд болохгүй юм юу байна.

Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичээд байгаагаар бол оффшор бүсэд Монголын баячууд 10 тэрбум ам.доллар аваачаад нуучихсан юм гэсэн. Зарим нь үүнээс ч өндөр тоо хэлээд байна. Хэрвээ энэ үнэн бол өнөөх “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар энэ тэр чинь багахан сонсогдож байгаа биз дээ. Тийм болохоор гаднаас өөр орлуулах бонд хайж, өмнөх өрөө төлж, хугацааг нь уртасгах гэж байхаар өөрсдийнхөө хүмүүсээс зээлчихсэн ч болно. Манай төрийн томчууд бол бүх мэдээллийг л авч байгаа нь тодорхой.

Магадгүй хэн хэн оффшор бүсэд, хэчнээн ам.доллар нуусныг ч мэдэж байгаа биз. Тиймээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдаасаа эхлээд эрх баригчид хэлэлцэж байгаад өөрсдийнхөө оффшор дансанд мөнгөө нуусан хүмүүсээс зээлээд авчих хэрэгтэй. Засгийн газар хэдэн тэрбум ам.долларын өртэй байгаа билээ.

Тэр хэмжээний мөнгөө өөрсдийнхөө нөхдүүдээс маш бага хувийн хүүтэй зээлж аваад л гүйцээ. Иргэдэд тайлбарлахдаа юу ч гэсэн яадаг юм. Манайхан идэх хоолтой л бол элдэв зүйл нэхэж мэддэггүй хүмүүс. Ийм маягаар өршөөл үзүүлж бас болно шүү дээ. Тэр мөнгө нь алга болохгүй. Төр эргүүлээд төлчихнө. Хэзээ миний оффшор дансан дахь мөнгө илрэх бол гэж өдрийн бодол шөнийн зүүд болж сууснаас л дээр, нөгөө хүмүүст.  

Үргэлжлэлийг энд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • off / 2016 09 сар 26/

    arga barjee dee ter munguu nuusan garuud chin mongol tsustai hvn bhgvi de bvgd holitstoi 26 jil turiig gazriig hvniig idsen uls mungu ugch haragdaach ter munguu uguhgvi ee shuud buud uur arga mongold oldohgvi

    Хариулах
  • Зочин / 2016 09 сар 26/

    баярцогтыг өршөөлд хамруулаад УИХ-д сэлэнгээс нэрийг нь дэвшүүлсэн биз дээ

    Хариулах