Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 10 сар 04

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ, Т.БАТСАЙХАН
Нийгэмд ёс суртахуунтай холбоотой асуудал хурцаар яригдах цаг болсон талаар бид хөндөж байгаа.Сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүдээс хүний ёс суртахуун хэрхэн доройтож, нийгэмд ямар бусармагзүйл бий болж буйг харж болохоор байна. Бид энэ талаар хуульч О.Алтангэрэл, “Гэр бүл” сургалтын төвийн багш Ц.Түвшинтөгс нарын байр суурийг хүргэж байна.
О.Алтангэрэл: БОЛОВСРОЛЫН СИСТЕМ ХҮНИЙГ “ХҮН” БОЛГОХОД ЧИГЛЭХ ЁСТОЙ
-Сүүлийн хэдхэн сарын хугацаанд нийгмийгцочроосон гэмт хэрэг дараалан гарах боллоо. Хуульчхүний хувьд та нийгмийн уур амьсгал хэрхэнөөрчлөгдөж, тогтворгүй байгааг хамгийн түрүүндажиглаж байгаа байх. Энэ талаар таны байр суурь?
-Гэмт хэрэг аль ч цаг үед гарч байдаг. Харьцангуй тайван байсан социализмын үед ч санаанд оромгүй, олныг хирдхийлгэсэн гэмт хэргүүд үйлдэгдэж л байсан. Өнөө үед мэдээлэл асар хурдтай тархдаг, тархахдаа маш өргөн хүрээг хамардаг байдал жигшүүрт гэмт хэргийн гаралтын давтамж их байгаа мэт харагдуулж болох талтай. Ерөнхийдөө бол гэмт хэргийн статистик сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй байгаа.
-Ер нь гэмт хэрэг гаралтын тоо эрс нэмэгдэж, үйлдлүүд нь дэндүү харгис болж байгаагийн шалтгаан юундбайна гэж харж байна вэ?
-Амьдрал дунд, өдөр тутамд хууль зүйн туслалцаа хүссэн олон хүнтэй уулзаж, ажиглаж явдаг хүний хувьд гэмт хэргийн тоо нэмэгдэж, үйлдэл нь харгис болж байгааг монгол хүн амин чанараа гээж байгаатай холбоотой гэж итгэж явдаг. Эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал доройтож байгаа нь хулгай, залилан, булаалт, дээрмийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ “даанч дээ, монгол хүн байж” гэх халаглал улам цөөрч байгааг та анзаардаг уу. Язгуураасаа ахас ихсээ хүндэтгэдэг, ядарсныг өмөөрдөг, хулгай дээрмийг хар үйл гэж жигшдэг монгол хүний амин чанар хаана байна өнөөдөр. Холч ухаантай, өрх гэрээ авч явдаг байсан монгол эрчүүд өнөөдөр архи ууж, агсам тавьж, хүүхдээ хазаж, эхнэрээ зодож, бусдыг хүчирхийлж байна. Тэгэхээр энэ асуудлыг эдийн засгийн талаас нь харж дүгнэх гээд байдаг барууны хандлагаар биш, “хүн” байхын учрыг өөртөө шингээсэн монгол ухаанаар харвал бид монгол хүний амин чанараа алдсанаас үүдэлтэй гэж бодож байна.
-Нөгөө талаасаа гарч байгаа гэмт хэргүүдийг харвал нийгэм тэр аяараа ёс суртахуун гэдэг зүйлээ уландаагишгэж гэж дүгнэх хүн ч байна. Энэ тухайд?
-Бидний уламжлал, ёс заншил алдагдаж байна. Хараа хяналтгүй харийн соёл нэвтэрсэн, мөнгө хамгийн том үнэт зүйл болж хувирсан, нэгнээ үл хүндэтгэсэн, төр эзэнгүйдсэн, хүчгүйдсэн энэ цаг үеийн шууд тусгал. Дээрээс нь боловсролын системийн доройтол. Боловсролын систем бол хүнийг “хүн” болгоход чиглэгдэх ёстойгоос бус сайн тоо бодож, англиар ярьж сургахад чиглэх ёсгүй. Өнөөдөр энэ чиглэлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн ямар байгааг захын хүн хэлэх байх.
-Энэ бүхэн манайд хууль тэр дундаа чанга хууль хэрэгтэй гэдгийг харуулаад байх шиг. Үнэхээр манайдзохих хууль, эрх зүйн зохицуулалт дутагдаад байна уу?
-Хуулийг чангалах хэрэгтэй гэдэгтэй би санал нийлдэггүй. Олуулаа нийлж дарвисан залуус зодоон хийгээд хэдэн жилээр шоронд явж байхад хүн хутгалсан даргын хүүхэд тэнсэн ч үгүй салж байхад хэн хуульд итгэх вэ. Тэгэхлээр хууль чанга сулдаа биш, тэгш, шударгаар үйлчлэх ёстой гэж итгэж явдаг. Тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг ихэсгэлээ, чанга болголоо гээд тэр нь огт үйлчилдэггүй хэсэг байхад бид шударга ёсны талаар яриад ч хэрэггүй.
-Өмнөх парламент эрх зүйн шинэчлэлийн хүрээнд таван багц хуулийг хэрэгжүүлэхээр баталсны нэг нь Гэрбүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байсан шүү дээ?
-Гэр бүлийн хүчирхийлэл бол нийгэмд байгаа хүчирхийллийн төрлийн олон гэмт хэргийн зөвхөн нэг нь шүү дээ. Төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд, хэвлэл мэдээллийнхэн зэрэг олон хүн анхаарлаа хандуулдаг учраас илүү их яригдаад байх шиг байна. Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг хойшлуулаад дахин өргөн барилаа гэж ойлгосон. Гэхдээ зөвхөн энэ хуулийг тойрч яриад, дахин өргөн барихаар нь тайвшраад байгаа энэ байдал Эрүүгийн шинэ хуулийг хойшлуулсан явдлаас олны анхаарлыг холдуулаад байгаа мэт харагдсан. Хамгийн гол шинэтгэл бол Эрүүгийн хууль тойрч хийгдэх байсан.
Ц.Түвшинтөгс: ЭРХ ЗҮЙТ ТӨРӨӨ ЁС ЗҮЙТ ТӨР БОЛГОХ ЦАГ
-Сүүлийн үед сэтгэл сэрхийлгэм гэмт хэрэг гарахболлоо. Долоон настай хүүг боомилсон хэргийндуулиан намжаагүй байна. Энэ асуудалд иргэдийн ёссуртахууны асуудал яригдах нь зөв байх. Тийм үү?
-Тийм шүү. Энэ дэлхий дээр нэг хэсэг нь хуулиа барьж байна. Нөгөө хэсэг нь ёс журмаа дагадаг. Дорно зүгийн орнууд хатуу ёс жаягтай. Түүнийгээ хуулиас дээгүүр тавьдаг. Тухайлбал Хятад, Япон, Солонгос, Монгол зэрэг орон ёс суртахуунаа эрхэмлэдэг. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд ёс суртахууны асуудал үгүй боллоо. Түүнээс болж иргэний төлөвшил, ёс зүй эвдэрч эхэллээ. Ёс суртахуунгүй иргэнтэй нийгэмд ямар асуудал үүсэх нь тодорхой. Тиймээс эрх зүйт төрөө ёс зүйт төр болгох цаг болсон. Хүний амьдралд хуулиас өмнө яригдах зүйл нь ёс суртахуун юм. Түүнийгээ анзаарахгүй явсаар хүний ёс суртахуун, гэр бүлийн ёс зүй ч алдагдаж байна. Эцэг хүн эцэг биш, эхнэр нь эхнэр биш боллоо. Гэр бүлээ яаж хайрлах, яаж авч явах талаарх ёс үгүй болсны л жишээ энэ хэрэг болж байна. Төр засаг маань нийгэмдээ эдийн засаг, эрхзүйн чухал арга хэмжээ авч болно. Гэхдээ хамгийн гол нь хүний ёс суртахууны талаар, иргэдээ хүмүүжүүлэх талаар ажил хийгээсэй гэж бодож байна.
-Монгол гэр бүлийн онцлог, ёс суртахуун ямар байсан бэ. Хэзээнээс алдагдчихав?
-Монголд цэцэрлэг, коллеж, сургууль байхгүй байсан үед хүнийг хүн болгодог ганц зүйл нь гэр бүл байсан. Аав ээж нь үр хүүхдэдээ багш байсан. Гэтэл 20 гаруй жилийн өмнөөс үүнийг орхигдуулсан. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт даатгаад орхичихож байна. Энэ буруу юм. Аав ээж нь үлгэр дууриаллаараа үр хүүхдээ өсгөх ёстой. Гэтэл одоо яаж байна. Үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэнэ, муудна, архи ууж, тамхи татна гээд бүх л болохгүй бүтэхгүй зүйлийг үзүүлж байна. Уг нь бол нийгмийн хөгжил тэр аяараа гэр бүлтэй холбоотой юм. Тийм ч учраас дэлхийн ихэнх орон Гэр бүлийн хөгжлийн яамтай байна. Тэнд гэр бүл гэдэг зүйл ямар чухал гэдгийг мэдэрсэн байна. Гэтэл манайд тэр нь алга даа.
-Хүнээс гарч боломгүй бусармаг үйлдэл эмэгтэй хүн сэдсэнийг бид харж байна. Ер нь монгол эмэгтэй,эхнэр хүн ямар байх ёстой юм бэ?
-Бид одоогийн эмэгтэйчүүдийг хуучин цагийн эмэгтэйчүүд шиг бай гэж хэлж чадахгүй. Нийгэмд сайн нь саараасаа олон байна. Монгол эмэгтэй хүн хэний ч сэтгэлд нийцэх, хатуу ширүүн үг хэлэхийг тэвчдэг, юм бүхэнд эв зүйг эрхэмлэдэг, хүнийг их бага гэж ялгахгүй, тэднээс үг сонсохыг хичээдэг, ахлах захлах ёс горимыг барьдаг. Мөн санаа сэтгэл шулуун, нэг барьсан чигээ хэзээ ч алддаггүй, эрдэм боловсрол эзэмшээгүй ч амьдралын ухаан, харилцахуйн ёсыг сайн мэддэг юм шүү дээ.
-Гэр бүлийн гадуур харилцааг зарим хүмүүс хэвийн үзэгдэл мэтээр хүлээн авдаг болжээ. Энэ тал дээр таюу хэлэх вэ?
-Энэ бол гэр бүлд хамгийн их ан цав үүсгэдэг зүйл. Залуус хайр сэтгэлээрээ холбогдон гэр бүл болж байна. Харин өөр нэг харилцаа үүсэхээр сэтгэл нь хоёрдож эхэлнэ. Тийм болохоор залуу хүн гэр бүл болох гэж байгаа бол ханиа сонго, хэд дахин сонго. Тэгээд шийд. Шийдсэн л бол ухрах газар байхгүй. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь гэр бүлийн амьдралыг сэтгэлээр биш оюун ухаанаар авч явдаг юм шүү дээ. Сэтгэл нь урдаа яваад ухаан нь ардаа байвал хүний сэтгэл амьдралыг хаашаа ч авч явж болдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.