“Одоо би бүх амьдралаа охиныхоо төлөө л зориулна. Охин маань сайн хүн болж өсвөл миний амьдралын зорилго биелж байгаа нь тэр” хэмээн 31 настай Ц өгүүлэв.

Тэрбээр Монголд цөөнгүй байдаг өрх толгойлсон аавуудын нэг. Хоёр жилийн өмнө эхнэрээсээ салснаас хойш тэр есөн настай охиноо харж хандах том үүрэгтэй хоцорчээ. “Өөр хүнтэй суух талаар хааяа боддог л юм. Гэхдээ охин яаж хүлээж авахыг мэдэхгүй болохоор шийдвэр гаргаж чадахгүй байна” хэмээн тэрээр нэмж өгүүлсэн.

Өрх толгойлсон эрчүүдэд зориулсан төсөл хөтөлбөр гэж Та сонссон уу

Мэдээж ганц бие эр хүн шилжилтийн насандаа дөхөж яваа охиноо өсгөж хүмүүжүүлэх нь амаргүй. Гэхдээ тэтгэвэрт суусан ээж нь хамт амьдарч, хоол хийж, гэр цэвэрлэх, охины хичээлийг давтуулах гээд хамаг ажлыг нь нугалдаг. Тиймдээ ч амьдралын нугачаанд сөхөрч уналгүй явсаар өдийг хүрчээ.

Харин эцэг, эх нь туслах боломжгүй, бор зүрхээрээ зүтгэж буй өрх толгойлсон аавууд хэрхэн амьдардаг бол. Мэдээж янз бүрийн л дүр төрх харагдах байх. Гэхдээ дийлэнх нь зутруухан яваа гэдгийг таамаглахад хэцүү биш. Хорвоог хамт туулж, амьдралын хатуу хөтүүг хамтдаа үүрэлцэх ёстой атал бүх асуудалд ганцаар үүрэг хүлээж, үүрнэ гэдэг амар даваа биш.

Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болоод буй. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 10 жилд гэрлэлтийн тоо хоёр дахин буурсан атал салалт төдий тоогоор нэмэгдсэн сонин дүн бий. Тухайлбал, 2006 онд 16 мянган хос гэрлэлтээ батлуулсан бол 2015 онд энэ тоо найман мянга болж буурчээ. Харин одоогоос арван жилийн өмнө 1064 хос албан ёсоор салж байж. Гэтэл 2015 онд гэр сүл салалт 2215 болсон үзүүлэлттэй. Ийм нэг утгагүй урвуу хамаарал нэмэгдсээр байгааг хүн бүр ярьдаг ч нөхцөл байдал хэвээрээ төдийгүй улам бүр дордох боллоо.

Гэр бүл салалтаас хамгийн их хохирч үлддэг нь хүүхэд. Тэдний хувьд элэг бүтэн гэр бүлийн аз жаргалыг дахин амсаж чадахгүй. Хүүхдээ өөр дээрээ авч үлдсэн нь Ц-гийн нэгэн адил амьдралаа болгох гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэнэ.

Тоо баримт, статистикаас харвал гэр бүл салахад хүүхэд ихэвчлэн ээж дээрээ үлддэг. Өдгөө Монголд 80 мянга гаруй өрх толгойлсон эхчүүд бий. Нийт өрхийн 10 орчим хувь гэж бодохоор бас л их байгаа биз. Гэхдээ тэдэнд зориулсан тусламж, хандив, сургалт, тэднийг дэмжих элдэв хөтөлбөр цөөнгүй. Бүгдэд нь хүрч чадаагүй ч тодорхой хэсэгт нь нэмэр болсон байж таарна. Хамгийн гол нь олны анхаарлыг энэ зүгт хандуулж, тэдний зовлон, бэрхшээлийг хүмүүс ойлгож, дэмждэг болсон.

Харин өрх толгойлсон эрчүүдийн хувьд байдал өөр. Тэдний талаар нарийн судалгаа ч алга. Тэдэнд зориулсан төсөл хөтөлбөр, хандив тусламж гэж Та сонсоогүй байх. Учир нь ийм арга хэмжээ огт болдоггүй юм. Анхаарлын гадна орхигдсон аавуудын арми жилээс жилд өргөжин тэлсээр байна. Монголд өрх толгойлсон эрэгтэй найман мянга орчим байдаг гэсэн ерөнхий тоо бий. Сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдээд ийм болсон гэнэ. Гэхдээ тэд хандив тусламж шаардаж, эрхийнхээ төлөө тэмцэж, өөрсдийг нь харж үзсэнгүй гэж гомдоллосонгүй. Эрчүүдийн нэрэлхүү, хэнэггүй зан үүнд нөлөөлдөг биз ээ.

Амбий, Бооёо хоёрын тоглосон нэг хошин шог байдаг даа. “Энд тэндгүй эмэгтэйчүүдийн байгууллага, эмнэлэг байна. Харин эрчүүдэд зориулсан газар нэг ч байдаггүй. Ганц байгаа нь эрүүлжүүлэх” гээд л. Бага зэрэг хэтрүүлэгтэй л болохоос үнэн үг. Эрчүүдийн талаар дуугарч, ам нээдэг газар хуруу дарам цөөн байхад өрх толгойлсон аавуудад анхаарлаа хандуулах хүн олдохгүй нь тодорхой. Уг нь бид жендерийн тэгш эрх гэж их ярьдаг улс. Харин өрх толгойлсон эрчүүдийн асуудалд жендер гэдэг үг орхигдоод байх шиг.

Ер нь өрх толгойлсон аавуудад ямар бэрхшээл тулгардаг бол? Тэдний талаар олон нийт хэр мэдээлэлтэй байдаг вэ? Энэ талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн ийн ярив.

“Өрх толгойлсон аавуудын талаар дэлгэрэнгүй судалгаа байдаггүй. Эрэгтэйчүүд өөрсдөө иймэрхүү судалгаанд оролцоод байх дуртай биш. Бидний асуудал ийм байна гэж ярьдаг хүн ч цөөхөн. Судалгааны гол объект болсон эрчүүд өөрсдөө дургүй, тэднийг заавал судлах шаардлага байна гэж ярьдаг хүн бараг үгүй болохоор анхаарлын гадна орхигдоод байна гэсэн үг. Эрэгтэй хүн нийгмийн талаасаа, байгалийн шинж чанараасаа ч тэр бүхнийг авч явж, бүхнийг хийх ёстой гэсэн ойлголттой байдаг. Өөрт тулгарч буй бэрхшээл, зовлонгоо бусдад ил харуулах дургүй. Тэр ч утгаараа бусдаас илүү их үүрэг, хариуцлага хүлээдэг.

Өрх толгойлсон аавуудын хувьд хүүхэдтэйгээ харилцахад хамгийн том асуудал гарч ирдэг. Ганц бие аавууд ихэвчлэн хүүхдээ бага насанд нь аав ээж, эмээ өвөөгөөрөө харуулчихна. Бидний хэлдгээр “хүүхэдтэйгээ зууралддаг” аав цөөхөн. Тэгээд өсвөр насанд хүрэхээр нь гэнэт аавтайгаа ойлголцохгүй байх асуудал үүснэ. Бас ганц бие аав гэдэг утгаараа эрсдэлт үйлдэл их хийнэ. Ямар нэг зүйлд донтох, хэт их хэрэглэх хандлагатай болдог. Нэг ёсондоо өөрийгөө эрүүл байдлаар явч явж чадахгүйд хүрэх нь бий. Энэ нь эргээд хүүхдэд нөлөөлөх сөрөг талтай”.

Түүний хэлсэнчлэн аавууд элдэв бэрхшээл тоочиж, гомдоллоод байдаггүй. Үүний оронд өөрт тулгарсан асуудлаа өөрийн толгойгоор шийдэх гэж зүтгэнэ. Тэдэн дунд Ц шиг боломжийн амьдарч, хүүхдээ бусдаас дутахааргүй өсгөж байгаа аавууд олон. Харин амьдралын хүндэд сөхөрч, бор дарстай нөхөрлөж, хүүхдээ эцэг, эхийн хайраар дутааж байгаа нь хэд бол. Монголд судалгааны асуудал хөсөр хаягдсан болохоор энэ талын нарийн мэдээлэл бас л алга.

Өрх толгойлсон аавуудын бүхэл бүтэн арми бий болжээ

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол аливаа асуудалд бүдүүн баараг ханддаг. Хүүхдийнхээ хэнтэй найзалж нөхөрлөдөг, хичээл сурлага нь хэр байгаа, ангийнхаа хүүхдүүдтэй ямархуу харилцаатай байдаг, өмнө нь ямар бэрхшээл тулгардаг гэх мэт нарийн асуудлыг барагтай л бол мэдэхгүй. Энэ нь яван явсаар хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Ядаж л бүтэхгүй хүүхдүүдтэй нөхөрлөнө, өмнөө тулгарсан асуудлыг шийдэж чадахгүй бухимдана. Их бухимдахаараа зан авирт нь ноцтой өөрчлөлт гарч, хэрцгий авирлаж эхэлнэ. Энэ бүхнийг эх хүний зөөлөн сэтгэл дэвтээж, зөв тийш нь залуурдах учиртай. Гэвч амьдралын нэг тулгуур багана болсон эх нь хол болохоор яалтай ч билээ. Мэдээж аавтайгаа амьдарсан хүүхэд болгон буруу замд ороод байдаггүй. Гэхдээ ийм эрсдэл бий гэдгийг сэтгэл судлалын мэргэжилтнүүд анхаарж байна.

Энэ нийтлэлийг бичихдээ өрх толгойлсон аавуудад тусламж, хандив өгөөч хэмээн шаардахыг хүссэнгүй. Харин нийгэмд ийм хүмүүсийн бүхэл бүтэн арми байдаг юм шүү, тэдэнд бага ч болов анхаарлаа хандуулаасай, өмнө нь тулгамдаж буй асуудлыг судалж, шийдвэрлэх ямар гарц байгаа талаар дорвитойхон ажил хийгээсэй гэж хүсэж байна. Тэгэхгүй бол эрчүүд өөрсдөө дуугарч, асуудлаа гаргаж тавихгүй. Учир нь, ийн гомдоллох нь тэдний хувьд тун ичгүүртэй зүйл юм.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ