С.Зоригийг хөнөөсөн хэрэг удахгүй шүүхэд шилжинэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 10 сар 26 ・ 1

Улсын Ерөнхий прокурорын газраас "Прокурорын байгууллагын 2016 оны эхний 9 сарын байдлаар хийсэн ажил"-ын талаар хэвлэлийн хурал зарлаж, Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл хийлээ.

Прокурорын байгууллага энэ  оны гуравдугаар улирлын байдлаар Анхан шатны шүүхээр 4284, Давж заалдах шатны шүүхээр 1005, Хяналтын шатны шүүхээр 205 хэргийг хянан хэлэлцэж, 3448 хэргийн 5064 хүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулж, 21 шүүгдэгчид холбогдох 17 хэргийг бүхэлд нь цагаатгаж, 901 хэргийг шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Шүүхээс 5064 хүнд эрүүгийн ял шийтгэл оногдуулснаас 2948 хүнд хорих ял, 2116 хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ. Анхан шатны шүүхийн тогтоол, захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч, дээд шатны прокурор 304, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч 3, нийт 307 эсэргүүцэл давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлцэгдсэнээс 204 эсэргүүцэл буюу 66 хувь биелжээ. 2016 онд Гадаад улсад хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан 1, Казакстан улсаас 1 ялтанг шилжүүлэн аваад байгаа аж. Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс 2016 онд 3 иргэн эх орондоо ял эдлэх хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн байна.

Эдгээр иргэдийн хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжлан, хүсэлтийн материалыг бүрдүүлж ирүүлэхээр даалгасан байна. Гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын 3 иргэнийг БНСУ, Малайз, БНХАУ-аас шилжүүлэн авахаар хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжлаад байна. Бүгд Найрамдах Солонгос Улсаас шүүхээр хорих ял шийтгэгдэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг шилжүүлэн авах талаархи хүсэлтийн дагуу 1 иргэнийг БНСУ-ын талд шилжүүлэн өгчээ.

Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулахаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт АТГ-т хандсан. Прокурорын байгууллагаас хэргийн дугаар өгсөн үү?
-"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбогдох асуудлыг АТГ-аас судалж байгаа. Одоогоор гомдол мэдүүлгийн төвшинд шалгалтын ажиллагаа явж байна.

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг нь сэжигтнээр татаж шалгасан. Мөн Э.Бат-Үүлийг шалгаж байгаа. Хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн үү?
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжинэ.

-Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорьсон. Энэ хэрэгт нийтдээ хэдэн хүнийг шалгаж байна вэ?
-Хөгжлийн банктай холбоотой хэргээр 4-5 хүнийг шалгаж байна. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Н.Мөнхбатыг 10 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьсон.

-Монголын төмөр замтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү? Х.Баттулга, А.Гансүх нарын гэм буруугүйг тогтоосон уу?
-Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Мөн Солонгосын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон.

Ж.Батсайхан Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зААМАР / 2016 10 сар 26/

    ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН БОЛОХ ГЭЖ БИТГИЙ Л ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БОЛОЧИХООСОЙ.

    Хариулах