ПОПУЛИЗМИЙГ ДЭЛГЭРҮҮЛСЭН ГУРВАН ШАЛТГААН

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 10 ・ 1

Популизм дэлгэрч байгааг учир мэдэх нэгэн эрхэм доорх гурван үндсэн шалтгаантай холбон тайлбарлаж буйг сонсов.

Эхний тайлбар нь өнөөгийн нийгэмд хувь хүн бодсон санаснаа шууд хэлж болохоо байсан аж. Ухаан нь хар арьстай хүнийг хар гэхээр арьс өнгөөр ялгаварласан болно. Эмэгтэй хүнийг эмэгтэй гэхээр жендерийн асуудалд орно. Хүнийг магтахаар палдигдсан болно. Хүн шүүмжлэхээр атаархсан болно.

Иймээс дотроо бодож явдаг хэдий ч нийгэмд, найздаа, хайртдаа шууд илэрхийлж хэлж чадахгүй үгсээ хэлүүлэхийн тулд Трамп, Жириновский, Ганбаатар гэх зэрэг хүмүүсийг дэлхий даяар сонгоод буй аж.

 "Хүний хувийн оронд зайд хамаг хог шаар нь нуугдаж байдаг" хэмээн нэгэн рэмбүүчи хэлсэн байдаг юм билээ. Удаах шалтгаан нь хүн уйдамтгай ажээ. Бат-Эрдэнэ, Балжинням аваргууд олон жил дарааллан үзүүр, түрүүнд үлддэг байхад үзэгч түмэн "шинэ шөл" ууж, "нялх ногоо" харахыг ямар их хүсэж байлаа. Өөр хүн түрүүлэхэд ямар их баярлаж байсан билээ. Ээлжлэн засаглаж буй МАНАН-ийн ажлын үр дүр, сонгуулийн амлалтаас гадна уйдамтгай ард түмэн бид мөн гэдгийг УИХ-н танхимын талыг нь бүрдүүлж буй цоо шинэ гишүүдээс харж болно.

 Гутгаар шалтгаан нь эрх тэгш нийгэм, тэгш эрхийн хувьсгал, баялаг, орлогын шударга хуваарилалт гэдэг үгс дэлхий даяар өмнө байгаагүй ихээр яригдаж эхэллээ. Эдийн засгийн ерөнхий систем, үндэстэн дамнасан том төслүүд асуудалд орж эхлээд, нэг улс, нэг дарга дангаараа шийдэхэд улам бүр хүнд болсоор л байна. Иймээс энэ чадахгүй байгаа бол тэр чадна гээд орилоод байгаа нөхрийг сонгоод үзье дээ гэж сонгогч түмэн боддог болсон гэнэ. "Хүн мэдэхгүй юмныхаа дайсан" гэж энэ байх.  

Популизмийг дэлгэрүүлсэн шалтгаан болсон гэх эдгээр сонирхолтой тайлбартай  та бүхэн санал нийлж буй биз ээ.

Эндээс бидний ярих, мөрөөдөх дуртай АМЕРИК МӨРӨӨДӨЛ гэж юу ч үгүй хүн юм юмтай болохоос гадна юмтай хүн бас л бүх юмтай болохыг хэлж томъёолж болохоор санагдана. Товчхондоо, баялаг, орлогын тэгш бас шударга хуваарилалтаас гадна боломжийн шударга хуваарилалт гэж юм байдаг бололтой.

В.Ганзориг

zuv.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: