
Гэмтлийн эмнэлэг дэх бяцхан хүүхдүүдийн уйлах чимээ сэтгэлээс огт гарахгүй. Хорвоо дэлхий дээр хөл тэнцэн алхах гэж ядаж яваа тэр бяцхан амьтад хамгийн муухай өвдөлтийг өөдөсхөн биеэрээ мэдрэхийн эрхэнд тэнхээ мэдэн чарлаж буйд тэдний эцэг эх л үнэндээ буруутай байдаг. Хорвоо дээр хамгаас илүү хайрладаг үр хүүхдээ хайхрамж болгоомжгүйн гайгаар зовоон тарчлаахад хүрснээ тэд зөвхөн эмнэлэгт ирсэн хойноо л ухаарах ёстой гэж үү.
Нийслэл хот 1.4 сая хүн амтай, 180 мянган айл өрхтэй. Гэхдээ энэ тоо бол төвийн зургаан дүүргийн гэр хороололд амьдардаг айл өрх юм. Эдгээр айл өрх бүгд цахилгаан тогоо, ус буцалгагч, плитка, угаалгын машинтай. Гэхдээ ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэгдэн ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийнх байдгийг эмч Э.Галбадрах хэллээ.

Бага насны хүүхдүүд ийм төрлийн осол гэмтэлд их өртөж байгаа учраас бид хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагын холбогдох мэргэжилтэй уулзаж энэ талаар ямар бодлого хэрэгжүүлж байгааг сонирхсон юм. “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын Хүүхдийн оролцоо, иргэний нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Аззаяатай уулзахад “Эцэг эхийн хайхрамжгүй, санамсаргүй үйлдлээс шалтгаалсан хүүхдийн ахуйн ослыг бууруулах талаар манайхаас багагүй ажил хийж байна. Эцэг эхчүүдэд хандсан таван төрлийн санамж, зөвлөмж гарган хүргэсэн. Мөн гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг тусгасан “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс эрх зүйн сургалт, мэдээлэл өгч байна. Хамгийн чухал зүйл бол аав ээжүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, анхаарал хайхрамжийг сайжруулах гэсэн гол чиг баримжааг баримлан ажилладаг. Мөн Үндэсний телевиз болон Гэр бүлийн радиотай хамтран цуврал нэвтрүүлэг, мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Тэрнээс биш манай агентлаг айл бүрийн хаалгыг тогшоод та хүүхдээ хэрхэн асарч байна, таны хүүхэд түлэгдсэн үү гээд асуугаад явдаг газар биш. Манай зүгээс бодлогоо зөв тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэх нь чухал” гэсэн албан тайлбар өглөө.

Өрхийн хэрэгцээний хамгийн чухал хэрэгцээ болсон атлаа хүүхдэд багачуудад "дайн" зарлаад байгаа мөнөөх халуун тогооны талаар мэргэжлийн байгууллагад хандаж, хил гаалиар оруулж ирдэг цахилгаан бараанд хяналт тавьж, стандарт журмын дагуу зах зээлд нийлүүлдэг эсэхийг тодрууллаа. Энэ хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт очтол “Наадах чинь нэгдүгээрт ахуйн осол. Хоёрдугаарт цахилгаан тогоотой холбоотой мөрддөг стандарт байдаггүй учраас шалгах, хянах шаардлага байдаггүй” гэх хариултыг хэвлэлийн ажилтан Д.Дариймаа өглөө.
Тэндээс МХЕГ-тай устаар холбогдож мөнөөх асуудлаа тодруултал дээрхтэй адил хариулт өгсөн. Ерөнхий газраас өгсөн нэг сонирхолтой хариулт нь “Бид хүмүүсийн хэрэгцээг хязгаарлаж чадахгүй. Хаанахын ямар тогтоогоо хэрэглэх нь тэр иргэдийн эрхийн асуудал. Гэвч нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөө нь их байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Шадар сайдын ажлын албатай хамтран боловсруулаад байна. Үүнийг батлуулчих юм бол нийгэмд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа энэ асуудлыг анхаарч болох байх” гэсэн хариу юм.
Мэргэжлийн хяналтынхны "Халуун тогооны стандарт байдаггүй" гэсэн хариултыг тодруулахаар Стандартчилал хэмжил зүйн үндэсний газрыг зорилоо. СХЗҮГ-ын мэргэжилтэн Я.Энхжаргал “Манайд яг энэ төрлийн стандарт байдаггүй юм. Өнгөрсөн жил яг энэ асуудлаар бас нэг хүн хандсан” гэлээ. Уг нь энэ байгууллагаас нааштай хариу сонсоно гэж бодсоноо нуугаад яахав. Байхгүй, тодорхойгүй гэсэн хариултын цаана нэг аятайхан үг сонсогдсон нь “Үүнийг шийдэх нэг арга зам бий. Иргэн эсвэл албан байгууллагын зүгээс халуун тогооны нэгдсэн стандарттай болгоё гэсэн хүсэлтээ илэрхийлбэл манай байгууллага хэлэлцээд шийдвэрлэж болно” гэлээ.

“Хүүхэд хоол цайны амтлагч биш” гэх үгийг уулзсан иргэн бүр хэлж байна. Тэд зүгээр ч нэг хэлсэнгүй. “Үнэхээр харамсалтай байна. Хүүхдээ шалзалж байгаа аав ээжид хуулийн хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Энэ бол гэмт хэрэг” гэж үзэх нэгэн ч байна. "Бага насны хүүхэд орон гэртээ ийм осолд өртөнө гэдэг бол нэгдүгээрт эцэг эхийн буруу. Хоёрдугаарт хэт орчин үежсэний нөлөө. Гал зуухаа мартаж, гар амар суух гэж байгаа энэ нийгмийн буруу” хэмээн Баянзүрх дүүргийн 12-р хорооны өндөр настан Д.Баасандалай гуай ихэд ширүүхэн өгүүлж байна. Тэрээр өдгөө 65 настай, хүү охин нийлсэн зургаан хүүхдийн 13 ач, зээгээ өсгөж яваа буурай юм.Тэрээр “Цаг хатуу байж, одооных шиг юм бүхэн элбэг хангалуун байсангүй. Гэвч залхуурч, гэрийн мухарт унтаж байгаад хүүхдээ шалзалж байсангүй. Нөхөр цэрэгт явчихсан би гурван нялх хүүхэдтэй хоцорсон. Орой өглөөний их ажлын хажуугаар хүүхэд өсгөх чинь тийм ч амар байгаагүй юм. Арай томыг нь орны хөлнөөс, дундахыг нь баганаас, удаахийг нь унтуулчихаад гардаг байсан. Ажлаа дуусгаад ороод ирэхээр том ах нь хамгийн бага дүүгээ өөрийнхөө уяагаар уячихаад тэврээд унтсан байдаг байж билээ. Уячих нь хэн хэндээ амар байдагсан” хэмээн ярилаа.
Иргэдийн ихээр үйлчлүүлдэг “Нарантуул” худалдааны зах болон гэр хороололд байрлах цахилгаан бараа засварын төвүүдээр орж үзлээ. Халдвартын буудлын ойролцоох “Хангарьд” засварын төвд тень, сэнс, телевизор зэрэг цахилгаан бараагаа засуулахаар гурван иргэн байна. Засварын газрын эзэн болон үйлчлүүлэгчдээс дээрх халуун тогоо, ус буцалгагч засуулдаг эсэх талаар тодруулахад иргэд “Халуун тогооны тень нь шатчихгүй бол бусад гэмтлийг нь аргалчихдаг юм. Заавал засварчин дээр очих шаардлага байхгүй л дээ” гэв. Засварын газрын эзний хувьд залгуур утас нь тасарсан гэмтэл л дийлэнхдээ ирдэг. Товчлуур болон залгуурын оролтыг нь иргэд өөрсдөө худалдаж аваад засчихдаг юм хэмээлээ.

Тогоог асааж унтраах, хэмнэлийг нь тохируулах үүрэг бүхий дөрвөн товч амархан шатдаг байна. Харин товч нэг бүрийн үнэ нь 1500 төгрөг. Залгуур утсыг тогоотой холбодог хэсгийн оролт нь 5000 төгрөгийн үнэтэй байх юм. Энэ мэт цахилгаан хэрэгсэл засварын гурван ч газраар ороход үйлчлүүлэгч цөөнтэй агаад цахилгаан тогоо засуулж буй хүн харагдсангүй. Залгуур утас нь тасарч, гэмтвэл монголчилох арга буюу гал, ноолийн утсыг шууд холбох зарчмаар залгаж хэрэглэдэг байна. Шууд залгасан учраас цахилгаан гүйдэл их зарцуулж, хоол цайг түргэн буцалгадаг аж. Монголчлоод ч нэмэр авагүй бол шууд л хог дээр хаяаад шинэ халуун тогоо худалдан авдаг байна.
Бид дараагийн сурвалжилгаараа халуун тогооны худалдаа эрхлэгч хувь иргэн, албан байгууллагуудтай уулзаж аль улсаас орж ирсэн цахилгаан барааг зах зээлд нийлүүлж, бага насны хүүхэдтэй “дайн” зарлаад байгаа тухай хөндөх болно.
Үргэлжлэл бий...
З.Хуяг
newscom.mn