Эрчүүдийг намнахын тулд эмэгтэйчүүдийг саатуулдаг ”МОДА”-ны захиалагч хэн бэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 18 ・ 6

Монгол Улсын түүхэнд хараар бичигдсэн цуст 1937 оны их хэлмэгдүүлэлт өдгөө дахин давтагдаж, олон хүний зүрх, зоригийг авч одох нь.

ДҮР эсгэсэн ардчилал дарангуйлалаас илүү хортой гэх суут үгний цаадах утга өнөөдөр Монгол Улсад биелэлээ олж эхэллээ. Үнэн үг хэлсэн, ажил хийсэн болгон нь буруудаж, эцэстээ хэн нэгэн эрх мэдэлтний овоо хараанд өртдөг явдал газар авчээ. Ийнхүү өгүүлэхийн учир нь сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал, намынхаа талаар хүчтэй шүүмжилж, дуугарах Н.Алтанхуягийг эрх мэдэлтэнүүд хэдийнэ “оролдож” эхлэв.

 

 

Н.Алтанхуягийг “намнах”-ын тулд ...

 

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахын тулд анх түүний ахлах зөвлөх Л.Гансүхийг буруутгаж, улсаас олон тэрбум төгрөг идсэн хэмээн цоллож, эцэст нь “аавын хаалга” татуулж дөнгөсөн. Л.Гансүх нарын Анхан шатны шүүх хурал дээр Н.Алтанхуяг “Энэ хэрэг цэвэр улс төрийн  зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг. Нам дамнасан хэдэн аюултай хүн байна. Зохион байгуулалттай. Би ард түмний төлөө ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртлөө. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн. Н.Алтанхуяг ба түүнийг тойрсон хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл энд явж байна. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй” хэмээж байсан билээ.

 

Тэгвэл өнөөдрийн өрнөж буй үйл явдал үнэндээ түүний бүтэн жилийн өмнө хэлээд байсан “Н.Алтанхуяг ба түүнийг тойрсон хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл энд явж байна” гэх үгийг нотлох шиг болж байна.

 

Тодруулбал Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг өчигдөр орой баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Одоогоор ямар шалтгаанаар хорьсон нь тодорхойгүй байгаа. Тэгвэл хоёр хоногийн өмнө Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг мөн л АТГ-аас баривчлан цагдан хорих 461 ангид саатуулсан билээ. Түүнчлэн Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг энэ сарын 5-нд хилээр гарах эрхийг нь хориглосон.

 

Энэ бүхэн нь үнэндээ ямар нэгэн улс төрийн зорилготой, Н.Алтанхуягийг намнах гэсэн бойкот гэдгийг ч хэлэх хүн олон байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж, хатуухан үгийг шулуухан хэлж орхисон билээ.

 

Ер нь сүүлийн үед хэн нэгэн улс төрчийг буулгаж авах, өөрсдийн хүсэл зорилгод нийцүүлэхийн тулд ар гэрийнхэн, албан туслах, ажил хэргийн нөхдийг нь барьж, тэднээр нь барьцаалдаг "аймшигт тогтолцоо" ноёрхолоо тогтоох гээд байх шиг айдас нийгэмд бий боллоо.

 

Л.Гансүх ял сонсож, Б.Мөнгөнтуяа цагаадав

 

“Нүүрс”-ний гэх хэрэгт буруутгагдсан Л.Гансүхийг “намнах”-ын тулд түүний эхнэрийн төрсөн дүү, жирийн нэгэн нягтлан бүсгүйг бүтэн зургаан сар хилсээр цагдан хорьсон. Харин тухайн үед Л.Гансүх ял сонссоноор “бай” болсон Б.Мөнгөнтуяагийн хэрэг хэрэгсэхгүй болж, цагаадсан билээ. Харин Б.Мөнгөнтуяа хилсээр цагдан хоригдсон хохирлоо барагдуулахаар төрийг шүүхэд өгч өнгөрсөн сард ялалт байгуулж, гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгосон.

 

Х.Баттулга: Эрчүүдийг нь "нухаж" чадахгүй болохоор хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд рүү нь орж байна

 

Энэ оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг “намнах”-ын тулд түүний туслах эмэгтэйг ч цагдан хорьсон. Тухайн үед Х.Баттулга "Тавантолгойг олон жилийн хугацаатай гадныханд зарах гэж байсан булхайг нь илчиллээ хэмээн миний эргэн тойрон дахь хүмүүсийг баривчилж, шалгаж байна. Анх эрчүүдийг нь хэрэгт тулган баривчилж байсан бол одоо эмэгтэйчүүд рүү дайрах боллоо. Нарийн бичгүүдээс юу гарах юм. "Эрчүүдийг нь "нухаж" чадахгүй болохоор хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд рүү нь орж байна" хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнийг ч олон нийт анхааралтай харж, үнэндээ л нарийн бичиг нараас юу гарах билээ, үнэхээр л шалгах гэж байгаа бол Х.Баттулгыг л барьж хориод шалгана биз дээ хэмээн цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлж байсан юм.
 

 

Д.Мөнх-Эрдэнийн өвчтэй эгчийг ороож, түүний “намнах”-ыг хичээв

 

Улс төрчдийг буулгаж авахын тулд ойр дотныхоноор нь оролддог явдал үүгээр зогсоогүй.  Намынхаа дүрмийн бус даргын асуудлыг шүүмжилсэн Д.Мөнх-Эрдэнийн өвчтэй эгчийг эмнэлэгт хэвтэж байхад нь эмнэлэг дээр нь очиж байцааж, улмаар авч явахыг завдсан гээд эрчүүдийнх нь зүрхийг үхүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг нь хэлмэгдүүлэн айлгадаг энэ жишиг монголд тогтлоо.

 

Өнгөрсөн зууны хэлмэгдүүлэлтээ сэрээж, өчигдөр энэ аргыг хэрэглэсэн хүмүүс, өнөөдөр маргааш таны ээжийг, эгчийг, дүүг, охиныг хайртай эмэгтэйг тань барьж хорин сэтгэл зүйн дайралт хийхийг хэн таашгүй. Дүр эсгэсэн эх орончдын хийж буй үйлдэл нь эмэгтэйчүүдийг айлган ичээж эрчүүдийг дарангуйлах болоод байна.

 

Тэгвэл өнөөдөр эх орон газар шороогоо гэрээ нэрийн доор худалдаж, зарж, идэж байгаа нөхдүүдэд ямар арга хэмжээ авав, хууль бусаар олсон мөнгөө оффшор дансанд хийж, хөрөнгөө нуун дарагдуулсан эрх мэдэлтэнүүдэд ямар хариуцлага хүлээлгэв. Тэд олсон олзоо оффшортоо нуугаад явж л байг уу. Лиценз нэрээр газар шороогоо зарсан авлигачдыг илчилж чадав уу гээд олон асуулт байна. Ард түмнийхээ эсрэг ажиллаж, эх орноо худалдсан, хээл хахууль авсан олондоо хариуцлага тооцож чадаагүй хэрнээ үнэнийг илчилж, хатуу үг хэлж, хийж бүтээсэн хүмүүсээ ийнхүү дарангуйлж, зүрх зоригийг нь үхүүлээд байвал манай улсад хэн хэлж, хэн хийх вэ. Үүнээс илүү ухралт, илүү эмгэнэл гэж байх уу. Ер нь эрчүүдийг намнахын тулд эмэгтэйчүүдийг саатуулдаг "МОДА"-ны захиалагч хэн бэ? гэдэг асуудлтын эзнийг олж эх орноо аврах цаг болсон бус уу.

 

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 21/

    ene arai l dendnee ta minee

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 20/

    Elbegdorj...

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 20/

    Төрөөсөө хулгай хийснийг улстөрийн зоилготой гэх үү,энгийн том хулгайн хэрэг гэх үү. 3 их наяд цаасан төгрөг хэвлээд бүгдийг нь доллар болгож хуссан гэж уншсан.зика төв банкд бсн золжаргалыг тэр үед бүтэхгүй гар,гэмт этгээд гэж хэвлэлээр ярихаар нь нөгөөх нь шангы нь өгсөн чинь зика амаа хамхисан гэ

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 19/

    Гол захиалагч нь Ээбий гэж гадуур хүмүүс яриад байгаа нь үнэний хувьтай байхаа

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 18/

    Элбэгдорж Миеэ хоер мөн

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 18/

    okay

    Хариулах